ХУУРАМЧ АРДЧИЛАЛ = БОХИР ЗАЛЬ МЭХ
Хиллари Клинтон: Би буруугүй, бусад хүмүүс буруутай !?.
Сүүлийн үед Америкийн неолибералч ардчилагчид - даяар эзэрхийлэн түрэмгийлэгчдийн БҮЛЭГЛЭЛ шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын талынхан (Д. Трамп ба түүний талынхан демокраси гэдэг үгийг маш ховор гэхдээ өөр агуулга утгаар хэрэглэж байгааг бид анзаарах ёстой!) руу элдвээр гүтгэн гүжирдсэн дайралтууд хийж өшөөгөө авахаар улайрч байгааг одоо хүн бүр харж сонсож ажиглаж байгаа.
Одоо тэд бүр улайм цаймдаа гарч "АНУлсын Ардчилсан намын сонгуулийн штабын компьютерийг оросууд хакердан нууц мэдээллүүдийг нь авч олон нийтэд дэлгэсэн, Америкийн сонгуулийн санал тоологч компьютерийн системийг Оростой холбоотой хүмүүс хакердсан" гэх мэтийн энэ талын мэдээлэл, мэдлэг боловсролтой, ер нь эрүүл ухаантай бол хэн ч итгэмээргүй мэдээллүүд хийсээр байгаа.
Энд онцгойлон анхаарал хандуулах зүйл бол тэд өөрсдийн энэ мэдэгдлүүдийг нь ямар нэг байдлаар нотлох, батлах ул мөр баримтыг одоо хүртэл гаргаж ирж эдгээр мэдэгдлээ ядаж үндэслэж тавьж чадахгүй байгаа бөгөөд Холбооны мөрдөх товчоо зэрэг тагнуулын тусгай албад нь оросууд хакердсан гэх мэдэгдлүүд бол ямар ч ул мөр үндэслэлгүй гэсэн мэдээллүүд хийсээр байгаа явдал юм. Гэвч энэ бүх бодит байдлыг үл хэрэгсэн америкийн хуурамч ардчилагчид, тэдний ард зогсож байгаа банк-санхүүгийн мафи бүлэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэгчид, ОНМХэрэгслүүдийг хувьчлан авсан бүлэглэл эдгээр үндэслэлгүй, иймээс гүжир гүтгэлгүүддээ америк иргэдээ цаашилбал дэлхийн олон нийтийг аажмаар дасгаж бүр үнэмшүүлэхээр тархи угааж үнэн хэрэг дээрээ "мэдээллээр" хүчирхийлж байна... Саяхан, 2016 оны АНУлсын ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшигч асан Хиллари Клинтон түүний сонгуулийн кампанит ажилд 1 тэрбум гаруй доллараа зарцуулсан хандивлагч нартайгаа уулзсан цугларалт дээр: "Владимир Путин надад дургүй болохоор манай компьтерийн сүлжээг хакердсан" [иймээс би ялагдсан] гэсэн мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр Владимир Путин АНУлсуудын Ардчилсан намын компьютерийн серверийг хакердан нэвтрэх ажиллагааг биечлэн удирдсан гэсэн мэдэгдэл хийлээ. Хиллари Клинтон "Сүүлийн үед авсан мэдээллээр эдгээр нууц кибер довтолгоонуудыг Владимир Путин манай сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцож манай ардчиллыг хорлох зорилготойгоор биечлэн удирдсан. Шалтгаан нь тэрээр надад таагүй ханддагт байгаа нь илэрхий" гэж мэдэгдлээ. / Эх үүсвэр: Нью-йорк таймс сонин/
АНУлсын ОНХМэдээллийг судлан шүүмжлэгч, хуульч К. Лайонел: ... Хилларигийн энэхүү мэдэгдэл нь түүний ялагдсан өнгөрсөн сонгуульд 1 тэрбум орчим доллар цацсан мөнгөний шуудайнууддаа л зориулсан эд юм. Ийм их доллар зарцуулсан ч ялагдсан Хиллари Клинтон [аргаа барахдаа] Оросыг, Путиныг, Russia Today, ОХУлсын аюулгүй байдлыг хамгаалах албаны удирдлагыг мөн АНУлсын Холбооны мөрдөх товчооны захирал Джеймс Коми-г өөрийн ялагдалдаа буруутгаж байгаа. Иймээс өөрийн энэ ялагдалдаа бусдыг гүтгэн гүжирдэж буруутгаж болох золиос хүмүүс түүний хувьд хангалттай байгааг нь бид харцгааж байна. Гэвч бид бас Хиллари өөрийнхөө энэ ялагдалд өөрөө буруутай гэсэн нэг ч үг хэлэхгүй байгааг нь харцгааж байгаа".
Мөн Хиллари Клинтон ба түүний талынхны энэхүү ямар ч баримт үндэслэлгүй, иймээс худал гүжир гүтгэлгийн шинжтэй мэдэгдлүүд нь АНУлсын эрх баригч бүлэглэлийг өөрийнх нь иргэдийн төдийгүй дэлхийн олон нийтийн нүдэнд хөгийн харагдуулж тэдэнд итгэх итгэлийн сүүлчийн цогийг унтрааж гутааж байгаа учир Америкийн Тагнуулын албадын Ахмадын Холбооныхон ил захидал бичиж олон гишүүд нь гарын үсгээ зурж нийтлүүлсэн байна. Тэрхүү захидалд бичихдээ: "... АНУлсын Ардчилсан намын сонгуулийн штабаас алдагдсан тун эвгүй баримт бүхий захидал харилцаа, мэдээллүүдийг инсайдер буюу Америкийн засгийн газрын эсвэл Ардчилсан намын үндэстний хорооныхон дотроос хэн нэг нь эсвэл хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө дотроосоо гадагш нь хэвлэл мэдээллийнхэнд дамжуулан өгч тэд нар нь хэвлэж олон нийтэд мэдээлсэн" гэж баталж байна. Мөн "Энэхүү инсайдер нь Үндэстний аюулгүй байдлын агентлагийн компьютерийн сүлжээний өгөгдлийн санд нэвтрэх тусгай эрх бүхий дотоодын ажилтан хэн нэг нь эсвэл хэсэг ажилтнууд байсан - яг Эдуард Сноудэн, Челси Мэнинг нарт мэдээлэл дамжуулсан тохиолдолтой ижил" гэсэн дүгнэлтэнд бид хүрсэн" гэж бичиж байна.
Иймээс одоо АНУлсын зарим нэг хэвлэл мэдээллүүд үнэхээр бодит байдал дээр Москва америкийн компьютерийн сүлжээ рүү довтолсон хэрэг гарсан юм уу, ер нь ийм кибер дайралт хийж америкийн компьютерийн системд нэвтрэх нь зарчмын хувьд боломжтой юу гэсэн асуултуудыг тавьж байна. Эдгээр асуултуудад хариу болгож дээрх ил захидалд гарын үсгээ зурсан тус холбооны гишүүн, Америкийн Тагнуулын төв газрын ажилтан асан Ларри Джонсон мэдэгдэхдээ, Америкийн эрх баригчид ийнхүү Оросыг бүх зүйлд буруутгаж байгаа нь өөрсдөө хариуцлагаас мултрах гэсэн арчаагүй арга гэж баталж байна.
ТТГазрын ажилтан асан Ларри Джонсон : Хэрэв мэдээлэл алдагдсан шалтгаан нь хакер байсан бол заавал ул мөрүүд нь үлдэх ёстой байсан. Иймээс ҮАБАгентлаг яг хэн хаанаас үүнийг үйлдсэн гэдгийг хөөж тогтоож чадах байсан. Гэвч ҮАБАгентлаг үүнийг хийгээгүй. Учир нь хакердсан гэх ямар ч ул мөр байхгүй байгаа. Ийм учраас ҮАБАгентлаг "хакердсан" гэгч мэдээллийг Конгрессын нэг ч гишүүнд, Ерөнхийлөгчийн засаг захиргааны хэнд ч өгөөгүй, нэгдүгээрт ийм байгаа. Хоёрдугаарт, Эдуард Сноудэн удаа дараа мэдэгдэхдээ Оросын ашиг сонирхолтой холбоотой хүмүүсээс эсвэл шууд Оросын эрх баригчдаас ямар нэг мэдээлэл хэзээ ч авч байгаагүй гэж дахин дахин баталж байгаа. Гуравдугаарт, Их британид мөн Узбекстанд Америкийн элчин сайд асан Крейг Мюррей өөрөө Wikileaks сайтанд нууц мэдээлэл өгч байсан мэдээллэгчтэй танил учир эдгээр дэлхийн олон нийтэд ил болсон нууц бохир мэдээллүүд нь гадна талаас хакердсаны үр дүн биш, харин дотроос нь хэн нэг хүн гадагш мэдээлэл дамжуулж - нууц мэдээлэл алдагдсаны үр дүн байсан гэдгийг баталгаатай мэдэж байгаа гэж зарласан" гэж ярьж байна.
Тэрээр мөн "АНУлсын өнөөгийн эрх баригчид маш өргөн хэмжээний суртал ухуулгын кампанит ажлыг удирдан явуулж ОХУлсыг Америкийн заналт дайсан мэтээр дүрслэн харуулахыг оролдож байгаа нь бидэнд зүй ёсны түгшүүр төрүүлж байгаа. Тэд Оросыг ертөнцийн муу муухайн туйл мэтээр жирийн хүмүүст дүрслэн ойлгуулахыг хичээж байгаа нь маш муу үр дагаварт хүргэх тун ноцтой хэрэг юм. Тэр байтугай тэд ийм санаанд багтамгүй бохир түүх санаанаасаа зохион бурж байгаа нь өөрсдийн хийсэн бүтэлгүй үйлдлүүдийнхээ төлөө ямар нэг хариуцлага хүлээхээс бултаж зугтахыг хичээж байгаа оролдлого юм" гэсэн тайлбарыг өгч байна.
Ардчилсан намаас нэр дэвшигчийг шалгаруулах сунгааны үеэр Х. Клинтоны өрсөлдөгч байсан Берни Сандерсийг хэрхэн дарамталж түүний эсрэг ямар бохир хуйвалдааны аргууд хэрэглэж байгааг харж гайхаж эгдүүцсэн, мөн "Клинтон сан"-тай холбоотой санхүүгийн будлианууд ямар их өргөн хүрээтэй байсныг мэдэж байгаа гэж мэдэгдсэн Крейг Мюррей өөрөө энэ талаар бас хэлэхдээ: "Энэ мэдээллүүд гадагш алдагдсан нэг ч тохиолдол оросуудтай холбоогүй. Эдгээр мэдээллүүдийг гадагш дамжуулсан хүн энэ мэдээллүүдийг нээж үзэх зохих албан ёсны зөвшөөрөлтэй дотоод ажилтан нь байсан. Иймээс эдгээр мэдээллүүд нь доторх эх үүсвэрээс гадагш алдагдсан болохоос энд ямар ч хакер довтолгоо хамаагүй" мэдэгдэж байна...
Нацист - бусдаас илүү онцгой бүрэн эрх гэгч фашист үзлийн гол суртал ухуулагч асан Йозеф Геббельс "Жирийн олонход хэлж ярьж бичиж үзүүлж байгаа юм нь хичнээн санаанд багтамгүй шал худал байх тусмаа цөлх хүмүүс төдийчинээн дуртайяа үнэмшдэг юм аа" мөн "ямар нэг худлааг байнга алхам тутамд нь давтаад л байвал олонх хүмүүс эцэстээ итгэчихдэг юм аа" гэж өөрсдийнхөндөө сайрхаж байсан түүхтэй.
Энэ бол өнөөгийн хувийн + ардчилсан + либералч ОНХМ-ийн суртал ухуулгын нэг гол арга мэх нь билээ...
Түүхэн лавлах: 1776 онд байгуулагдсан АНУлс тэр цагаас хойш 240 гаруй жилийнхээ түүхэнд дэлхийн бусад улс үндэстнүүд рүү 230 гаруй удаа зэвсэгт халдлага, дайн түрэмгийлэл үйлдсэн билээ. Хэрэв энэ хугацаанд Их британийн 1812-14 оны зэвсэгт халдлагыг тооцохгүй юм бол АНУлс руу дэлхийн ГАНЦ Ч улс дайрч довтолж байгаагүй юм.
Иймээс Америкийн үе үеийн эрх баригчид өөрсдийн энэ дээрэм тонуулч дайнч бодлогоо, дэлхийд ноёрхох гэсэн хэнээрхлээ ядаж өөрийн иргэдийн гэнэн олонхоор дэмжүүлж тэдний хүүхэд залуусыг нь армидаа элсүүлж бусдын нөөц баялгийг булаан дээрэмдэх либерал хувийн ашиг сонирхлынхоо төлөө "махан бамбай" болгон ашиглахын тулд хувийн ардчилсан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээрээ нийгмээ байнгын зохиомол айдас хүйдэс /параной/-д автуулж барьж ирсэн түүхтэй...
Нэгэн түүхэн баримт: Джеймс Форрестол 1947-1949 онд АНУлсын тэнгисийн зэвсэгт хүчний сайд, Цэргийн нэгдүгээр сайд ...
Түүний сэтгэхүйн эмгэг нь маш хурцадсан тул түүнийг албан тушаалаас нь буулгаж сэтгэц-мэдрэлийн эмнэлэгт хүчээр хэвтүүлэхээс өөр аргагүй болсон түүхтэй. Гэсэн ч параной шизофренийн хүнд хэлбэрээр өвчилсөн байсан тэрбээр "Оросууд ирж явна, Оросууд дайран орж ирж байна, би оросын цэргүүдийг харсан" гэх мэт солиотой юмаа байнга бувтнасаар байсан ажээ... Ингээд удалгүй 1949 оны 5-р сарын 28-нд, АНУлсын зэвсэгт хүчний сайд асан Джеймс Форрестол "Оросууд дайран орж байна, оросууд ирж байна. Би оросын цэргүүдийг харсан" гэж орилсоор 16 давхраас үсэрч үхсэн түүхтэй....
Эх үүсвэр: wikipedia.com
Тэнэг юм ярьж байгаа нь бүр дүүрчээ гэхэд харин энэ тэнэг юманд нь итгэж үнэмшиж байгаа хүмүүс түүнээс ч илүү тэнэгүүд юм, энэ нь л үнэхээр гайхширмаар!
Марк Аврелий
Холбоотой нийтлэлүүд
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.