Монгол бол Хятадын нэг хэсэг гэсэн байр суурин дээр гуйвашгүй зогсдог Тайвань 1990-ээд оноос Монгол улсыг уйгаржин бичигт шилжүүлэх бодлого явуулсан байдаг. Тайваньчууд Монгол улсыг уйгаржин бичигт шилжүүлэх гэж багагүй санхүүжилт тусламж үзүүлсэн аж. Хятад бодлого ийм айхтар!
Тэгвэл 2020 оноос БНХАУ-ын ЗГ Өвөр Монголын бичиг үсгийн асуудал гэгчийг үүсгэсэн. Үүгээр далимдуулж Монгол улсад уйгаржин бичигт шилжих хөдөлгөөн гарч, Монголын ЗГ-т дарамт үзүүлэх болжээ. Өвөр Монголын асуудлаар далимдуулж Монгол улсыг кирилл бичгээс салгаж уйгар бичигт оруулах нь цаагуураа БНХАУ-ын бодлого гэсэн таамаглал бий. Энэ бол нилээд үндэстэй. Учир нь монгол бичиг олон улсад Хятадын үндэсний цөөнхийн бичиг гэсэн бүртгэлтэй аж. Хятад санаа гэж!!!
Хятад нь ч, Тайвань нь ч Монголд адилхан бодлого явуулж байна. Тэгвэл яг энэ аюулыг олж харсан Өвөр Монголын судлаач Г.Гэрэлбаатар гэдэг хүн Ар Монголын ард түмэнд крилл бичгээс хагацах нь тусгаар тогтнолоо хорлохтой адилхан гэдгийг анхааруулсан нийтлэл бичиж, фэйсбүүк сүлжээнд тавьжээ.
Кирилл бичиг бол тусгаар тогтнолын баталгаа
Зохиогч: Г.Гэрэлбаатар
Бидний нэгэн том төөрөгдөл бөгөөд хэлээ алдаж буй шалтгаан бол монгол хүн бол заавал монгол бичгээ сурах ёстой гэдэг ойлголт. Бид бол өвөр монголд зуун хувь монгол сургууль байх үед арваад жилийн турш цэвэр монгол хэлээр ерөнхий боловсрол эзэмшсэн хүмүүс. Тийм ч учраас хамгийн сайн эзэмшсэн хэл бол үндэстний монгол бичиг байдаг. Хятад хэлийг зөвхөн гадаад хэлний төвшинд үздэг байлаа. Гэтэл энэ алтан үе 2020 онд өнгөрч Хятадын төр засгаас их хятадчилах бодлогоо ил тод болж, монгол хэлний сургалтыг хааж хятад хэлээр монгол хүүхдүүдийг хичээллэх болгосон. Энэ ажиллагаа даамжирч бүр хүүхдийн цэцэрлэгт монгол хүүхдэд хятад хэл заах болжээ.
Тэгэхлээр Өвөр монголд нутагтаа байгаа монгол хүүхдүүд ч гэсэн бидэн шиг гадаад байгаа хүүхдүүдээс ялгаагүй монгол хэлний сургалтын орчингүй болж байгаа гэсэн үг. Мэдээж бүгд хаагдаагүй, монгол хэлний сургалтаа хэвээр нь хадгалж үлдсэн сургууль цэцэрлэг ч нэлээд буй. Тийм сургууль байгаа газрын хүүхдүүд бол азтай, монгол бичгээ хэвээр нь сурч болно.
Гэтэл тийм нөхөцлөө алдсан газар бол монгол бичиг биш кирилл бичиг сурах нь илүү үр дүнтэй юм. Хэн ч байсан баруун гараа алдвал зүүн гараа хэрэглэж таарна. Тэгвэл бидний зүүн гар бол 80 орчим жилийн түүхтэй кирилл монгол бичиг мөн. Энэ бичиг бол жирийн Орос бичиг биш, манай монгол улс нь хүн ам ба нутаг дэвсгэрийнхээ тэн хагасыг Хятадад алдаад Зөвлөлтийн нөлөө, нөмөрт орсон үед монгол хэлийг аварч үлдсэн гавьяатай бичиг. Би хувьдаа оросын гурван зүйлд талархаж явдаг. Нэг нь, хятадын гамин цэргээс хүрээг чөлөөлж тусгаар тогтнолыг сэргээж өгсөн Улсыг мандуулагч их баатар Барон Унгерн. Хоёр нь, Ялтын хэлэлцээрээр Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн Иосиф Сталин. Гурав нь, орчин үеийн соёл, шинжлэх ухаанд нэвтрүүлсэн кирилл бичиг. Түүнээс гадна Оросын дэмжлэг туслалцаа, бүтээн байгуулалт гээд цааш тоймгүй хөвөрнө дөө.
Кирилл бичгийн давуу тал:
Ямар ч байсан кирилл бичиг бол сурахад амархан, хэрэглэхэд хялбар. Монгол бичигт байдаг төвөгтэй асуудлууд кирилл бичигт бүгд шийдвэрлэгдсэн байдаг. Хамгийн наад зах нь уншлага бичлэг хоёр нь нэгдсэн байдаг. Монгол хэлээ сайн мэдэхгүй хүүхдэд бол маш их тус болно. Бичгийг нь эзэмшсэн тохиолдолд хэлийг нь амархан сурдаг. Гэтэл хэлийг нь мэдэхгүй хүнд бол монгол бичиг маш хэцүү. О,У ба Ө,Ү эгшгийг адилхан бичдэг болохоор хэлийг нь мэдэхгүй бол цагаан толгойг нь цээжилсэн ч зөв уншиж чадахгүй. Бичлэг нь ярианы хэлнээсээ өөрөөр бичдэг үсэг маш олон байдаг болохоор үсэглээд уншиж чадсан ч юу гэсэн үгийг ойлгоход бэрх. Тэгээд бас цагаан толгой нь эх, адаг, дунд гээд гурван хувиралтай гээд монгол бичгийн зовлонг тооцоод дуусахгүй.
Энэ тухай алдарт хэлний эрдэмтэн Ш.Лувсанвандан бүр 1965 онд: “Энэ учраас бичгийн хэл, ярианы хэл хоёрыг ойртуулах, бичиг үсгийг өргөн олны сурч судлахад хялбар болгох чухал шаардлага гарч ирсэн байна. Энэ зорилгыг биелүүлэхэд манай хуучин монгол бичигт хэд хэдэн ноцтой дутагдал байсан юм. Хуучин монгол үсгийн цагаан толгойд орчин цагийн монгол хэлэнд байдаг хэд хэдэн чухал авиаг тэмдэглэх тусгай үсэг байхгүй.
Жишээлбэл: ч-ц, х-г, д-т, з-ж, о-у, ө-ү хоёрыг ялгахгүй нэг нэг үсгээр тэмдэглэх, монгол хэлэнд маш урт, богино эгшгийг ялган тэмдэглэх үсэг байхгүй, нэг авиаг тэмдэглэсэн үсэг нь үгийн эхэн, дунд, адагт гэх мэтчилэн хэд хэдэн өөр хувилбар хэлбэртэй зэрэг байдлаас анх сурах хүнд төвөгтэй, мөн дээрх үсгийн дутагдлаас болж хуучин монгол үсгээр ярианы хэл дагуу үг бичих боломжгүй, хэрэв бичвэл мянгаад жилийн өмнөх монгол хэлний авиа зүй, үг зүйн системийг баримталж орчин цагийн монгол хэлний ярианы хэлнээс огт өөрөөр бичихээс аргагүй болдог.
Жишээлбэл: хараад гэхийг харагад, үзээд гэхийг үзэгэд, уул гэхийг агула гэж бичих мэт. Үүнээс болж бичгийн хэл, ярианы хэл хоёрын зөрөө их болж, унших бичих, сурч судлахад бэрхшээл учруулдаг байжээ” / “Кирилл үсэг авсны учир”1965/гэсэн байдаг. Ш.Лувсанвандан бол Ц.Дамдинсүрэнгийн хамт шинэ үсэг зохиох улсын комиссын гишүүнээр ажиллаж байжээ. Энэ нь одоогоос дал орчим жилийн өмнө бичсэн зүйл боловч одоо ч гэсэн энэ байдал өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа юм.
Монгол бичгийн давуу тал:
Миний амьдралын туршлагаас харвал Монгол бичиг бол нийгмийн шинжлэх ухаан, тэр тусмаа уран зохиолыг тэмдэглэхэд их тохиромжтой мэт санагддаг. Түүх, уран зохиол, гүн ухааны номуудыг монгол бичгээр уншихад илүү ойлгомжтой, амт шимттэй санагддаг. Магадгүй хэчнээн авианы үсэг боловч бүхэл үсгүүд нь хоорондоо ялгавар сайтай байдагтай холбоотой байж мэдэх юм. Тийм учраас хэд хэдэн мөрөөр нь, чадвар сайтай хүмүүс бол бүр хуудсаар нь гүйлгэж харах боломжтой. Ийм байдлыг Хятад, Япон хэлийг хоёуланг сайн мэддэг хүмүүс бол ойлгож болох талтай. Хуудас дүүрэн адилхан агуулгатай зүйлийг Хятад, Япон хэлэнд орчуулсан байвал япон хэлэн дээр бичсэн нь уншиж ойлгоход хялбар бөгөөд хэрэгсэх цаг нь бага байдаг. Учир нь япон хэлээр гол гол түлхүүр үгийг нь канзаар тэмдэглэсэн байдаг тул түүнийг нь харвал утга нь ихэвчлэн ойлгогдоно. Гэтэл хятадаар бичсэн зүйл бол япон хэл шиг дундаа хираганагаар холбохгүй, хойно хойноос нь ханзуудыг угсруулж бичдэг. Ийм бичгээс аль нь чухам гол санааг илэрхийлсэн үг нь шууд хараад мэдэгдэхгүй тул заавал өгүүлбэрийг бүтэн гүйлгэж харж байж утга санааг нь ойлгох шаардлага гардаг. Тийм учраас хятад бичгийг уншиж ойлгоход илүү цаг хэрэгсэж, анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлага гардаг.
Гэтэл байгалийн шинжлэх ухааныг тэмдэглэхэд монгол бичиг нь кириллийг огт гүйцэхгүй гэдгийг олон хүмүүс баталдаг. Энэ салбарын томъёо, бодлогууд бүгд барууны оронд боловсронгуй болсон тул зүүнээс баруун тийш, хэвтээ байдлаар бичихэд зориулагдсан байдаг. Түүний дээр орчуулах шаардлагагүй тэр хэвээр нь хэрэглэх олон улсын нэр томъёо асар олон байдаг тул тэр хэвээр нь кириллд шилжүүлэн хэрэглэж болдог. Гэтэл монгол бичгээр орчуулахад хүрвэл утга нь алдагдаж, галиглаж буулгахад янз бүрийн бэрхшээл үүсээд шинжлэх ухаанд нэвтрэхээсээ илүү үсэг бичигтээ будлиад дуусна. 1940 оны Төв хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрт “шинжлэх ухааны нэр томьёог бичиж болохгүй” гэж тэмдэглэсэн нь байдаг нь үндэслэлгүй зүйл биш. Өвөр Монголд олон сайхан ном монгол бичгээр хэвлэгдэн гардаг ч түүний дотор байгалийн шинжлэх ухааны ном ховор байдаг нь үүнтэй холбоотой.
Монгол бичиг цахим орчинд шавардсан нь
Дараагийн зовлон нь монгол бичиг интернетэд төгс орж чадахгүй байгаа байдал. Цахим хэрэглээгээ 1990-ээд оноос өргөн хэрэглээнд түгж эхэлсэн гэвэл монгол бичиг 30 жил хоцроод байгаа юм. 2010 он орчмоос Өвөр монголд монгол бичгийн цөөвөр цахим хуудас ажиллуулах болсон ч заавал тусгай софтоор ажилладаг гээд өнөөдөр хүртэл төвөг бэрхшээл ихтэй хэвээрээ. ФВ зэрэг олон нийтийн сүлжээнд монгол бичиг илэрч чаддаг болсон нь дөнгөж саяхны явдал. Гэсэн ч үсэг нь зөв илэрч чадахгүйн дээр элгээрээ доош хандаад уншиж ойлгоход төвөгтэй. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдгээр олон монголчууд энэ асуудлуудыг шийдэх гэж чармайж ирсэн. Миний бие хүртэл монгол бичигтээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол бичгийн юникодыг өмөөрөх нь” гэсэн гурван цуврал лекц хийж Монгол бичгээ интернетэд хэрэглэж байхыг уриалж үзлээ. Учир нь юникод(Unicode)-д анх 2000 оны орчим бүртгүүлэхдээ боловсронгуй хийж чадсангүй гэдэг асуудал олон жил яригдаж, ийм алдаатай юникодыг хэрэглэх бололцоогүй гэсэн ойлголт бүгшээд байсан юм. Гэвч энэ хугацаанд үсэг шивэх арга зэрэг буй болж нэлээд сайжирч голохгүй хүнд голоо норгож болох хэмжээнд сайжраад байсан юм.
Бидний үеийн цорын ганц монгол бичгээрээ боловсрол эзэмшсэн хүмүүс хүртэл дийлэнх нь монгол бичгээ хэрэглэхгүй, Хятадад байгаа нь хятадаар, Японд байгаа нь японоор гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцаж байгаа нь нийтэд ил үзэгдэл. Энэ нь магадгүй монголчуудын ухамсрын асуудал биш, монгол бичиг цахим орчныг дагаж гүйцэхгүй байгаатай холбоотой ч байж мэдэх юм. Дагаж гүйцэхгүй гэхээс илүү монгол бичиг нь дээрээс доош бичдэг болохоор дэлхийн дийлэнх улс орны үсэг бичигт зориулсан зүүнээс баруунш бичих форматад тохирохгүй зовлон болдог гэсэн үг.
За, тэгвэл кирилл бол дэлхийн хамгийн өргөн хэрэглээний үсэг бичгийн нэг болохоор хоцрогдож орхигдох явдал хэзээ ч үүсэхгүй. Тэгээд ч тусгаар тогтносон Монгол улсын төрийн албан ёсны үсэг бичиг болохоор амьд бичиг юм. Төрийн албан ёсны үсэг бичиг болохоор тухай улсын бүх зүйл энэ үсэг бичгээр тэмдэглэгдэж байгаа гэсэн үг. Тийм учраас монгол улсаас гадна бусад улс оронд амьдарч буй монголчууд нь Монгол улсаар төв болгосон кирилл бичгийг сурвал үсэг бичгийн хувьд устаж алга болохоос аврагдаж үлдэнэ. Үсэг бичигтэйгээ байна гэдэг бол үндэстэн оршихын нэгэн гол хүчин зүйл. Монгол бичигтэй бид цахим орчноос монгол бичгээр бараг юм олж уншихгүй байна шүү дээ. Гэтэл кириллээр бол наад захын зүйл бараг бүгд байдаг болжээ.
Тийм ч учраас үр хүүхдэдээ кирилл сургах нь хамаагүй ашигтай гэдгийг энд онцолж байгаа билээ.
Монгол бичиг Монгол улсыг мөхөөх нь
Ингээд нэгэнт монгол ба кирилл бичгийн асуудлыг хөндсөн тул монгол улс нь кириллээ орхиж монгол бичигт орох, эсвэл хос бичигтэй болох, эсвэл төрийн хэргийг монгол бичгээр явуулдаг болбол ямар байдал үүсэх талаар товч хэдэн зүйлийг хэлье.
1940-ээд онд ардын хувьсгал ялаад 20 гаруй жил болчихсон байтлаа нийт хүн амын дөнгөж 20 гаруй хувь нь үсэг бичигт тайлагдсан байж л дээ. Одоо хэрвээ монгол улс 2025 онд монгол бичигтээ буцаад орвол яг 80 жилийн өмнөх байдалдаа ухарч очно. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-д “2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад хөтөлбөрийн зорилго оршино” гэж заагаад эхний ээлжид “Төрийн мэдээлэл сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх”, “албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж талбайн нэр хаяг, нэрийн хуудас, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг монгол бичгээр бичиж хэвшүүлэх” гэх мэт агуулга оржээ.
Монгол бичиг бол дархалсан баатар
Монгол улсын хөгжил дэвшил бол кирилл бичигт орсонтой шууд холбоотой. Тэр нь үсэг бичгийн нөлөөлөл. Хүчирхэг том Орос гүрэнтэй хэл нь өөр ч бичиг нь адилхан байсан болохоор энэ бичгээр дамжуулж монголчууд гэгээрэхэд хялбар байжээ. Шинжлэх ухааны нэр томьёог орчуулахгүй тэр хэвээр нь буулгаж хэрэглэхэд ямар ч харшилдах зүйлгүй, чадах дээд хэмжээгээрээ, ямар ч хүч хөдөлмөр зарцуулахгүй импортлох бололцоо нээгдсэн. Энэ нь шинжлэх ухааны хөгжил дэвшилтэй том гүрэнтэй үсэг бичгээрээ нэгдэхийн ач тус юм. Энэ нь бас орос хэлийг сурахад маш дөхөм болсон, орос цагаан толгойг сурах шаардлагагүй болсны дээр маш боловсронгуй сайн бичдэг байсан нь том суурь юм. Ийм туршлага бас Монголын түүхэнд байж өнгөрсөн, тэр нь лам нарын зохиосон монгол үсгүүд. Тэд төвд, санскрит үсэгтэй ойролцоо үсэг зохиож хэрэглэх нь буддын ном зохиолыг монголчлоход хялбар гэдгийг ойлгожээ. Гэвч бүгд ялагдсан. Шалтгаан нь кирилл шиг цагаан толгойг нь шууд авч хэрэглээгүйд оршино. Лам нар их толгой гаргаж шинэ үсэг бүтээх гээд алдсан байна. Харин Япон, Солонгосчууд хятад үсгийг шууд авч хэрэглэсэн нь эдгээр үндэстэнд том гэгээрэл болсон байдаг. Үүнийг тэд огт үгүйсгэдэггүй. Япончууд канзыг яг тэр хэвээр нь аваад япон аялгаар уншиж, япон дагавар залгаад туучихжээ. Одоогийн ойлголтоор авч хэлбэл бараг оюуны хулгайч шиг зүйл. Тэгэхлээр том соёл иргэншилтэй улс түмний үсэг бичгийг тэр хэвээр авч хэрэглэнэ гэдэг бол тийм хэмжээний соёл иргэншилтэй богино хугацаанд болно гэсэн үг л дээ. Энэ мэт хятад ханзыг авч хэрэглэсэн улс орныг судлаачид хятад соёлын нөлөөний орон гэж нэрлэдэг.
Аз болоход бид хятад ханзыг аваагүй, энэ нь монгол бичгийн дархан гавья юм. Өөрөө ийм сайхан үсэг бичигтэй байж яах гэж бусдын үсэг бичгийг гуйх билээ. Монголчууд бол өөрийн үсэг бичиг, үг хэл, үүх түүхтэй явж ирсэн, хятадын соёлын нөлөөний орон огт биш юм. Нэг ёсондоо Монгол бичиг биднийг хамгаалж ирж л дээ.
Тусгаар тогтнолын баталгаа
Монгол бичиг бол биднийг хятадын соёлын нөлөөнөөс хамгаалсан дархан баатар мөнөөс мөн. Гэвч энэ бол кирилл бичгийг хэрэглэх үе хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Кирилл бичгийг хэрэглэх болсноор энэ үүрэг кирилл бичгийн нуруунд шилжсэн. Үлгэрлэвэл: Чингис хааны үед монгол морь, ном, сэлэм үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өнөөдөр бид монгол морь, ном сум, илд сэлмээр өөрийгөө хамгаалж чадахгүй болсон шүү дээ. Тэдний үүргийг орчин үеийн техник гүйцэтгэх болсон. Үүн лугаа адилхан, монгол бичгийг кирилл бичиг орлосон юм. Монгол улс бол хятадын соёлын нөлөөний орон биш гэдгийг кирилл бичиг дахин харууллаа. Манжийн үед ч гэсэн Монгол улс бол “Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” гэдэг хуулиар явж байсан. Харин өвөр монгол бол манжийн дотоодын хуульд захирагдаж байжээ. 1945 оны Ялтын хэлэлцээрээр Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж, өвөр монголыг хятад улсад өөртөө засах орноор үлдээхээр болсон. Яг энэ үйл явдлуудтай зэрэгцэн монгол улс кирилл бичигт дараа жилийнх нь 1-р сарын 1 -ны өдрөөс эхлэн эргэлт буцалтгүй, эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй орсон байдаг. Ингээд Монгол улс нь ЗХУ -аар төвтэй европ соёлын хүрээнд багтах болжээ. Тухайн үеэс эхлэн улс төр, эдийн засаг, үзэл суртал, соёл шинжлэх ухаан гээд бүх зүйл нь кирилл бичгээр дамжин монголчуудыг нөлөөлөх болсон. Энэ нь зөвхөн хятадаас улс төр, эдийн засгийн төдийгүй соёлын тусгаар тогтнол, хараат бус байдлын баримт баталгаа байв.
Дундад улсын монгол хэл
Өвөр монгол ч гэсэн энэ хүрээнд багтахын төлөө 1950-аад оноос кирилл бичиг сурах хөдөлгөөн өрнөсөн. Гэтэл энэ байдалд хардсан хятадын Жоу Эньлай гэгч ерөнхий сайд өвөр монголд кирилл бичиг сурахыг хориглож монгол бичиг хэрэглэх шийдвэр гаргасан. Монгол улсад кирилл бичгийг халх аман аялгуунд тулгуурлан зохиосон байдаг бол өвөр монголд үүний эсрэг монгол бичгийн баримжаа авиалбар гэдгийг цахар аялгуунд тулгуурлан нэмж хасан зохиомол дуудлагыг буй болгосон. Энэ нь хоёр монгол дахиж нийлэхээс сэргийлэн хэл аялгуу ба үсэг бичиг нь өөр өөр хоёр үндэстэн болгон өөрчлөх гэсэн хятадын бодлого байв. Энэ хачин аялгууны албан ёсны нэр нь “Дундад улсын монгол хэлний баримжаа авиа” гэдэг. Энэ нэр шигээ өвөр монголын монгол хэл бичиг бол монгол үндэстний биш, хятад улсын монгол хэл ба бичиг гэсэн үзэл санаа агуулагдсан байдаг. Түүний хойно Соёлын хувьсгал гэгч өрнөн кирилл бичиг сурсан хүмүүсийг Ар монголын тагнуул нэрээр үй олноор нь хэлмэгдүүлж билээ.
Үлгэр үүгээр дуусаагүй, коммунист үзэл суртлын ЗХУ нурж унасан тул Монгол улс үндсэн хуулиа өөрчлөн ардчилсан улс болж, үндэстний уламжлалаа сэргээх хөдөлгөөн өрнөсөн. Түүний дотор монгол бичиг зүй ёсоор багтаж байв. Бүх хүн төрөлхтөн өөрийн түүх соёлоороо бахархдаг, монгол хүнд бүр илүү бардамнах зүйлтэй. Түүний нэг нь гарцаагүй эзэн Чингис хааны босоо Монгол бичиг бөлгөө. Чухам хэзээ “босоо” цолтой болсныг бүү мэд, би лав багадаа сонсож байгаагүй. Ингээд нөгөө нь хэвтээ болж хувирав. Монголчууд ерээд оноос галзуу солиотой мэт АНУ -ыг магтан дуулж, ЗХУ -ын үед балар харанхуй, харгис хэрцгий, дарлал доромжлолд байсан мэт тухайн үеийн бүх зүйлийг туйлшран үгүйсгэж эхэлсэн. Энэ нь яг оновчтой хэлбэл ЗХУ-ын цэргээ монголоос гарсан тэр өдрөөс л эхэлсэн. Энэ өдрийг тэсэл алдан хүлээж байсан улс төрийн хүчин оршиж байжээ. Тэр нь хятадын талыг баригчид юм. Хэдийчинээ Америкийг магтан дуулж, Оросыг хараан зүхэх тутмаа төдийчинээ хятадын талд ашигтай эргэж байв. Учир нь Монгол улс нь далайн гарцгүй, зөвхөн Орос Хятад гэсэн хоёрхон улстай хиллэж энэ хоёр том гүрний дунд хавчигдан оршиж байдаг. Нэгийг нь үзэн ядвал нөгөөг нь түшиж тэр зүгт хэлбийх нь гарцаагүй, жижиг буурай оронд Энэтхэг шиг дунджийг баримтлах бололцоо байхгүй. Тэгж бодож байгаа нөхөд байвал өөрийгөө хуурсан хэрэг. Үнэндээ монгол бичгийг сэргээх шийдвэр гаргасан улс төрчид бол өөрөө монгол бичиг мэддэггүй, монгол бичгийн талаар усан толгойнууд байжээ. Нэг нь авьяастай тул нэрээ сайхан бичнэ, нөгөө нь ерөнхийлөгч болоод нэрээ бичиж сурчээ. Өөрөө мэдэхгүй зүйлийг сайн муу, зөв буруу гэж дүгнэлт хийх хэцүү л дээ.
Domino Theory
За, ингээд нөгөө “Дундад улсын монгол хэл”-нд нэгтгэх ажил нь эхэлсэн дээ. Гэвч монгол бичгээр дамжуулан өөрийн соёлын хүрээнд оруулж чадахгүй. Энэ чинь нөгөө хятадын соёлын нөлөөнөөс хэдэн мянган жил хамгаалж ирсэн дархан баатар шүү дээ. Гэвч түүнээс хойш шинэ нөхцөл байдал үүссэн тухай дээр өгүүлсэн. Одоо зөвхөн үсэг бичгээр хамгаалж чадахгүй, улс төрийн хүчирхийлэл хэрэглэдэг эрин болжээ. Тэд нэгэнт алтан туршлагатай болсон. Монгол бичигтэй, модон аялгуутай хүмүүс бол хятадын нэг хэсэг мөн. Энэ хүмүүсийн хэл ба бичгийг 2020 оноос сурч судалж, хөгжүүлж дэлгэрүүлэхийг ерөнхийдөө хориглосон. Эхлээд хос хэлний бодлого хэмээн монгол хятадыг зэрэгцүүлэн сурахыг санал болгосон ч өвөр монголчууд хүлээж аваагүй, эсэргүүцэл илэрхийлснээс болж, бүр цаашлаад шууд хятад хэлийг тулган хүлээлгэжээ. Domino Theory гэж нэг зүйл буй. Үүнийг өнөөдөр олон улсын улс төрийн бодлогод өргөн хэрэглэх болсон. Босгож тавьсан тоглоомын дөрвөлжин моднуудыг нэгийг унагавал бусад нь дагаж бие биеэ дарж унадаг үзэгдэл. Улс төр, олон улсын харьцаанд нэг зүйл буй болбол бусад нь хойно хойноос нь дагаж дууриадаг гэсэн үг. Сайн муу, зөв буруугийн ялгаа байхгүй. “Дундад улсын Монгол хэл” -тэй монголчууд бол тэдний үндэстний цөөнх, тэд үсэг бичгийг нь хориглож, хятадчилах зорилгодоо хүрч чадсан. Тэд ийм түүхэн туршлага, жишээг буй болголоо. Түүх давтагддаг, энэ түүх ч давтагдаж мэднэ.
Үхүх хүн ханьсаг
“Үхүх хүн ханьсаг” гэдэг үг буй. Манай өвөр монголчууд энэ хар аюулыг ухаарах сэхээгүй, ар монголчуудаа уруу татаж буй тал ч ажиглагдсан. Энэ нь монгол бичгээ авч үлдээх гэсэн тэдний сайн санаа. Гэтэл үүний дээр нөлөөлсөн дээр нь нөлөөлж, хөөрөгдсөн дээр нь хөөрөгдөж, мөнгө зоос хүртэл гаргаж зээл тусламж хүртэл үзүүлж, монгол бичгийг сэргээхээр хүчлэн оролдож буй хүчин байхыг үгүйсгэх арга байхгүй. Өнөөдөр Улаанбаатарт монгол бичгийн хаяг өлгөөтэй гуанз пүүс олширч, дээр үеийн өвөр монголыг бодогдуулах болжээ. Ингээд Орос соёлоос цорын ганц үлдэж хоцорсон кирилл бичиг нь хүртэл Зөвлөлд Холбоот Улсын цэргийн цувааг дагаж умард зүгт гэлдрэх азгүй хувь заяа үлджээ.Тэдний хамаг сүүлчийн цуваа 1992 оны 12 сарын тасхийм хүйтэнд Монгол Улсыг орхин явж билээ.
Утгын балай болох нь
Хамгийн аймшигтай нь Монголчуудыг утгын балай болгох явдал. Монгол бичиг бол үндэстний бичиг, монгол хүн бол монгол бичгээ сэргээж, мэддэг, хэрэглэдэг байх хэрэгтэй хэмээн өдөр шөнөгүй хөөргөж, монгол бичгийг сэргээгээд, Монгол улсын монголчуудыг наад захын сонин хэвлэл, албан бичиг уншиж чаддаггүй болгох явдал бол дал хүчний чин зорилго юм. Мэдээж энэ ажиллагаа аль хэдий эхэлчихсэн, Монгол телевизийн дэлгэцээс кирилл бичиг арилаад хүний нэр, албан тушаал, товч танилцуулга зэргийг шууд монгол бичгээр бичдэг болсон харагдсан. Түүнийг уншиж чаддаг хүн цөөн. Ингээд үсэг бичгээр гэгээрэх байтугай ядаж ТВ үзээд ойлгохгүй болж байгаа юм.
За, монголчуудыг толгой маш сайтай, оюуны чадвар өндөр хүмүүс гэж бодъё. Эхлээд сургуулийн насны хүүхдүүдэд монгол бичгийг эрчимтэй зааж маш сайн эзэмшиж, өдөр тутам хэрэглэж сурчээ. Энэ тохиолдолд хоёр бичгийг хоёуланг төгс сурдаг хүүхэд ховор тул заавал кирилл нь орхигдож таарна. Үүнийг өнгөрсний гучин жилийн түүх харуулж байгаа. Яагаад гэвэл хоёулаа монгол хэлийг тэмдэглэдэг үсэг бичиг тул нэгийг нь сайн мэдвэл хангалттай, хүн мэддэг чаддаг зүйлээ түлхүү хэрэглэдэг сэтгэл зүйтэй. Монгол ба кирилл бол хольж хэрэглэдэг үсэг биш, хольж хэрэглэдэг үсэг бол зэрэг сайжирдаг онцлогтой. Жишээ нь: япон хэл бол Канз, Хирагана, Катакана гэсэн гурван төрлийн үсэг сурдаг ч бүгдийг хольж хэрэглэдэг болохоор аль нэг нь орхигдоно гэсэн ойлголт байхгүй, хэрэглэх тутам бүгд боловсронгуй болдог. Ингэж монгол бичгээр хүмүүжээд гарч ирсэн хүүхдүүд маань бидний хэдэн үеэрээ 80 жилийн турш бүтээсэн оюуны бүтээлүүдийг боловсронгуй ашиглах чадваргүй болж байгаа юм. Ганц олигтой уран зохиол уншиж чадахгүй, ганц түүх мэдэхгүй, цаана чинь байгаль, нийгмийн шинжлэх ухааны хэчнээн төчнөөн ном зохиол байгаа шүү дээ. Ингэж 21-р зуунд өөрийн үр хүүхэд, ирээгүйгээ утгын сохор болгоход хүргэнэ.
Миний бие ерээд онд Шилийн гол аймгаас Улаанбаатарт ирж оюутан болсон, ганц мэддэг бичиг нь монгол бичиг байсан, гэтэл монгол бичгийн уншиж судлах ном зохиол Монголд байгаагүй, одоо ч байхгүй. Тэгээд кирилл бичиг сурсан ч түргэн уншиж суртал маш их хугацаа хэрэглэсэн. Тухайн үед “Халуун хөнжил” уншвал кирилл түргэн сурна гэдэг ярьдаг байсан болохоор “Халуун хөнжил” ч уншиж байлаа. “Халуун хөнжил” гэдэг нь ардчиллаар хэвлэгдэх болсон Монголын анхны шалиг сонин юм.
За, дараа нь хорь гучаад насны залууст ямар байдал үүсэх бэ гэвэл миний “Халуун хөнжил” уншиж кирилл сурснаас бүр долоон доор. Сая хэдэн нөхөд төрийн байгууллагад монгол бичиг заагаад зургийг нь Нүүр ном дээр байнга тавьдаг болжээ. Тэр зургуудыг ажиглаад байхад ажилд ороод удаагүй хориод настай охид хөвгүүд монгол бичиг олигтой мэдэхгүй байгаа нь тун илэрхий. Учир нь цагаан толгойгоос эхлээд бичиж байгаа байхгүй юу. Тийм хүмүүс монгол бичгээр зөв бичих байтугай уншиж суртал их хугацаа хэрэглэнэ. Ингээд монгол төрийн алба 2025 оноос үсэг бичиг мэддэггүй хүмүүсийн гарт шилжих нь гэсэн айдас төрөгдсөн. “Алъя гэж бичсэн ч мэдэхгүй” гэсэн үг байдаг даа. Тийм үлгэр хаа сайгүй, өдөр тутам үүсэх нь л дээ. Нэг ёсондоо монгол төрийг гацаах далд бодлогоос өөр юу ч биш. Би ч гэсэн их сургуульд байхдаа мэдэхгүй зүйлээ монгол бичгээр бичиж багшаа аргалдаг байлаа. Багш маань монгол бичиг сайн мэддэггүй байсан мөртөө миний бичсэнийг ойлгосон болж царайлаад, эсвэл надад итгэдэг байсан ч юм билүү, бүү мэд, ямар ч байсан тэнцүүлдэг байсан. Багш шавь хоёул л ингэж бие биеэ хуурсан шалдан хаан байж билээ.
За, дөч тавиад насны хүмүүс бол монгол бичиг төрийн бичиг болсон тэр өдрөөс эхлээд утгын балай болж, үлдсэн дөч тавин насаа нүд сохор түнэр харанхуйд өнгөрнө. Монгол бичгээр хэвлэгдсэн шинэ ном зохиол байтугай, өдөр тутмын хэвлэл мэдээлэл ч уншиж чадахгүй, тэдэнд авч хэлбэл интернет бол бүр босоо бичсэн арав бичиг шиг харагдана. Гэвч энэ насны хүмүүс хэзээ ч бууж өгөхгүй, заавал сурна гэсэн халуун зоригтой орно. Харамсалтай нь уураг тархи нь шинэ зүйл сурч дасаж зохицох чадвараа ихээхэн алдсан байдаг. Сурна гэж оролдсоор сурч чадалгүй нэгэн насыг элээнэ.
Жараас дээш насны хүмүүс бол сэтгэхүй нь зогсож зөнөглөнө(Dementia- дэмийрэл). Уншиж сурсан хүмүүс уншиж чадахаа больсоор тархи нь ажиллахаа больж тэнэглэн янз бүрийн өвчинд баригддаг. Миний бие гуч гараад Японд ирэхдээ япон хэл огт мэдэхгүй байсан. Эргэн тойрны хүмүүс юу ярьж, юу бичиж байгааг нь мэдэхгүй болохоор балмагдаж, толгой цагаан цаас шиг болдог. Ийм байдал нэлээд хэдэн жил үргэлжилсэн. Хожим нь сонсдог ном гэгч гарч ирээд өдөржин шөнөжин сонсож явсаар байгаад арай гэж япон хэл ойлгодог болж оюун нээгдсэн. Өөрөөр хэлбэл хэлд орсон гэсэн үг. Хүн ярьж бичиж уншиж чадахаа больсоор сэтгэхүй зогсож, бүх чадвараа алдаж нийгмийн амьтан биш болдгыг өөрийн биеэр мэдэрсэн. Нэг хүн ч яамай, нийгэм бүхэлдээ тийм болбол төгсгөл гэсэн үг.
Албан бичгийг монголоор бичихийг бүү хэл, зөвхөн албан газрын хаягийг монгол бичгээр бичсэн байхад л баларч дуусна. Монгол бичиг мэдэхгүй яарсан сандарсан хүн түргэн тусламж авч чадахгүй, буруу зөрүү газар орж цаг алдана. Энэ нийтлэлийг бичиж байх зуур Оросын цэрэг Украинд орж байна.
Түрэмгийлэлд өртөх гэж байгаа хотуудын авч байгаа нэг арга нь хот доторх албан байгууллуудын хаягийг авч хаях явдал. Энэ нь харийн цэргүүд хотод орж ирээд хаа юу байхыг мэдэхгүй будлиулж барьц алдуулах зорилготой гэнэ. Монголчууд нь өөрөө уншиж чадахгүй монгол бичгээр хаягаа сольчихвол энд татсан жишээнээс ялгарах зүйл юу байх билээ.
Хуурамч бичиг үсэгтэн
Монгол улс 1946 онд хүчээр кирилл бичигт орсноос хойш 26 жил нүдэж байж 1971 онд сая бүх нийтээрээ бичиг үсэгтэй болж чаджээ. Гэвч энэ нь тийм ч хялбар ажил байгаагүй. Хүмүүс олигтой бичиг үсэгт тайлагдахгүй байжээ. Тийм ч учраас 1960 оны зун “бичиг үсэг үл мэдэгчдийг илрүүлэх” операц зохиосон байна. Энэ нь “хуурамч бичиг үсэгтэн” буюу бичиг үсэг сурсан, сургасан мэтээр худал тайлан явуулагчидтай хийх тэмцэл юм. Ингээд энэ шалгалтаар 52 мянган хүнийг илрүүлж дахин албадан сургах байдал үргэлжилсээр арай гэж 1971 онд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдан ЮНЕСКО-гийн алтан медалыг хүртсэн байдаг. Энэ нь тэгээд бас Азийн анхны орон гэнэ. Гэтэл өнөөдөр тухайн үе шиг соёлын довтолгоо явуулж чадах үе биш. Тэгээд ч кириллээс хамаагүй хүчиртэй монгол бичиг болохоор бүр олон жил шаардах нь гарцаагүй. За тэгээд үндэстний цөөнх болсон Хасаг түмэнд бүр хүнд тусна. Тэд маань өөрийн үндэстний казах хэлнээс гадна бас монгол хэл сурдаг. Дахиад дээр нь нэмээд монгол бичиг сурна гэвэл бараг бүтэхгүй ажил болно. Тэгээд бас Хасагуудын зовлон дуусахгүй, Хятадын төр засгаас Friendship Medal хүртсэн Казахын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нь бас кириллээс татгалзан 2025 оноос латин үсэг хэрэглүүлэх болгожээ. Үүнийг нь бас монголын Хасагууд сурч даарна.
Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд “Эхээ идсэн эмгэн цагаан” гэдэг шиг монгол бичиг монгол улсыг мөхөөнө. Монгол бичгээр төрийн бичиг хийх биш, зүгээр л билэгдлийн шинжтэй сурах дуртай нь сурч, судлах дуртай нь судлаад явах байдлаар нээлттэй орхиход хангалттай. Үсэг бичгийг үндэстний хайр сэтгэлгээ талаас нь харахаас илүү, мэдлэг ухаан олж авах, мэдээ мэдээлэл дамжуулах хэрэгсэл, багаж гэдэг талаас нь ухаалаг хүлээж авах нь зүйтэй.
2022 оны хаврын дунд сар
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.