Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг луйвардан авах оролдлогын ерөнхий схем ийм байжээ:
2016 оны 6-р сарын 27-нд тухайн үеийн АН-ын ЗГазрын Сангийн сайд Б. Болор УИХурал болон төрийн захиргааны холбогдох дээд байгууллага-яамдад урьдчилан танилцуулж санал авалгүй нууцаар нэгэн тушаалыг дур мэдэн гаргаж Эрдэнэт болон Монголросцветмет-ийн Хувь эзэмшигчдийн хуралд оролцох удирдамж гэгч баримт бичгийг батлан Монголын талын 51%-ийг хожим 49%-ийг худалдаж авсан гэж мэлзэж буй хувь компанийн эрх ашгийг хамгаалан зүтгүүлж байгаа этгээдүүдийн мэдэлд /шинээр томилсон “өөрсдийн” 3 гишүүнээрээ Монголын талын 51%-ийг төлөөлүүлэх замаар/ бас хэрэг дээрээ үнэгүй шилжүүлсэн байна. Тэрхүү нууц тушаал нь Эрдэнэт болон Монросцветмет хамтарсан үйлдвэрийн ТУЗ нь нийт 6 гишүүнтэй байна, хоёр талыг гурав гурван гишүүн төлөөлнө, ТУЗ-ын дарга нь цөөнхийн төлөөлөл байна, та хэд миний энэ саналыг үг дуугүй дэмж гэсэн утгатай. Ингээд тэр өдрөө буюу 6-р сарын 27-нд, сонгууль ид өрнөж бужигнаж байсан үед, санал хураахын яг өмнөхөн, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн хурлыг тэд яаралтай зарлаж ийнхүү энэ шинээр зохион байгуулсан ТУЗөвлөлөө хуралдуулан Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Дүрмийг өөрчлөн шинэчлэн баталсан байна. Энэхүү шинэ Дүрэм гэгчийн төслийг тус яаралтай хуралдаанаар батлахдаа дээрх схемээ дахин давтан ашиглаж - ТУЗ-ын даргыг цөөнхөөс томилох, хэрэв гишүүдийн санал тэнцэх юм бол ТУЗ-ын даргын саналаар бүх шийдвэр гарна гэсэн нэлээд алсаа харсан, хожмын үйл ажиллагаагаа сайтар тооцож яв цав нийцүүлсэн заалтыг уг хуралдааныг даргалагчийн гаргасан саналын дагуу баталж, нууцаар яаран сандран өөрчилж байсан шинэ Дүрэмдээ оруулж авсан байна. Тэгээд ТУЗ-ын дарга нь Дотоод аудит /хөндлөнгийн хяналт/-ын даргыг бас цөөнхөөс томилно гэсэн заалтыг оруулж, харин Нэр дэвшүүлэх хороог байгуулахдаа даргаар нь өөрийгөө дэвшүүлэн тус хурлаар томилуулж, дараа нь өөрөө Нэр дэвшүүлэх хорооны дарга нэгэнт болсныхоо дараа НДХорооны дарга бүх томилгооны саналыг хуралд оруулж батлуулна гэсэн заалтыг бас шинэчилсэн Дүрэм-дээ оруулж авсан байна. Энэ бүх зальт ажиллагааны үр дүнд Монголын ЗГазрын 51%-ийн эрх мэдэл гэж бодит байдал дээрээ огт байхгүй болсон байна. Учир нь үүнээс хойш Монгол улсын 51%-ийг “төлөөлөх” болсон 3 гишүүн нь хэрэг дээрээ хуйвалдагчдад хэрэгтэй шийдвэрийг зүтгүүлдэг тавиулууд нь болсон байв. Сонгуулийн дараа шинээр байгуулагдсан ЗГазрын шинэ ерөнхий сайд "Эрдэнэттэй холбоотой асуудлуудыг шалгах ажлын хэсгийн дэд хэсэг"-ийг байгуулж Эрдэнэт үйлдвэрийн талаар мэдээлэл авах гэхэд өөрсдийгөө “шинэ эзэд” гэсээр байгаа тэр этгээдүүд гаргаж өгөөгүй байна. Бас яг хэн гэгч этгээд хамтарсан үйлдвэрийн ТУЗөвлөлийн дарга болсон нь ч нэг мөр тодорхойгүй бүрхэг байсаар байгаа аж.
Энэ хуйвалдаан луйврын үйл ажиллагааны дараа Монгол улсын 51%-ийг төлөөлж байсан, АН-ын ЗГазрын Сангийн яамны ажилтан Шинэбаатар гэгч 2016 оны 7-р сарын 7-нд өөрөө өөртөө тушаал гаргаж өөрийгөө Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирлын орлогчоор томилчихсон байна. Монгол улсын төр засгийн гаргасан шийдвэр бодлогын дагуу манай талын 51%-ийн эрх ашгийг хамтарсан үйлдвэрийн ТУЗ дээр хамгаалж Эрдэнэт үйлдвэрийн бодлого, үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажиллах үүрэгтэй байсан энэ албан тушаалтан өөрөө Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал болон хувирч гүйцэтгэх шатанд ууссан нь нэгдүгээрт, Монголын талын 51%-ийн эрх ашгийг хамгаалж Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын бодлого үйл ажиллагаанд хяналт тавьж байх төрийн төлөөлөлгүй болгож; хоёрдугаарт, өөрөө Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх шатан дахь элдэв ашиг сонирхолтой хутгалдсан учир түүний энэ хууль бус гэмт үйлдэл нь бодит утгаараа - мөн чанартаа Монголын талын 51%-ийг байхгүй болгосон гэсэн үг юм.
2015 оны эцсийн гүйцэтгэлээр Эрдэнэт хамтарсан үйлдвэр Монгол улсын төсөвт нийт 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан бол уг үйлдвэрийг Монгол улсаас луйвардан хувийн болгох үйл ажиллагаа эхэлсэн 2016 онд гэхэд л 20-хон тэрбум төгрөгийн татвар төлсөн байгаа нь энэ “хувийн өмчийн” Монгол улсын төсөвт төлсөн татвар нь даруй 14 дахин буурсан гэсэн үг юм. Гэвч Эрдэнэтийн шинэ удирдлага гэж өөрсдийгөө нэрлээд байгаа албан тушаалтнууд "дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан" гэх мэт үнэндээ бол жижиг сажиг шалтаг тоочин мэлзэж байгаа нь зөвхөн 2016 онд улсын төсөвт төлсөн татвар нь ийм огцом 14 дахин буурах ямар ч шалтгаан болж чадахгүй нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой биз ээ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж дэлхийн зах зээлийн үнээр зэс борлуулдаг Оюутолгой гэхэд л 2016 онд Монгол улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн татвар төлсөн байхад Эрдэнэт үйлдвэрийг луйвардах оролдлого эхэлсний дараа 20-хон тэрбум төгрөгийн татварыг Улсын төсөвт төлсөн байгаа нь Эрдэнэт үйлдвэрийг хувийн нэг түр компани байгуулж байгаад өөрийнх нь ашгаар хувийн өмчид луйвардаж байгааг тод томруун илчилж байгаа хэрэг юм. Бүүр тодорхой хэлбэл, Эрдэнэтийн 49%-ийг луйврын замаар худалдан авахын тулд дотоод гадаадын хэд хэдэн банкнаас түр зээлүүд цуглуулж Ростех компанийн дээд удирдлагад нөлөөлөн Эрдэнэтийг үгсэн луйвардаж авсныхаа дараа энэ бүх зээлээ Эрдэнэт үйлдвэрийн ашгаас төлж барагдуулаад ирээдүйн бүх ашгийг нь хэдхэн хувь этгээдүүдийн ашиг хонжооны эх үүсвэр болгох гэсэн бохир шуналын заль мэх юм. Үүнийг неолиберализмын цаад мөн чанар - жинхэнэ хулгай луйвар гэхгүй юм бол өөр юуг хулгай луйвар гэх вэ.
Монголын улсын – Монголын ард түмний язгуур эрх ашгийг өмгөөлж Эрдэнэтийн 49%-ийн асуудлыг шударгаар шийдвэрлэхийн төлөө, хамтарсан үйлдвэрийн Дүрмийн зохих заалтууд, Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг мөрдөхийн төлөө тэмцэж байгаа зарим улстөрчдөөс авсан ярилцлагаасаа Hero энтертаймент студи (Л. Баатар) өөрсдийн үзэмжээр зарим хэсэг, үг өгүүлбэрүүдийг тухайн хүний тэр хэлж байгаа санаан дотроос нь сугалан авч неолиберализмаас өөр юм мэдэхгүй шахуу хэдэн “чөлөөт” сэтгүүлчдээр тайлбарлуулж мөн урьдчилан шилж сонгож авсан хэдхэн “гавьяат” неолибералчдын зүтгүүлсээр байгаа Монгол улсын эрх ашгийн эсрэг цаад утга, мөн чанар бүхий тархины угаалтуудтай хүчээр холбон зарим гэнэн үзэгчдийн өмнө энэхүү луйвраа зөвтгөж огт өөр өнгө аяс, утгатай ойлголт төсөөлөл төрүүлэхээр болгож эвлүүлсэн байгааг энэхүү захиалгат эвлүүлгийг нь үзээд төвөггүй олж харж ойлгож болно.
- Ч. Сайханбилэг: “Монгол-Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр бол 100% Монголынх болсон гэдгийг би албан ёсоор зарлах гэсэн юм” гэж хэлж байна...
Үгүй ээ, энэ бол цэвэр увайгүй бохир заль мэх - тархи угаалгын сонгодог жишээ юм. Энэ хууль бус үйл ажиллагаа бол Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Дүрмийн дагуу 49%-ийг Оросын талаас эхний ээлжид давуу эрхээр худалдан авах боломжийг Монгол улсад олгохгүйгээр /Монгол улсыг буюу Монголын ард түмнийг төлөөлсөн улсын дээд эрх барих байгууллага УИХ-ын мэдлийн өмч биш болгох гэсэн увайгүй далд хуйвалдаан ингэж ил гарч эхэлсэн гэсэн үг/ неолибералчдын шүтээн - хувийн өмчид луйвардан авах гэсэн далд хуйвалдаан юм. Эрдэнэтийн 49%-ийг ийнхүү Монгол улсын өмч биш - Монголын төрийн мэдлийнх биш - Монголын нийт ард түмний баялаг биш болгох гэсэн эрээ цээргүй энэ бохир явуулгаа тэд одоо ч ийнхүү зүтгүүлсээр л байна. Энэ бүх ичгүүр сонжуургүй луйвар бол засаршгүй гэнэн зарим нэг хүмүүст “Монголын компани юм байна, зэс үйлдвэрлэх гэж байгаа юм байна” гэсэн хоосон горьдлого төрүүлэх зорилгоор “Монголын зэс корпораци” гэсэн зориудын гоё нэр өгсөн хувийн түр компанийн ард байгаа хүйтэн цэвдэг шунаг сувьдаг сэтгэлтэй хэдхэн этгээдүүдийн /тэдний ард харийнхан байгаа болохоор тэд ийнхүү аархан эрдэж эрээ цээргүй аашилж байгаа гэдгийг бид санаж байх ёстой/ ашиг хонжоо – эхний ээлжид Эрдэнэтийн 49%-ийг хувийн компанийн өмч болгон луйвардах гэсэн увайгүй зальт явуулга гэдгийг монголчууд бид юуны өмнө ойлгон ухаарахыг хичээх ёстой. Эрдэнэтийн 49%-ийг хэрэв хувийн компанийн өмчид луйвардуулан алдах юм бол Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн олон жилийн 49%-ийн ноогдол ашиг цаашид Монголын ард түмний цалин, тэтгэвэр тэтгэмжийн эх үүсвэр биш харин гадаад дотоодын хэдхэн хувь этгээдүүдийн ашиг хонжооны эх үүсвэр, Монгол улсыг өрийн намагт улам гүнзгий хийн элдвээр шантаажилж байх гаднынхны улстөр-санхүү-эдийн засгийн хэрэгсэл болон хувирна гэсэн үг юм.
Энэ хэмжээгээр Монголын бүх ААНэгжүүд, иргэдийн нуруун дээр ирэх татвар хураамж олон дахин нэмэгдэхээс өөр аргагүй болгох ба мөн ирээдүйн Монгол улсын, Монгол төрийн чадавх боломж үлэмж доройтох нь гарцаагүй гэдгийг манайхан ойлгож ухаарах ёстой. Монгол улсад одоохондоо бүртгэлтэй эсвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоохондоо үйл ажиллагаа явуулдаг байсан ч хувийн компанийн өмч бол мөн чанартаа Монгол улсын – Монголын ард түмний өмч огт биш гэдгийг саяхны оффшорын хэргийн дараа эрхбиш ойлгон ухаарах байх гэдэгт найдаж байна. Неолибералчид улайран мэлзэж энэ хувийн компаниа 100% Монгол улсын өмч мэт олон нийтэд ойлгуулахыг оролдож байгаа боловч тэд Эрдэнэт үйлдвэрийг нэгэнт хувийн өмч болгосон тохиолдолд дараа нь энэ өмчөө цаад зээлдүүлэгчдэдээ эсвэл харийн эздэдээ хэзээ ч “алдах” “бүрэн эрхтэй” гэдгийг ойлгох нь чухал. Үүнийг тэд 90 оноос хойш “ардчилсан сонгууль”-аар Монголын төрийн өндөрлөгт гарч ирж өөрсдөө баталж мөн элдэв арга бачаар батлуулж ирсэн зориудын санаатай, харийн угшилтай хуулиудаараа “баталгаажуулж” авсан байгааг санацгаая...
- “УИХурлын 2014 оны сонгууль төгсгөлийн шатандаа ороод байсан 6-р сарын сүүлийн хоногуудад Эрдэнэт үйлдвэрийг Монголын тал худалдан авсан мэдээлэл АН-ын холбоотон МАН-ын гишүүд - сайдуудаар дамжин тархсан нь нийтийг хамарсан цуурхал болон дэгдэж сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлсөн” гэж тэд дүгнэж байгаа юм байна...
ОХУлсын өмчийн Ростех компани Ерөнхийлөгч В. Путины өдөр тутмын шууд хяналт, шуурхай удирдлага доор бус, харин өнөөгийн ОХУлсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийнхаа дагуу Засгийн газрын тэргүүн Д. Медведевийн шууд хяналт удирдлага доор үйл ажиллагаагаа явуулдаг олон АННэгжүүдийн нэг юм. Д. Медведев бол ОХУлсын ЗГазрын дээд удирдлага доторх барууны либерал цөөнх бүлэглэлийн нэг гол төлөөлөгч гэдгээрээ аль хэдийнээ танигдсан, иймээс Оросын нийт ард түмний олонхын дэмжлэгийг олон удаагийн неолибералч үйлдлээрээ алдсан гэдгийг бид олон жилийн турш үзэж харж сонсож уншиж дүгнэж байгаа билээ. Маш товчхондоо, ерөнхийлөгч В. В Путин 1990-ээд оны либерал Үндсэн хууль болон бусад хуулиудынхаа дагуу гадаад улстөрийн бодлого, батлан хамгаалах салбараа голчлон хариуцдаг ба зарим нэг бодгалиудын төсөөлдөгчлөн бүх зүйлийг нэгбүрчлэн мэддэг, дангаараа шийддэг үнэмлэхүй эрх мэдэлтэй “хаан” хараахан биш юм.
Манай хэсэг хувь этгээдүүд “Монголын зэс корпораци” гэх нэг хүний (түр) компани байгуулан Эрдэнэтийн 49%-ийг худалдан авах эсэх асуудлыг шийдвэрлэх эрхзүйн гол субъект - Монгол улсын төрийн дээд эрх барих байгууллага УИХурлын ар хударгаар Оросын Ростех компанийн удирдлагатай холбоо тогтоож Эрдэнэтийн талаар ийм яриа хэлцэл сэм өрнүүлж байсан нь өөрөө хууль бус, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Учир нь энэ нөөц баялгийн уугуул/роял/ өмчлөгч Монгол улсын, түүний төрийн дээд эрх барих байгууллага УИХурлын ар хударгаар - эхний ээлжид давуу эрхтэйгээр хамтарсан энэ компанийн 49%-ийн өмчийг нөгөө талаасаа худалдан авах эсэх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй УИХ-ыг хэрэг дээрээ залилж өөрсдийн хувийн өмч болгох гэж тэд хууль зөрчин нөгөө талтай дур мэдэн, УИХ-ын ямар нэг албан ёсны зөвшөөрөл-удирдамжгүйгээр далд хэлцэл-хуйвалдаан сэм зохион байгуулж байснаа ийнхүү өөрсдөө олон үйлдлээрээ хүлээн зөвшөөрч энэхүү хэлцэл гэгчээрээ нотолсон хэрэг юм. Ийм хууль бус бодлого үйл ажиллагааг Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Монгол улсын өмчийн эсрэг гэмт үйл ажиллагаа гэдгийг манай өнөөгийн зохих хуулиудад ч зүйлчилсэн байдаг.
- Эрдэнэтийн 51%-ийг барьцаанд тавьсан гэх асуудлын тухайд....
Тэд шууд Эрдэнэтийн 51%-ийг барьцаанд тавьсан гэх асуудлыг сөргүүлэн тавьж байгаа... Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр бол социалист БНМАУлс ЗХУлстай хамтран байгуулсан том цогцолбор үйлдвэр билээ. Энэ үйлдвэрийн нөөц баялгийг Зөвлөлт-Монголын геологичид 1970-аад оны эхээр нээсний дараа уулын баяжуулах үйлдвэр байгуулах мөн дагалдсан Эрдэнэт хотыг шинээр барьж босгох бүх хөрөнгө оруулалтыг ЗХУлс дангаараа гаргаж барьж байгуулсан бөгөөд үйлдвэр ажиллаж эхэлсэн 1974 оноос Оросын тал өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын 51%-ийг ашгаас нь суутган тооцож авч дууссаныхаа дараа 1976 онд тус үйлдвэрийн 51%-ийг урьдчилан тохиролцсон гэрээний дагуу Монголын талд – энэ нөөц баялгийн уугуул эзнийх нь хувьд төлбөргүйгээр шилжүүлсэн юм. Чухамдаа энэ хамтарсан үйлдвэр л 1990 оны тэр үйл явдлаас эхэлсэн неолибералч сүйрлийн хар шуурганы жилүүдэд Монгол улсын төсвийн үлэмж хэсгийг дангаар бүрдүүлж төсвийн ажилтнуудад цалин хангамж, ахмадуудад тэтгэвэр, хүүхдүүдэд тэтгэлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэмжийг олгож ирсэн эх үүсвэрийг хангаж байсан гол татварыг Улсын төсөвт төлсөөр ирсэн, неолиберализмын хар шуурганд ядуурч туйлдсан өнөөгийн Монгол улсын ойрын ирээдүйд үлэмж ач холбогдолтой, сүүлчийн ганц “цайны саалийн үнээ” билээ.
Зарим нэг гэнэн хүмүүсийн хэлж ярьж бичиж байгаагаас үзвэл, МАНАН-гийн үе үеийн эрх баригч бүлэглэлүүд энэ үйлдвэрт элдэв төрлийн хэрэгцээт болон хэрэгцээгүй барааг хэд нугалсан өндөр үнээр шахаж ирсэн гэдэг нь үнэхээр ортой боловч энэхүү бусармаг үзэгдэл 90-ээд оноос эхэлсэн “ардчилал, зах зээл” гэгч шунахай сувьдгийн солиорлоос үүсэж газар авсан гэдгийг тэдэнд дахин сануулахад илүүдэхгүй биз. Энэхүү заавал тас цохих ёстой бусармаг байдал нь тус үйлдвэрийг ирээдүйн 49%-ийн бүх орлого, ирээдүйн бүх татвартай нь хамт хувь этгээдүүдэд - хувийн өмчид багахан үнээр луйврын замаар алдах шалтаг, шалтгаан огт бус гэдгийг тэр бодгалиуд эцсийн эцэст ойлгох ухаарах ёстой. 1990 оноос Монгол улсын төр засгийг чухамдаа Барууны ардчилал, зах зээл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль гэгч неолибералч үзэл суртал л хээл хахууль хуйвалдааны намагтаа татан оруулж живүүлсэн билээ...
Эрдэнэтийн 51%-ийг МАН-ын зарим нэр бүхий эрх баригчид хуйвалдаж барьцаанд тавьсан асуудал бол дахин сануулахад, 1990 оны төрийн эргэлтээс эхэлсэн неолиберализмын сүйрлийн хар шуурганы шууд үр дагавар мөн бөгөөд өрнөсөн цаг хугацааны хувьд ч, хүргэх үр дагаврын хувьд ч, өнөөгийн болон ойрын ирээдүйд биднийг хүлээж буй нөхцөл байдлын хувьд ч 49%-ийн асуудалтай цаагуураа олон талаараа нягт холбоотой нэг бүхэл бүтэн тусгай ажиллагааны нэг хэсэг нь гэж дүгнэхэд хүргэж байгаа. Ийм учраас манай улс үндэстний хууль ёсны өмчтэй шууд холбоотой, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчин нэг тал нь барьцаанд тавьсан, нөгөө тал нь барьцаандаа авсан гэх энэхүү хууль бус ажиллагааг урьдаас сайтар тооцоолж хийсэн нь илэрхий бөгөөд тэр тусмаа харийн улсын шүүх энэ асуудлыг шийдэх, тэгээд бүүр Монгол улсад элдэв төлбөр алданги ноогдуулах ямар ч эрхзүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд ч нийцэхгүй нь эрүүл ухаантай хэнд ч тодорхой... Гэвч ардчилал гэгч бол зөвхөн неолиберализм, ардчилагч гэх этгээдүүдийн дураараа солиорол юм байна гэдгийг, энэ дэглэмд хүчтэйн өмнө хүчгүй нь буруутан мэт болж бүх зүйлээ эвдүүлэн сүйтгүүлж тонуулан дээрэмдүүлж луйвардуулдаг юм байна гэдгийг зарим хүмүүс одоо эрхбиш ойлгох, ухаарах зайлшгүй шаардлагатай болсоон.
Мөн зарим нэг гэнэн бодгалиуд “Монгол улс байгалийн баялаг ихтэй, иймээс 90-ээд оноос авилгал шүгэлсэн Эрдэнэтийн үйлдвэр бол манай зөвхөн нэг л баялаг, иймээс түүний 49%-ийг хувийн компанид өгчихвөл сая авилгалаас салж болох байх, Монгол улс бусад асар их баялгаа ашиглаад цааш амьдарч болно” гэж “ойлгож төсөөлж” зориудаар эндүүрч байж болох ч эдгээр газар доорх баялгийг олборлох цаашилбал баяжуулах/боловсруулах үйлдвэр байгуулах боломж нөхцөл байхгүйг, тэгээд ирээдүйн тэр үйлдвэрүүдээс татвар авч Монгол улс – Монголын ард түмэн амьдрах боломж өнөөгийн харийн үзэл суртал дэглэмийн бүрэн ноёрхол, 1990 оноос Монгол улсад тогтоосон Барууны гүнзгий колонийн нөхцөлд байхгүй, ийм боломжийг барууны эзэд нь, дотоодын увайгүй урвагчид хэзээ ч Монгол улсад - бидэнд олгохгүй гэдгийг ойлгон ухаарахыг хичээх ёстой.
Иймээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой энэ асуудлын уг мөн чанарыг, энэ этгээдүүдийн цаад зорилго сэдлийг сайтар ойлгон ухаарахаас, нийт ард түмнээрээ нэгэн зорилго дор нэгдэн тэмцэж Монгол улсын энэ хууль ёсны өмчөө хадгалан авч үлдэхээс Монголын ард түмний ирээдүйн амь амьдрал шалтгаалах маш эмзэг чухал асуудал юм. Харин хэн хэзээ яаж хуйвалдсан нь тусдаа эрүүгийн гэмт хэрэг бөгөөд заавал шударга ёс ялж шийдэгдэх учиртай. Ийм учраас л энэ асуудлын мөн чанарыг, цаадах зорилго сэдлийг өнөөгийн ихэнх “чөлөөт” ОНМХэрэгслүүд гэмт үйлдэлтнүүдийн адал явдлууд төдийхнөөр орлуулж олон нийтийн дунд хов живийн төдий асуудал болгон түмний анхаарлыг уг асуудлын жинхэнэ мөн чанар – цаад бүлэг этгээдүүдийн далд зорилго сэдлээс холдуулж Монголын төр засгийг мөн ард түмнийг маань дахин ээлжит удаагаа залилан мэхлэх гэж эрээ цээргүй оролдож байгааг нь анзаарах, ойлгон ухаарах, тэмцэх ёстой болоод байна.
- УИХурлын гишүүн Оюун-Эрдэнэ: “төр давуу эрхээсээ албан ёсоор татгалзаагүй байгаа шүү дээ”....
Тийм ээ, зөв! Оросын тал өөрийн эзэмшилд байсан 49%-аа бусдад зарж борлуулахаар шийдсэн тохиолдолд, Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Дүрмийн дагуу хамгийн түрүүнд, эхний ээлжид Монголын талд – Монгол улсын эрх барих дээд байгууллага - УИХуралд энэхүү саналаа албан ёсоор тавих ёстой. Гэвч энэ хуйвалдаанд Оросын энэ компанийн удирдлага /ер нь энэ асуудалд Барууны нөлөө гүнзгий оролцсон байх бүрэн үндэслэлтэй/ оролцсон байгаа нь дараах хэд хэдэн бодит фактаар хэнд ч бүрэн ойлгогдож байгаа. Маш товчхондоо, Монгол улсад 2012-2016 онуудад неолибералч улстөрийн бүлэглэл - АНам төрийн эрх барьж дотооддоо болон гадаадад ямар үзэл сурталтай бодлого, үйл ажиллагаа явуулж байсныг Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн 49%-ийг эзэмшиж /өмчлөх бус/ хянаж байсан ОХУлсын тухайн компанийн удирдлага сайтар мэдэж байсан нь гарцаагүй. Далдуур сэм тохиролцож байсан хуйвалдагчид энэхүү хууль бус нууц хэлцлээ хэрэгжүүлэхийн тулд АНам эрх барьж дуусаж байсан сүүлчийн мөчид – 2016 оны сонгуулийн кампанит ажил дуусаж байсан сүүлчийн өдрүүдэд – АНам 2012-2016 онд явуулж ирсэн Монгол улсыг өрөнд улам гүнзгий унагасан неолибералч бодлого үйл ажиллагааныхаа үр дүнд ялагдах нь тодорхой болж эхэлж байсан тэр өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдах саналыг тавихдаа Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага - УИХуралд бус харин АН-ын Засгийн газарт тавьсан, тэгээд уг мэдээллийг АН-ын эрх баригчид сонгуулийн санал хураахын яг өмнөхөн далд зорилгоор олон нийтэд цацсан нь энэ бүхэн бүхэлдээ сайтар тооцоолсон далд хуйвалдаан байжээ гэсэн энгийн эрүүл ухааны дүгнэлтэд хүргэж байгаа.
Олон жилийн турш Оросын эх оронч ОНМХэрэгслүүдээр байнга шүүмжилж Оросын ард түмний олонхын байнгын эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн ОХУлсын Засгийн газрын эдийн засгийн либерал блокийн шууд удирдлага, хяналтад ажилладаг Ростех компанийн удирдлага ийнхүү манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн сүүлчийн үлдэгдэл, ОХУлсын Монгол дахь байр суурийн сүүлчийн хөшүүрэг, тус улсуудыг холбож байсан сүүлчийн сэжмүүдийн нэг Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн 49%-ийн хувь заяаг ингэж барууны либерал үзэл суртал нэгт АНамын ЗГазарт найр тавин өгсөн нь энэ төлбөрийн мөнгө ОХУлсын нэгдсэн төсөвт ороогүй, харин тус компанийн түүхэн дэх хамгийн том нэг удаагийн орлого болон өөрийнх нь төсвийн дансанд орсноор тайлбарлагдаж байгаа. “Монголын зэс корпораци” нэртэй (түр) компанийнхан энэ төлбөрийг урьдчилан цуглуулж бэлдэж шууд төлөхөд бэлэн болгосон байсан нь сүүлийн жилүүдэд Оросын талд ногдох ногдол ашгийг яагаад бүрэн төлөлгүй явсаар ирсний цаад зорилгыг тайлбарлаж байгаа бөгөөд мөн энэ төлбөрийн мөнгийг ОХУлсын нэгдсэн төсөвт биш харин Ростех компанийн төсвийн дансанд нь хийхээр тохиролцсон байсан нь Оросын талаар ийм шийдвэр гаргуулахад нь шийдвэрлэх нөлөө үзүүлжээ гэсэн энгийн эрүүл ухааны дүгнэлтэд биднийг хүргэж байгаа.
Гэвч Оросын тал 49%-ийнхаа энэ асуудлыг Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Дүрмийн дагуу, Монгол улсын хуулийн дагуу Монголын талд буюу төрийн эрх барих дээд байгууллага УИХуралд гэсэн утгаар албан ёсоор тавьсан байх нь илүү магадлалтай ба харин ЗГазар энэ албан бичгийг УИХуралд уламжлан хүргэж уг асуудлыг хамтарсан үйлдвэрийн Дүрмийн дагуу, Монгол улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль, өнөөгийн эрхзүйн хүрээнд, Монголын ард түмний олонхын эрх ашгийн үүднээс шийдэх ёстой байсан.
Ингэж уг албан тоотыг Монголын ЗГазар, ГХЯам УИХуралд уламжлан хүргэсэн тохиолдолд Монголын ард түмний бүрэн эрхт төлөөлөл – төрийн дээд эрх барих байгууллага - УИХурал энэ чухал өмчийг – Монгол улсын төсвийн үлэмж хувийг дангаар бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээ багахан үнээр улсын өмчдөө авах байсан гэдэгт бид огт эргэлзэхгүй байна. Учир нь Эрдэнэт үйлдвэр бол зөвхөн нэг хамтарсан үйлдвэр, түүнийг тойрсон асуудал биш, харин 1990 оноос эхэлсэн неолиберализмын хар шуурган солиорлын үр дүнд ядуурч туйлдсан өнөөгийн Монгол улсын хувьд амь амьдралын нэн чухал асуудал билээ. 1990 оны төрийн эргэлтийг оройлон хийсэн, социалист БНМАУлсын үед бүтээсэн бүх аж үйлдвэрлэл, газар тариалан, хөдөө аж ахуйг Барууны заавраар устган талсан АН-ын неолибералчид “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр Монголын ард түмний амь амьдралын сүүлчийн энэ эх үүсвэрийг ийнхүү бас л булаан луйвардахаар улайрч байгааг Монголын нийт иргэд бид ажиглаж байгаа. К. Марксын сануулж байсанчлан “... капиталистууд 300%-аас дээш ашиг хонжоо олох боломжийг олж харвал дүүжлүүрээс ч айхаа больж улайрдаг” гэдгийг тэдний энэ бусармаг үйлдэл нь дахин баталж байна.
- УИХурлын гишүүн Батзандан: Ний нуугүй хэлэхэд, [ийм албан бичиг ОХУлсаас ирсэн гэдгийг] Улсын Их Хурлын нэг ч гишүүн мэдээгүй байсан....
УИХурлын гишүүн Нямдорж: Ч. Сайханбилэг УИХурлын гишүүд одоо цуглах боломжгүй байгаа учир дараа нь тэдэнд мэдэгдчихье гээд [Үндсэн хууль болон бусад хуулиудыг эрээ цээргүй зөрчин яаран сандран хувийн компанид худалдан авах эрх олгосон] ЗГазрын тогтоол гаргаснаараа Монгол улсын хуулиудыг зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрсөн.
Монгол улсын – Монголын ард түмний хувьд ийм эмзэг нэн чухал асуудлыг сонгуулийн үеэр УИХурлын гишүүд Улаанбаатарт байхгүй байсан яг тэр үеийг зориуд тааруулан “цаг хугацааны хайчинд орчихлоо” гэж шал худал мэлзэн яаран сандран, хамгийн гол нь эрх мэдэлтэй байхдаа өөрсдөдөө ашигтайгаар “шийдэх” гэж улайрч байсан нь 90 оны төрийн эргэлтээр Монголын ард түмэнд хүчээр тулган тогтоосон харийн неолиберал дэглэмийн үед удаа дараа хууль зөрчиж улс үндэстний эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө албан тушаалтнуудад гэсгээл шийтгэл хүлээлгэхгүй явсаар ирсэн учир Сайханбилэг томилогдсон албан тушаалдаа эрдэж шунаг сувьдаг байдлаа Монгол улс үндэстэн, нийт ард түмний эрх ашгаас дээгүүр тавьсан нь тэдний нөгөө либерал ардчилсан үзэл гэгч нь мөн бөгөөд тэд одоо багаа нэгэнт хуулж цагаандаа гарсныг гэрчилж байгаа. Тэрбээр ингэж томилолтын албан тушаалаа ашиглан Монгол Улсын өмчийг гадаад дотоодын хувь этгээдүүдэд луйвардах боломж тавьж өгсөн нь Монгол улсын Үндсэн Хууль болон зохих хуулиудын тодорхой заалтуудыг зөрчсөн онц ноцтой, эрүүгийн шинжтэй гэмт үйлдэл гэдэг нь тодорхой. Түүний энэ бүх “цаг хугацааны хайчинд орсон” гэж худал мэлзэж байгаа нь, тэгээд яаран сандран хэдхэн сайдынхаа хүрээнд хэлэлцсэн дүр эсгэж тэгээд бүүр Монгол улс Эрдэнэтийн 49%-ийг худалдан авахаас татгалзаж энэ эрхээ хувийн нэг компанид шилжүүлж өгсөн ЗГазрын тогтоолыг хуйвалдагчдын эрх ашигт нийцүүлэн гаргаж өгсөн нь тэрбээр уг хуйвалдааны нэг гол оролцогч байсныг нь шууд гэрчилж байгаа.
- “ОХУлсын ЗГазраас албан тоотыг Монгол улсын ЗГазарт явуулаад Монгол улсын ЗГазар Эрдэнэтийн 49%-аас татгалзах нөхцөлүүдээ тавиад .... “ гэж Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга болсон Да. Ганболд ярьж байна.
Гэвч тэрбээр Монгол улсын ЗГазар энэ асуудлыг шийдвэрлэх эрхгүй мөртлөө УИХурлын өмнүүр орж Эрдэнэтийн 49%-ийг худалдан авахаас татгалзсан шийдвэр гэгчийг гаргасан тухай, энэ өөрт байхгүй эрх гэгчээ хувийн компанид шилжүүлсэн тогтоол гаргасан тухай ярихгүй байгаа нь тэрбээр Монголын ард түмнийг үнэхээр басамжлан доромжилж байгаа хэрэг юм. Түүний гарын үсгээ зурсан энэ тогтоол бол АНамын ЗГазар хууль бусаар УИХурлын бүрэн эрхийг өөртөө булаан авч, Монгол улсад – Монголын ард түмний өмчид хамтарсан үйлдвэрийн Дүрмийнхээ дагуу, Үндсэн хууль болон бусад хуулийнхаа дагуу зүй ёсоор ирэх байсан өмч хөрөнгийг луйвардах замыг хувийн нэг компанийн ард байгаа дотоод гадаадын этгээдүүдэд нээж өгсөн гэмт үйлдэл юм.
ОХУлсын ЗГазар Монгол улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан албан тоот ирүүлсэн гэж ярьж байгаа ч хэрэв ингэсэн байлаа ч ОХУлсын ЗГазар энэ үйлдлээрээ Монгол улсын ЗГазарт уг асуудлыг шийдэх бүрэн эрхийг олгосон гэсэн хэрэг огт биш юм. Да. Ганболд харин ингэсэн мэт ичгүүр сонжуургүй мэлзэж байгаа нь Оросын ЗГазраас “Монгол улсын ЗГазарт” гэж хаяглан ийм албан бичиг ирүүлсэн /ирүүлүүлсэн гэж унш/ гэдэг төдийхнөөр Монгол улсын ЗГазар уг асуудлыг шийдэх бүрэн эрхтэй байсан/болсон мэт хүмүүст буруу ойлгуулж олон нийтийг хууран мэхлэх гэж эрээ цээргүй оролдож байгааг нь анзаарах ёстой. Ийм албан тоотыг ОХУлсын ЗГазраас "Монгол улсын Гадаад харилцааны яаманд" гэж хаяглан үнэхээр ирүүлсэн байсан ч, ГХЯам тэрхүү албан тоотыг төрийн дээд эрх баригч УИХуралд уламжлан хүргүүлж УИХурлаар шийдүүлэх Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Дүрэм болон Үндсэн хууль болон зохих хуулиар хүлээсэн үүрэгтэй болохыг дахин сануулъя. Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Дүрмийн дагуу Оросын талаас 49%-ийг худалдан авах эхний ээлжийн давуу эрхээ эдлэх эсэх шийдвэрийг гагцхүү Монгол Улсын Их Хурал эдэлдэг.
- Да. Ганболд цааш нь “... 90-ээд оны шинэ Үндсэн хуулиар /хэн хаанаас энэ ҮХуулийн төслийг тулгасан бэ гэдийг эргэн санацгаая/ Монгол улсад төрийн өмч, хувийн өмч хоёр адил тэнцүү эрхтэй болсон” гэж байна.
Төрийн өмч гэж байдаггүй, харин улсын буюу улс үндэстний өмч, олон нийтийн болон эцэст нь хувийн өмч л гэж байдаг. Учир нь төр өөрөө бодит өмчийг бүтээдэггүй, тухайн төр нь түр зуурын шинжтэй эрхзүйн субъект юм. Харин тухайн төр засаг ард түмний өмнөх үеийнхний бүтээсэн ба өнөө үеийнхний бүтээж байгаа өмчийг дараагийн сонгууль хүртэл тогтоосон хугацааны хязгаарт, батлагдсан хүчин төгөлдөр хуулиудын дагуу хамгаалан хянах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл, улс үндэстэн - ард түмэн улсын болон олон нийтийн өмчийнхөө “манаач”-аар мөн хуулийн хүрээнд захиран зарцуулагчаар төр засгаа томилдог гэсэн үг юм. Хувийн өмч гэдэг бол хувь хүмүүс зөвхөн өөрийн хөдөлмөр зүтгэл, бүтээлийн үр шимийг хувьдаа өмчлөх эрхтэй гэсэн үг.
Гэвч Эрдэнэтийн 49%-ийн хувьд неолибералчид хувийн өмч нь улсын – ард түмний өмчөөс илүү эрх дархтай мэт Монголын төр засгийн өмнүүр нь дур мэдэн орж Монголын ард түмний өмчийг булаан луйвардах гэж улайрч байна. 1990 оноос хувийн өмчийг шүтэгч неолибералчид өөрсдөө бараг юу ч шинээр бүтээгээгүй хэрнээ, БНМАУлсын үед бүтээсэн – Монголын ард түмний нийтийн өмчийг “төрийн” гэгч хуурамч нэр өгч байгаад түр зуурын хэдхэн түшмэдийн өмч мэт тархи угааж байгаад талан луйвардсаныг 1990 оноос хойших бүх түүх гэрчилнэ.
- Да. Ганболд цааш нь “Монгол улсын ЗГазрын хариу нь юу байсан бэ гэхээр хэрэв Монгол улсад бүртгэлтэй - Монгол улсын компани Оросын зарах гэж байгаа 49%-ийг авбал, бид тэр тохиолдолд, Засгийн Газрынхаа давуу эрхээс татгалзаж болох юм гэсэн байгаа. Монгол улсын 100%-ийн өмчлөлтэй компани авч байгаа учраас Монгол улсын өмч болно гэсэн үг ” гэж мэлзэж байна.
Дахин давтан сануулъя. Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн 49%-ийг нөгөө тал болох ОХУлсаас худалдан авах эхний ээлжийн давуу эрхээ эдлэх эсэх шийдвэрийг гаргах эрх гагцхүү Монгол улсын төрийн дээд эрх барих байгууллага - УИХуралд хадгалагдаж байдаг. Харин худалдан авах шийдвэр гарсны дараа ЗГазар энэ төлбөр тооцоог яаж хийхийг нөгөө талтай тохиролцон хийж дуусгах, үйлдвэрийн 49%-ийг хүлээн авах ажлыг зохион байгуулах хуулиар тогтоосон үүрэгтэй. Ийнхүү УИХурлаас баталсан шийдвэрүүдийг гүйцэтгэн хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол улсын ЗГазарт шийдвэр гаргах эрх хуулиараа байдаггүй, тийм учраас Монголын ЗГазар өөрт байхгүй эрхээс татгалзах боломжгүй, тэр тусмаа хувийн компанид шилжүүлэх ийм эрхийг шилжүүлэх эрх бүүр ч байхгүй.
Ядуурч туйлдсан Монгол улсын “гавьяатай” эдийн засагч Да. Ганболдод дахин сануулахад, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг Монгол улсад одоохондоо бүртгэлтэй байгаа хувийн компанийн өмч болгох нь өөрийн чинь мэлзээд байгаа шиг “Монгол улсын өмч, тэр тусмаа 100%-ийн өмч болж байна гэсэн үг” ОГТ биш шүү дээ! Хаана байна, яг ингэж заасан хууль чинь? Ийм хууль, хуулийн заалт хаана ч байхгүй! Та хэдхэн неолибералч ардчилагчид 90-ээд оноос Баруунаас экспортолж оруулж ирсэн неолибералч хуулиудын чинь дагуу ч байхгүйг, мөн оффшор руу сэм зугтан арилдаг “цагаан зээр” шиг араншинтай хувийн компанийн өмч бол Монгол улсын өмч хөрөнгө огт биш гэдгийг та хэд мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Одоохондоо Монгол улсад бүртгэлтэй байгаа ч хувь эзэд нь хувийн өмчөө цааш нь зарах, шилжүүлэх, барьцаанд тавьж алдахыг хэн ч хориглох боломжгүй болгосон байгаа шүү дээ.
Мөн Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрийн хувийн болон хувийн компанийн эрх ашигт тохируулан тайлбарлах, “Үндсэн хуулийнхаа логикоороо-үзэл санаагаараа” гэж худал мэлзэн бурах эрх байхгүйг сануулж байна. Үндсэн хуулийг гагцхүү Дээд шүүх тайлбарладаг гэдгийг эрхэм улстөрч одоо мэдэхээ больчихсон мэлзэж байгаад гайхаж харамсаж байна....
- Сэтгүүлч Э. Долгион “...Цаг хугацааны хайч байсан юм биш үү. Оросын тал 6-р сарын 1-нд энэ саналаа ирүүлсэн, тэдэнд Монголд сонгууль болж байна уу, үгүй юу падлий байхгүй шүү дээ, тэдний ажил хэрэг л урагшилж байвал боллоо шүү дээ” гэж бусдын өмнөөс дүгнэлт хийж байна. Харин сэтгүүлч А. Баатархуяг “....Сонгуулийн үеэр хөдөө орон нутагт байсан УИХурлын гишүүдийг татан ирүүлээд ийм асуудал орж ирлээ гээд хэлэлцүүлэхэд жаахан хүнд байсан байж магадгүй байх.... Залуу хүний алдаа биз. Энэ гавьяаг өөртөө наах гэсэн бодол байсан байх.... Сайханбилэг өөрийнх нь үед Эрдэнэт 100% Монголынх болчихлоо гэх юм бол түүхэнд нэрээ үлдээнэ гэсэн амбиц байсан байж болох талтай” гэж хаяагаа манасан их том дүгнэлт хийж байна.
Нэгдүгээрт, ОХУлсын талын өмнөөс тэдний хэлээгүй, бичээгүй зүйлийн талаар ийм болчимгүй дүгнэлт хийж олон нийтэд цацах эрх бүүр “ардчилсан” “чөлөөт” либералч сэтгүүлчид хүртэл байхгүйг сануулъя, хоёрдугаарт, сэтгүүлч уг асуудлыг олон талаас нь сайтар судалсны дараа ярих бичих ёстой болохоос биш, сургаар эсвэл өөрийнхөө ойлгож байгаа өчүүхэн хэмжээнд “цаг хугацааны хайч” байсан юм биш үү гэж дүгнэж болохгүй ээ. Энэ бол бусдын “захиалгат” эсвэл өөрийнхөө өчүүхэн бодол дүгнэлтийг олон нийтэд тулган нялзааж байгаа хэрэг юм... “Чөлөөт” либералч сэтгүүлч их юм мэддэг мэт дүр эсгэн гадаад үгээр чамирхах гэж ядахдаа кульминаци/үйл явдлын өрнөлийн оргил хэсэг гэсэн утгатай/ үгийг хүртэл климакс/эмэгтэйчүүдийн цэвэршилт/ гэж хэлчхээд ихэд бардам намжирдан суугааг нь хараад хөх инээд хүрэв...
- Сэтгүүлч Э. Долгион “ЗГазарт худалдаад авчих мөнгө нь байсан юм уу” гэж ам асууж байна.... Харин Да. Ганболд “ Монгол улс 400-500 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгө гаргаад худалдаад авчих боломж улсад байгаагүй. Олон улсын нээлттэй тендер гэдэг бол хугацаатай, болзолтой амаргүй эд байдаг ” гэж үзэгчдийн тархийг угаахыг оролдож байна.
Монгол улс, түүний УИХурал хамгийн том татвар төлөгч үйлдвэрээ иймхэн үнээр худалдан авч ирээдүйн бүх орлого ашгийг нь ард түмэнтэйгээ хамтран хүртэх шийдвэр гаргах байсан гэдэгт бид огт эргэлзэхгүй байна. Энэ бол эрүүл ухааны, цорын ганц байж болох шийдвэр юм. Энэ удаад УИХурал давуу эрхээ эдлэн Эрдэнэтийн 49%-ийг Монгол улсдаа худалдан авах эсэх шийдвэр гаргах нь чухал байсан болохоос бусад асуудал чухал биш, ер нь ийм төлбөрийг ЗГазар хэд хувааж хэзээ яаж төлөхийг зохих шугамаар тохиролцдог олон улсын тогтсон практик байдаг. Ийм чухал хөрөнгө оруулалтыг улсдаа хийхээр иймхэн хэмжээний мөнгийг Монгол улс харьцангуй хялбархан олох эсвэл босгох байсан нь эрүүл ухаантай, Эх орондоо – ард түмэндээ хайртай хэнд ч ойлгомжтой биз ээ.
УИХурал давуу эрхээ эдлэн улсдаа худалдан авах шийдвэр гаргах нь Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг гадаадынхантай нийлж хувийн компанийн өмч болгохоор далдуур үгсэн хуйвалдаж байсан тэр хувь этгээдүүдэд бүүр эхнээсээ тодорхой байсан учир тэд эхнээсээ л Эрдэнэтийн 49%-ийн асуудлыг УИХуралд ямар ч арга мэхээр хамаагүй оруулахгүйгээр наагуур нь хуйвалдан луйвардах төлөвлөгөөтэй байсан тул Оросын талаас яг энэ үеийг тааруулж 49%-ийг худалдах саналыг нь АН-ын ЗГазарт тавиулж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, 6-р сарын сүүлч гэдэг бол хүмүүс зусландаа гарч зарим нь хөдөө гадаа яваад хот амарч эхэлдэг үе, удалгүй Улсын Наадам болох гээд баярын уур амьсгал орж олон нийтийн анхаарал суларсан байдаг үе, бас энэ үед ээлжит сонгуулийн сурталчилгаа ид явж байсан учир УИХурлын ихэнх гишүүд хөдөө орон нутагт явчихсан эзгүй үе, ялангуяа сонгуулийн үр дүнд улстөрийн хоёр хүчин засгийн эрх мэдлийг хоорондоо шилжүүлэх маш эгзэгтэй ээдрээтэй эмзэг үе гэдгийг даганболдтонгууд төдийгүй хуйвалдсан оросууд хүртэл ойлгож байсан нь хэнд ч ойлгогдож байгаа. Иймээс 2012-2016 онд монгол төгрөгийн ханшийг 2 дахин унагаж ард түмний амьдрал ахуйн түвшинг огцом унагасан зэрэг олон неолибералч үйл ажиллагаа явуулсан АНамд ард түмний олонх хамгийн наад захын хариуцлага тооцож сонгуулиар гаргахгүй нь гэдгийг тэд ойлгож эхэлмэгц “хариуд нь”, тэдний 1990 оноос хойш хүчээр тулгаж ирсэн неолибералист бодлогын “ачаар” ядууралд унаж туйлдсан Монголын ард түмнээс Эрдэнэтийг нь луйвардахаар 2 жилийн өмнөөс сайтар үгсэн бэлдэж байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна.
Мөн энэ сонгуулийн үеэр АН-ын ЗГазар 300 мянган төгрөг тараана гэсэн цуурхал тарсан ч удалгүй таг чиг болсныг бүгд санаж байгаа.... Иймээс нэгдүгээрт, Эрдэнэтийн 49%-ийн асуудлыг “юмны эзэн, сумны занги” - УИХуралд элдэв худал шалтаг тоочин оруулж шийдвэрлүүлэхгүйгээр наагуур нь “цаг хугацааны хайчинд орсон учир” гэдэг шалтгаар ЗГазрын энэ эрхийг нь дур мэдэн эдлэх, тэгээд “яаралтай шийдсэн” мэт худал дүр эсгэх, хоёрдугаарт, АН-ынхан сонгуулиар саяхан “мөнгө тараасан” гэсэн цуу нэгэнт тархсан байснаас ЗГазарт Эрдэнэтийг авах мөнгө байхгүйг бүгд “мэдэж ойлгож” байсан учир энэ хуйвалдаан луйвар нь Монголын ард түмний өмч хөрөнгийн эцсийн ганц үлдэгдлийг хүртэл хувьдаа халааслах боломжийг тэдэнд олгоно гэж сэрүүн зүүдэлж байсан нь лавтай.
Монгол улсыг ядууруулан туйлдуулахад үлэмж “гавьяа” байгуулсан неолибералч эдийн засагч Да. Ганболд, Ж. Амаржаргал, нийтлэлч Б. Батбаяр нар их мэдэгчийн худал дүр эсгэж Эрдэнэтийн 49%-ийн асуудал нэгэнт шийдэгдсэн мэт, улсын өмчийг хулгайлсан “хувийн” өмчийг Монголын ард түмний олонх нэгэнт эргэлт буцалтгүй хүлээн зөвшөөрсөн мэт ярьж гэнэн хүмүүсийн тархийг угаахыг оролдож байгааг нь харахад тэд Монгол улсыг – Монголын ард түмнийг татварын үлдсэн ганц үндсэн эх үүсвэрээс нь салгах гэж ингэж улайрахдаа Монголын ард түмнийг хайрлах өчүүхэн ч сэтгэл байхгүй байгааг нь хараад бид харамсан эгдүүцэж байна.
Оросын талаас Эрдэнэтийн 49%-ийг Монголын талд худалдахаар тавьсан санал нь хоёр улсын ЗГазар хоорондын хэлэлцээрт үндэслэсэн Эрдэнэт хамтарсан үйлдвэрийн Дүрмийн дагуу тавьсан санал байсан болохоос биш, тэдний баталж байгаа шиг олон улсын, тэр тусмаа нээлттэй тендер байгаагүй юм. Монголын тал буюу төрийн дээд эрх барих байгууллага - УИХурал Эрдэнэтийн 49%-ийг худалдан авах ДАВУУ эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан тохиолдолд ОХУлсын тал сая олон улсын нээлттэй тендер зарлаж өөрийн 49%-аа хамгийн их үнэ санал болгосон гуравдагч талд борлуулах боломж нь сая нээгдэх байсан билээ. Мөн Оросын тал 14 хоногийн хугацаатай санал тавьсан гэдэг бол урьдаас бэлдсэн байсан увайгүй бохир заль мэх бөгөөд “Монголын зэс корпораци” хувийн компанийн хуйвалдагчид ОХУлсын Ростех-тэй 2 жилийн турш сэм хэлцэл хийсний эцэст Барууны зөвлөх компаниудаар зуучлуулан тохиролцсон гэх 49%-ийн багцын үнийг төлөхөөр гадаад дотоодын банкнаас зээлүүд цуглуулан бэлдсэнийхээ дараа Оросын тус компанийн удирдлагад тэдний төсвийн дансанд нь шууд төлбөр хийхэд нэгэнт бэлэн болсноо мэдэгдсэн учир Ростех-ийн удирдлага ийм чухал шийдвэр гаргахад нь “мөнгөгүй” Монголын төр засгийг ийм богинохон хугацаагаар “шахсан” байж болох.
Гэвч хоёр улсын түвшний ийм чухал хэлцлийн шийдвэрийг хувь хүнтэй хийж байгаа жижигхэн наймаа мэт богинохон хугацаагаар санаатай шахсан гэдэг нь хэрэв үнэнд нийцэх юм бол энэ хэлцэл гэгч бүхэлдээ хоёр улсын өмчөөр наймаалцсан хувь хүмүүсийн сэм тохиролцоо - хуйвалдаан юм биш үү?!
Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн
2018 оны 5 дугаар сарын 13
Улаанбаатар хот.
Хэрэв та энэхүү нийтлэлийг цааш хуулан түгээх гэж байгаа бол заавал уг сайт руу шууд холбоос хийх ёстойг анхаарна уу!
Холбоотой нийтлэлүүд
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.