"...Залуу өсвөр үе нь манай рок хөгжмийг сонсож джинс өмсөхийг хүсэж эхлэнгүүт бид үзэл суртлын Хүйтэнд дайнд ялалт байгуулах болно оо..."

У. Черчилл

Сүүлийн 30 гаруй жилийн турш неолиберал ардчиллын шинэ баг өмссөн капитализм өөрийн жам ёсны төгсгөл рүүгээ ойртсоор байна. Доллар-фунт-еврогоор дамжуулан дэлхийн мөнгө-санхүүгийн системийг гартаа бүрэн оруулж бусад улс үндэстнүүдийг шулж цөлмөж байгаа барууны санхүүгийн олигархууд одоо бүр эцсийн эцэст АНУ, баруун Европтоо ч нийгмийн эмзэг хэсэг болох тэтгэврийнхэн болон бага дунд орлоготой хүмүүсийг дэмжиж байдаг багахан татваруудаа ч төлөхөөс зайлсхийх болсон нь өнөөгийн бодит байдал юм. Тэд гагцхүү өөрсдийн мөнгөний ашиг хонжоо, дэлхийд цөөн хэдхэн гэр бүлээрээ дангаар ноёрхох гэсэн ёроолгүй шунал, эрүүл бус тачаалаа "ардчиллын стандартууд, чөлөөт зах зээл, хүний эрх, даяарчлал" гэх башир аргуудаар халхавчлан дэлхийн улс үндэстнүүдийн нийгмийн дийлэнх олонхын зүй ёсны эрх ашгийн дээр гарган тавьчхаад байгаа билээ. Өнөөдөр АНУ ба Баруун Европоор “Европын хавар”-ын хий үзэгдэл тэнүүчилж тэндхийн шударга эх оронч судлаач эрдэмтэд нь санхүүгийн энэ зэрлэг капитализмыг эсэргүүцэн тэмцэж байгаа жирийн иргэддээ тэдний энэ "зээлийн тансаг" амьдрал нь хэрхэн яагаад сүйрч төгсгөлдөө ирж байгааг тайлбарлан өгсөөр байгаа...

Ард түмэн ямар байна, тийм л засгийн газартай байдаг гэдэг үг их тархсан байдаг. Гэвч энэ нь яг тийм биш юм аа. Учир нь ард түмнийг одоо газар сайгүй өдөр шөнөгүй явж байдаг хавтгай нэг л суртал ухуулгаар "ухаанаа алдтал нь согтоож" тэдний ойлголт төсөөлөл, бодол санаанд нь нэг тийм хуурамч бодол төсөөллийг бий болгох замаар толгойг нь эргүүлж хууран мэхэлж барьцаанд оруулсан байгаа. Ингэж гүнзгий төөрөгдөлд нэгэнт орсон ихэнх хүмүүс нь тэдний бодол санааг нь хэвлэл "мэдээлэл", "боловсрол"-оор дамжуулж далдаас сэмхээн залж удирдаад байхад үүнд нь улам бүр дасаж элдэв явуулганд нь бүүр хялбархан автдаг бөөн сүрэг болж хувирсан байгаа билээ. Хагас үнэнтэй хольсон худал ташаа мэдээллүүдийг зориуд тарааж олон түмнийг залилан мэхэлж нийгмийн уур амьсгал бодол санааг нь гадна талаас нь далдаас сэмхээн залж удирдаж байх нь өнөө үед нэгэн төрлийн үй олноор нь хөнөөдөг зэвсэг шиг болсон бөгөөд одоо дэлхийн ард түмнүүдийг дарлан мөлжиж байгаа жинхэнэ урхи занга болсон юм.

Энэхүү башир аргууд нь урьд өмнөх яг л хүчирхийлэл буу зэвсэг хэрэглэн хийдэг дайн тулааны уламжлалт аргууд шиг маш үр дүнтэй, хамгийн гол нь хямд найдвартай зэвсэг нь болсон байгаа. Олон тохиолдолд энэхүү нийгмийг залилан мэхлэх мөн дотоод ухамсар, бодол санааг нь сэмхэн далдаас удирдан залж байх мөн үүнийгээ ашиглаж хүмүүсээр өөрсдөөр нь хэрэгтэй алхмуудаа хийлгэж байх хоёр аргыг хослуулан хэрэглэж байгаа. Жишээлбэл, энэхүү хоёр аргаа одоо "ардчилсан" гэгч сонгуульд ялалт байгуулах мөн санхүүгийн энэ элитэд бууж өгч дагаар орохыг хүсэхгүй байгаа, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа улс орнууд, ард түмнүүдийг эзлэн авахдаа дотоодын урвагчдаар нь дотроос нь "дэлбэлж" хэрэглэж байгааг бид бүхэн харж байна.

Өнөө үед капитализмын үзэл санааг нийгмийн ухамсарт зориудаар сэм суулгаж одоо бүүр ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийнх нь бодол санаа гэж итгэж явдаг хоосон домгуудын түвшинд нэгэнт хүргэж авсан юм. Мөн нийгмийн олонхын санаа бодлыг хэрэгтэй чиглэлдээ "боловсруулах" олон арга, технологиудыг улам боловсронгуй болгож хүмүүсийн эсрэг байнга хэрэглэж байна. Хүн төрөлхтний түүхийн хэд хэдэн үеийн турш амнаас ам дамжин олон сая удаа давтагдсаар байгаа боловч зөвөөр ухаж ойлгоход нилээд төвөгтэй амьдралын тэр чин үнэн зүйлүүдтэй эдгээр хулхи аргуудаа зориудаар хольж далдалсан байдгийн "ачаар" олон хүмүүсийн хувьд эдгээр нь маргашгүй чин үнэнүүд мэт болсон байдаг! Чухамдаа эдгээр зориудаар худал хуурмаг залиудтай хольсон хагас үнэнгүүдийг ашиглаж ер нь ардчилал, чөлөөт зах зээл бол капитализм мөн, энэхүү нийгмийн тогтолцоо нь олон улс үндэстнүүдийн хүлээн зөвшөөрсөн, тэдний итгэл найдвар, дэмжлэгийг хүлээсэн мөн найдвартай тогтолцоо мөн гэж ойлгуулж ирсэн байна.

Одоо олон нийтийн хэвлэл "мэдээллийн" хэрэгслүүд, "боловсрол"-ын байгууллагууд, элдэв курс семинар, хурал зөвлөгөөнүүдүүдээр тарааж тулгаж байгаа эдгээр ташаа ойлголтууд нь ам дамжин ирсэн ярианууд, мухар сүсэгтэй холилдон эцэстээ энэ хоосон домгуудыг - үнэндээ бол гэнэн хоосон төөрөгдлүүдийг чин үнэн гэж нийгэм хүлээн авахад гол үүргийг гүйцэтгэж байна.

Ингээд хамгийн өргөн тархсан төөрөгдлүүдийг авч үзье.

Төөрөгдөл 1. "Капитализмын үед их сайн ажилласан хэнбугай ч баяжиж сайхан амьдарч болно" гэдэг хоосон домог ба гэнэн төөрөгдөл

Капиталист системийн үед хүмүүс маш их ажиллаж хөдөлмөрч л байвал хөрөнгө чинээтэй баян болдог гэдэг хоосон домог - хүмүүсийн төөрөгдөл их өргөн тархсан байдаг. Хүмүүс өөрсдөө ч ухамсарлахгүйгээр ийм хоосон горьдлого, зэрэглээ шиг найдваруудыг нь өөрсдөө бий болгож дэмжиж байдаг ба хэрэв уйгагүй хөдөлмөр зүтгэл нь амжилт олохгүй бол тэд зөвхөн өөрсдийгөө л буруутгаж суудаг.

Яг үнэндээ бол капитализмын үед та хичнээн их шаргуу ажиллаж байснаас үл шалтгаалан үнэхээр томоохон амжилт олж баян болох магадлал чинь сугалаанд мөнгө хожихтой яг ижилхэн, энэ нь зүй тогтол бус харин маш ховор тохиолдол байдаг. Маш ховорхон тохиолдлоос бусад бүх тохиолдолд хөрөнгө баялаг нь шаргуу их хөдөлмөрөөр бус харин элдэв залилангууд, зальт луйвруудын үр дүн байдаг ба тэгэж баяжсан хүмүүс хичнээн их нөлөөтэй, албан тушаал эрх мэдэлтэй байх тусмаа улам шуналтай, ямар нэг зүйлд харамсаж гэмшдэггүй сэтгэлзүйн онцлогтой байдаг. Амжилт бол шаргуу их хөдөлмөрийн үр дүн бас аз завшаан мөн үүнд их итгэж найдаж байсны ач байдаг гэдэг хоосон үлгэр нь бас юунаас ч хамаагүй ямар ч “үнээр” хамаагүй заавал ашиг хонжоо харж мөнгө хийж байх тухайн хүний ёс суртахуун ба бусадтай хайр найргүй өрсөлдөж байх ёс зүйгээс нь шалтгаалдаг.

Энэ төөрөгдөл нь яг ийм хоосон домогт төөрөлдөж капиталист энэ тогтолцоог үг дуугүй сохроор дагадаг сүрэг хүмүүсийг бий болгосоор байдаг. Энд мухар сүсэг, ялангуяа протестант шашин нь энэхүү хоосон домгийг улам дэвэргэж олон сая хүмүүсийг төөрөгдөлд барьж байдаг.

Төөрөгдөл 2. "Капитализм бүх хүмүүст зориулж баян чинээлэг амьдрал ба хөгжил цэцэглэлтийг бүтээдэг" гэдэг хоосон домог ба гэнэн төөрөгдөл

Маш цөөнхийн гарт хуримтлагдсаар байгаа асар их хөрөнгө баялаг нь эрт орой хэзээ нэг цагт нийгэмд, бүх хүмүүст эдийн засгаар дамжин шударгаар хуваарилагдана гэдэг хоосон домог хүмүүсийн дунд их тархаж төөрөгдөл үүсгэсэн байдаг. 

Энэхүү хоосон домгийг зориуд тарааж дэмжиж байдаг цаад гол зорилго нь "ажил олгогч" капиталистууд ямар нэг асуудалтай тулгарахгүйгээр улам их баяжиж байх явдлыг нь хангаж байхад оршдог. Үүний зэрэгцээ энэ төөрөгдөл нь баялгийг гардан бүтээж байгаа хүмүүст эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдийн гараар бүтээсэн их баялгийнхаа төлөө мөн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байсныхаа төлөө зохих шагналаа хүртэх болно гэдэг хий хоосон зэргэлээ шиг горьдлогыг бий болгож байдаг. Яг үнэн хэрэг дээрээ бол капитализмын хамгийн гол зорилго нь нийгмийн бүтээсэн баялгийг шударгаар хуваарилахын төлөө бус харин ч улам цөөнхийн гарт хураан хуримтлуулахад чиглэсэн байдаг. Яг ийм дүгнэлтэнд суут сэтгэгч, капитализмын гол онолч Карл Маркс бас хүрсэн байдаг.

Ялангуяа неолиберализм ноёрхож байгаа сүүлийн хэдэн арван жилийн турш асар цөөнх баячууд ба улам бүр ядуурч байгаа нийгмийн үнэмлэхүй олонхын хоорондох тасархай ялгаа улам их болж байгаа нь энэхүү хоосон домгийг бүрэн үгүйсгэж харин ч яг эсрэгээрээ гэдгийг, энэ бүхэн төөрөгдөл байсан гэдгийг хөдөлшгүй баталсан юм.

Энэхүү хоосон домгийг дэлхийн II дайны дараахан үеийн түр зуур “нийгмийн хангамж”-ийг зориуд их өргөн дэлгэрүүлж байсан тэр үед алс хэтийн зорилготойгоор зориудаар хамгийн их өргөн түгээж байсан байсан ба үүний цаад зорилго нь гагцхүү нийгмийн баримжаатай - социалист системийн орнуудыг устгахад энэхүү хоосон домгийг ашиглаж дотроос нь үзэл суртлын зэвсэг болгон хэрэглэхэд чиглэгдэж байсан юм.

Төөрөгдөл 3. "Цөөнх баячууд ба ядуу олонх бүгдээрээ нэг завин дээр байгаа" гэдэг хоосон домог ба олонхийн гэнэн төөрөгдөл

Капиталист нийгэмд ангиуд гэж байдаггүй учир эдийн засгийн бүх алдаа эндэгдэл ба хямралуудын хариуцлагыг нийгэм бүх нийтээрээ хүлээх болгодог, энэ нь бүх хүмүүс хамтраад бүх зүйлийн үнийг нь хуваан төлөхөөс өөр арга байдаггүй гэсэн нэг хоосон домог, жирийн хүмүүсийн гэнэн төөрөгдөл байдаг.

Энэ хоосон домгийн хамгийн гол цаад зорилго бол ажилчин, ажилтан хүмүүст "бид ч бас үүнд буруутай юм байна" гэсэн дотоод мэдрэмж, гэнэн бодлыг төрүүлэх замаар капиталистууд өөрсдийн шунаг сэтгэл, буруугаас гарсан алдагдлуудын ихэнх хэсгийг тэр жирийн хүмүүст үүрүүлж харин өөрсдийн орлогоо өсгөж байхад оршдог.

Яг үнэн хэрэг дээрээ бол бүх хариуцлага одоогийн энэ засгийн газруудыг далдаас байгуулж эрх баригчид, улстөрчдийг мөнгөөр худалдан авсан, тэгээд засгийн газраас бизнесээ байнга дэмжүүлж байгаагийн ачаар улам их баяжиж байдаг элитэд ноогдох ёстой. Капиталистууд татваруудаа төлөхдөө, улсын тендерүүд авахдаа, санхүүгийн элдэв залилангуудаа хийхдээ, нийгмийг хомсдол гачаалд оруулахдаа, шуналтай элдэв үйл ажиллагаа явуулахдаа ийм засгийн газрын зүгээс дандаа том хөнгөлөлтүүд эдэлж байсан юм.

Энэхүү хоосон домог, хүмүүсийн төөрөгдөл нь жирийн ард түмэн хөлсөө гарган ажиллаж байвч ядуу зүдүү байгаагийн төлөөх хариуцлагаас зугтах мөн өөрсдийн гаргасан алдаа, хямралаа бүрэн хариуцаж үнийг нь төлөхөөс өөр аргагүй байдлаас зайлхийж байхын тулд энэхүү шунахай элитийн хувьд нэг маягийн дархлаа нь болсон юм.

Төөрөгдөл 4. "Капитализм бол эрх чөлөө" гэдэг хоосон домог ба олонхын гэнэн төөрөгдөл

Жинхэнэ эрх чөлөөнд зөвхөн капиталист нийгмийн үед л, зөвхөн “зах зээл өөрөө өөрийгөө үл үзэгдэх гараараа зохицуулдаг” нөхцөлд л хүрч болдог гэсэн хоосон домог, төөрөгдлийг хүмүүсийн дунд зориуд их тараасан байдаг.

Энэхүү хоосон домгийн цаад гол зорилго бол капитализмыг шүтэн мөргөж байх нэгэн төрлийн шашныг нийгэмд бий болгож байх, бүх юм хар аяндаа яваандаа сайн сайхан болно гэдэг үзэл санааг түгээхэд чиглэгдэж байдаг. Мөн яг үүний хажуугаар хүмүүсийг улс орныхоо макро эдийн засгийн хамгийн чухал гол гол шийдвэрүүдийг гаргахад оролцох эрхгүй байлгахад оршдог.

Яг үнэн хэрэг дээрээ энэ шийдвэрүүдийг гаргахад оролцох эрх чөлөө бол хамгийн гол, дээд эрх чөлөө өөрөө мөн бөгөөд энэхүү эрхийг жирийн хүмүүс бус, тэр байтугай тэдний сонгож байгуулсан төрийн байгууллагууд ч биш харин зөвхөн маш явцуу хүрээний баян нөлөө бүхий хүмүүс л эдэлж байдаг. Одоо санхүү, эдийн засгийн стратегийн гол гол чухал шийдвэрүүдийг дээд хэмжээний уулзалтуудын үеэр маш явцуу хүрээнд томоохон компаниуд, том банкууд, үндэстэн дамнасан корпорациудын удирдагчид хаалттай хаалганы цаана гаргаж байгааг бид харж байна.

Ийнхүү зах зээл нь өөрөө өөрийгөө зохицуулдаггүй, харин ч үнэн хэрэг дээрээ тэр нөлөө бүхий баячууд зах зээлийг элдэв луйврын аргууд хэрэглэх замаар заавал өөрсдөдөө ашигтайгаар удирдаж байдаг юм.

Энэхүү хоосон домог, төөрөгдлийг бас капиталист бус орнуудын дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцоход үзэл суртлын халхавч болгон ашиглаж байдаг. Гэвч капиталистууд тэр хүмүүсийн эрх чөлөө, хүний эрхэнд санаа зовоод байгаа хэрэг огтхон ч биш гэдгийг ойлгох цаг болжээ. Ер нь хүмүүсийн дунд их тархсан, үнэндээ бол тэдний дотоод ухамсарт зориуд сэмхээн суулгаж өгсөн энэхүү төөрөгдөл нь капиталист бус улс орнуудад “эрх чөлөө” гэж юм угаасаа байдаггүй юм байна, харин тогтсон хатуу дүрэм журмууд л байдаг гэдэг ташаа ойлголт, төсөөлөл дээр үндэслэгдсэн байдаг. Ийм ташаа ойлголтууд, төөрөгдлийг тархины угаалт гэж ч өөрөөр нэрлэдэг. Ингэж "тархи нь угаагдсан" хүмүүс нэг талаараа бол "сохорсон" байдаг. Энэ байдал нь жирийн хүмүүсийн амь амьдрал, хувь заяаг нь эвдэн бусниулж байдаг. Капиталистууд үүнд маш их мөнгө хаяж байдаг юм шүү. Гэвч одоо Таны нүд нээгдэж байгаа гэдэгт итгэж байна.

Америкийн эдийн засагч Дэвид Харвийн "Капитализмын хямрал" лекцийн хэсгээс:

Англи хэл дээр

Орос хэл дээр

Төөрөгдөл 5. "Капитализм бол ардчилал мөн" гэдэг хоосон домог ба олонхын гэнэн гтөөрөгдөл

Зөвхөн капиталист системд л ардчилал гэж байж болно гэдэг хоосон домог - төөрөгдлийг зориуд их тараасан байдаг. Энэхүү хоосон домог нь өмнөх төөрөгдлөөс урган гарч ирдэг ба энэхүү домгийг нийгмийн тогтолцооны бусад онол, загварууд гэж байх болохыг үгүйсгэх зорилгоор бодож олсон юм. Энэхүү хоосон домог нь капитализмаас бусад нийгмийн бүх тогтолцооны загварууд нь бүгд дарангуйллын хэлбэрүүд гэж "нотолдог"!?!

Яг үнэн хэрэг дээрээ бол өнөөгийн нийгэм нь капитализмын “ачаар” асар цөөнх хэт баячууд ба ядуу дорой олонх гэсэн анги давхаргуудад хуваагдсан байгаа ба асар баячууд хэт цөөнх болсон хэдий ч бүх зүйл дээр давамгайлж ноёрхож байгааг бид харж байна. Ийм "капиталист ардчилал” нь өөрөө далд дарангуйллаас өөр юу ч биш бөгөөд харин одоогийн өрнөж байгаа “өөрчлөлт шинэчлэлт”-ийн давалгаанууд энэ үйл явцын яг эсрэг үйл явц юм.

Энэхүү хоосон домог, олон хүмүүсийн толгой доторх төөрөгдлийг өмнөх төөрөгдлийн нэгэн адил капиталист бус орнуудыг шүүмжлэх, тэдэн рүү дайрч давшлахад шалтаг болгон ашигладаг юм. Капиталистууд ардчиллын бүх язгуур зарчмуудын агуулгыг сэмхэн сольсон байгааг ойлгоход нэг их гойд ухаан хэрэггүй юм. Тэдний "зорилго" л тэдэнд чухал байдаг.

Төөрөгдөл 6. “Олон нэр дэвшигчидтэй сонгууль бол ардчилал гэсэн үг” гэдэг хоосон домог ба гэнэн төөрөгдөл

"Олон нэр дэвшигчидтэй сонгууль бол ардчилал" гэдэг өргөн тархсан нэг хоосон үлгэр, төөрөгдөл бас байдаг. Энэ хоосон домгийн хамгийн гол зорилго бол нийгмийн бусад тогтолцоог үгүйсгэн харлуулах, түүнийг “хадны мангаа” болгон гуйвуулж ийм ташаа ойлголт, төсөөллийг нийгмийн ухамсарт бүрдүүлж байхад оршдог. Мөн жишээлбэл нас намба, амьдралын туршлага, тухайн нэр дэвшиж байгаа шударга хүмүүсийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг бас харгалзаж улс орноо удирдах хүмүүсийг сонгон гаргаж ирж байх боломжийг хаахад, гагцхүү мөнгөтэй баячууд, тэдний гар хөлүүд л нэр дэвшиж сонгогддог бус харин бусад дэвшилтэт улстөрийн болон сонгуулийн тогтолцоо байж болохыг хүмүүс хэлэлцэх явдлыг хаан боогдуулахад оршиж байсан юм.

Яг үнэн хэрэг дээрээ капиталист баян цөөнхийн одоогийн энэхүү дэглэм нь бүгдийг мөнхөд удирдан захирч дарангуйлж байхыг улайран тачаадаж байдаг ба үүнийхээ тулд бүхнийг цаагуур нь худалдан авч бүр сонгуульд саналаа өгөх явдлыг элдэв аргаар луйвардах замаар засаглах хугацаагаа эцэс төгсгөлгүй сунгаж байдаг. Иймд одоогийн энэ сонгууль гээч бол зөвхөн энэ ардчилал гэгч хуурамч ёс төдий жүжиглэлийг нь албан ёсны болгож өгч байгаа хэрэг юм.

Ийм сонгуулиудад гагцхүү баячууд, тэдний халаасны улстөрчид л хэзээд ялж байсан нь энгийн бодит үнэн билээ. Баян цөөнх нь ноёрхлоо тогтоосон энэ нийгэмд сонгууль ийм байсаар байхад ер нь сонгууль л тухайн улс оронд ардчилал байгаа гэдгийг баталж байдаг гэдэг хоосон домог нь үнэн бодит байдлыг гуйвуулж элэглэж байгаа хэрэг юм.

Энэ бол нийгэмд хамгийн өргөн тархаж олон хүмүүсийн толгой дотор гүн гүнзгий суусан ташаа ойлголт төсөөлөл, хоосон домгуудын нэг бөгөөд зарим зүүний намууд ч үүнд нь "итгэчихсэн" байдаг.

Төөрөгдөл 7. "Сонгуулийн саналын хуудсанд олон намууд байна гэдэг нь сонгогч сонголтоо хийх бодит боломжууд байна гэсэн үг" гэдэг хоосон домог ба гэнэн төөрөгдөл

Төрийн эрхийн төлөө бие биетэйгээ тэмцэлдэж солигдож байгаа энэ намууд өөр өөр үзэл санаа, мөрийн хөтөлбөрүүдтэй байдаг гэдэг хоосон домог, төөрөгдөл байдаг. Энэхүү хоосон домгийн хамгийн гол зорилго бол нийгэмд ноёрхлоо тогтоосон байгаа тэр ангийн хувьд зөвхөн капиталист тогтолцоог мөнхжүүлэхэд оршдог ба энэ хоосон домог нь цаашлаад “ардчилал гэдэг бол ердөө сонгууль л юм, сонгууль нь улстөрчдөд хариуцлага тооцох цорын ганц арга юм” гэсэн уршигтай төөрөгдөлд нийгмийг оруулж байдаг.

Яг үнэн хэрэг дээрээ бол хоёр намын тогтолцоо эсвэл олон намын тогтолцоотой байсан ч өнөөгийн нөхцөлд энэ нь нэг л хүчний, нэг л үзэл суртлын тогтолцоо гэдгийг ойлгох ёстой. Энэ намууд бол нэг л санхүү-эдийн засаг, улстөрийн далд хүчний хоёр эсвэл олон фракцууд нь бөгөөд тэд нар төрийн эрхэнд өөр хоорондоо солигдох замаар өөр өөр үзэл баримтлалтай намууд байгаа гэсэн ташаа ойлголт, төөрөгдлийг бий болгож байдаг. Одоо хүмүүс энэ бол тэдний хүсэж байгаа зүйл биш гэдгийг мэдсээр байж энэ нэг л хүчний төлөөлөгчдийг хэзээд сонгож байхаас өөр аргагүй байдалд оруулсан байгаа.

Хөрөнгө чинээтэй хүмүүсийн ил далд удирдлаганд байдаг энэ намууд нь хоорондоо өөр өөр үзэл баримтлалтай заримдаа бүүр сөрөг үзэл санаа, байр суурьтай гэдэг энэ хоосон домог - төөрөгдөл бол хэт цөөнх асар баян энэ ангийн хувьд хамгийн чухал домгуудынх нэг бөгөөд капиталист энэ тогтолцоог мөнхийн байлгахын тулд тэд энэ хоосон домгийг байнга дэвэргэж тарааж байдаг. Үүний золиос нь жирийн хүмүүсийн амь амьдрал юм.

Төөрөгдөл 8. "Сонгогдсон улс төрч ард түмнийг төлөөлдөг, тийм учраас ард түмний нэрийн өмнөөс бүхнийг шийдэх эрхтэй" гэдэг хоосон домог ба гэнэн төөрөгдөл

Сонгогдсон улстөрч ард түмнээс эрх мэдлийг авдаг, ийм болохоор тэр өөрийн үзэмжээр удирдаж болно гэдэг нэгэн хоосон домог төөрөгдөл бас байдаг. Энэхүү хоосон домгийн хамгийн гол зорилго бол сонгогчид ер нь хүмүүсийг хоосон амлалтуудаар байнга тэжээж байх, харин бодит байдал дээр хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ, алхмуудаа тэднээс нууж халхалж байхад оршдог.

Яг үнэн хэрэг дээрээ сонгогдсон улстөрч хэзээ ч амласнаа жинхэнэ ёсоор бүрэн биелүүлдэггүй бөгөөд эсвэл бүүр урьд өмнө зарлаж ч байгаагүй, ихэнх тохиолдолд Үндсэн хуультай зөрчилдөж байгаа арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлдэг. Ийм улстөрчид голдуу нийгмийн идэвхтэй цөөнхийн дэмжлэгээр сонгогддог бөгөөд бүрэн эрхийн хугацааныхаа дунд хэрд нэр хүндээ бүрэн алддаг. Ийм тохиолдлуудад сонгогчид нь үнэн хэрэг дээрээ төлөөлөлгүй болж байгаа нь энэ байдлыг үндсэн хуулийн замаар өөрчлөхөд хүргэдэггүй ба харин ч эсрэгээрээ бодит эсвэл далд дарангуйллын энэ дэглэмийн капиталист ардчиллыг нь нэгмөсөн бүрэн төрөл арилжихад хүргэдэг.

Барууны капиталист нийгэмд ардчиллыг зөвхөн өнгөн талын хуурамч баг болгон хувиргах үйл ажиллагаа байнга хийгдэж байдаг ба ийм бодит байдал нь тэнд сонгуульд оролцдоггүй хүмүүсийн тоо байнга өсөж байгаа гол шалтгаануудын нэг юм.

Төөрөгдөл 9. "Капитализмаас өөр сайн тогтолцоо гэж байдаггүй" гэдэг хоосон домог ба гэнэн төөрөгдөл

Капитализм нь төгс бус, гэвч зөвхөн капитализм л эдийн засаг - улс төрийн тогтолцооны хувьд хамгийн сайн, цорын ганц боломжит хувилбар юм гэсэн хоосон домог төөрөгдлийг зориуд их сурталчилж тарааж байдаг.

Энэхүү хоосон домгийн цаад зорилго нь нийгмийн өөр бусад дэвшилтэт тогтолцоонуудыг судлах, тэдгээрийг тайлбарлан сурталчлах явдлыг хүчирхийлэл хийх болон бусад бүх боломжит хэрэгслүүдийг ашиглан хаан боогдуулж устгах замаар бусад тогтолцоог бүрэн үгүйсгэж ямар ч өрсөлдөөн байхгүй болгоход оршдог.

Яг үнэн хэрэг дээрээ бол нийгмийн бусад улстөрийн болон эдийн засгийн тогтолцоонууд байдаг бөгөөд хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь нийгмийн баримжаатай, хүний төлөө нийгмийн үзэл санаа болох шинжлэх ухаанд суурилсан шинэ социализмын онол юм. Тэр байтугай одоогийн энэ капитализмын ноёрхлын хүрээнд ч Өмнөд Америкийн “ардчилсан социализм” эсвэл Европын “социалист капитализм” оршин тогтносоор байна.

Энэхүү хоосон домог нь капитализмаас өөр сайн тогтолцоонуудыг шүүн ярьж хэлэлцэх явдлыг гаргуулахгүйн тулд мөн нийгмийг төөрөгдөл, ядуурал сул дорой байдалд байнга барьж байх, хүмүүсийг айлган сүрдүүлэх зорилготой юм.

Төөрөгдөл 10. "Татваруудыг нэмж (эрх баригч олигархуудын тавьсан өрийг ард түмэнд үүрүүлэхийг ингэж далдуур нэрлэдэг) нийгмээр хэмнэлт хийлгэж (цалинг тэтгэмжийг царцаах, тэтгэвэрт гарах насыг нэмэх гэх мэт) л улс орон өрнөөсөө гарч дараа нь хөгжиж боломж бүрддэг" гэх ичгүүргүй хоосон домог ба гэнэн төөрөгдөл

Одоогийн энэ капиталист эдийн засгийн загварын гарцаагүй тавилан гэж хэлж болох өрийн хямрал нь хувьчлалаар ажлын байраа хулгайлуулж ажилгүй орлогогүй хоцорсон хүмүүст хэтэрхий их тэтгэмж үзүүлж хөнгөлөлт их үзүүлж байснаас үүссэн, хэрвээ эдгээр тэтгэмж хөнгөлөлтүүдийг үгүй хийчихвэл засгийн газар зардлуудаа хэмнэнэ, тэгээд улс орон өрнөөсөө гарч цаашид хөгжиж боломж бүрдэнэ гэсэн бас нэг хоосон домгийг хүмүүсийн дунд сурталчилж тэднийг гүнзгий төөрөгдөл оруулж байгаа.

Энэхүү эрүү цээргүй хоосон домгийн гол зорилго бол капиталист олигарх эрх баригчид өөрсдийн тавьсан, өөрсдийн завшсан их өрийн хариуцлагыг нялх хүүхдүүд болон тэтгэврийн хөгшдийг ч оролцуулаад бусад бүх хүмүүст үүрүүлэхэд оршдог. Өөр нэг зорилго нь бүсээ чангалах нь түр зуурынх гэж ойлгуулж жирийн хүмүүст өөрсдийн амьдрал улам ядуу зүдүү болж байгааг гарцаагүй байдал мэт хүлээн авч хүлцэнгүй байлгахад оршиж байна. Яг иймэрхүү ухуулга нь нийгмийн хэдэн үеийнхний бүтээсэн баялаг болох яг үнэндээ ард түмний өмч болох үйлдвэрүүд, албан байгууллагуудыг өөрсдөдөө үнэгүй шахам хувьчлан авах явдлаа амар хялбар болгоход бас чиглэгдэж байсан билээ...

Хэмнэлт гэгч буюу нийгмийн "түр зуурын ядуурал" бол одоогийн энэ байдлаас гарах цорын ганц аврал мөн гэж хүмүүст итгүүлсэн байсан ба харин ингэхдээ энэхүү "хэмнэлтэндээ" хүрэхийн тулд хамгийн их ашигтай ажилладаг салбаруудыг баячууд, улстөрчид өөрсдөдөө хувьчилж авах болно, иймээс эндээс олох байсан ирээдүйн бүх ашгуудыг нийгмийн олонх алдана гэдгийг тэдэнд хэлээгүй байсан юм.

Энэ бодлого нь эцэстээ улс ард түмнийг улам туйлдуулж засгийн газрын татварын орлогуудыг үлэмж бууруулж энэ нь эргээд тэтгэвэр, тэтгэмж, жирийн хүмүүсийн цалин урамшуулалт улам багасахад хүргэсээр ирснийг хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүх баталж байна.

Одоо капитализмын зээлийн "их найр" өндөрлөж байгааг, зарим улс орнууд өрөндөө "шартаад" байгааг, зарим нь бүр хоорондоо түнжин хагарч нанчилдаад эхэлснийг бид одоо харж байгаа. Монголчууд бид цаашид харийн энэ хов хоосон үзэл сурталд хүлэгдсээр, үүнийхээ "ачаар" тэдний энэ хөлчүү найрын гал тогоонд нүүрсчин хийсээр байх уу, эсвэл өөрсдийнхөө амьдрал хувь заяаг өөрсдөө шийддэг болж сайхан Монгол эх орондоо чинээлэг сайхан амьдралыг бий болгох уу ?!...

Энэ бүхэн бидний олонхын ухаарал сэхээрэл, монгол хүн нэг бүрийн эх оронч сэтгэл зүтгэлээс л, бидний хамтын хүчин чармайлтаас л шалтгаалах болно оо. Монголчууд биднээс өөр хэн ч улс Эх орныг маань одоо харийн капиталын боолчлолоос чөлөөлөхгүй ээ!

Та бүхэн энэ тухай ямар бодолтой явдаг вэ...?

 

 

Сэтгэгдлүүд  

Х
0 # Х 2012-04-23 19:35
Үнэнийг бичсэн байна. Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг