Ардчилал гэдэг бол ард түмэн л бүхнийг сонгож шийдэж байгаа гэдэг хий хоосон зэрэглээг хүмүүст төрүүлж байгаа эсвэл ингэхийг оролдож байгаа үзэл суртал, улстөрийн дэглэм, засгийн газар юм.
Ардчилсан Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолини /1929-1943/
Энэ удаа ардчиллын тухай ярьцгаая. Гэхдээ одоо бараг хүн бүрийн ойлголт төсөөлөл дотор Холливудын эсвэл Өмнөд Солонгосын уран сайхны кинонууд, гоё гялгар сэтгүүл, сонингууд, ТВ-ийн реклам, ток шоу гэх мэт олон нийтийн суртал ухуулгын хэрэгслүүдээр зориуд бий болгосон байгаа тэр гоё мөрөөдөл - хоосон зэрэглээний тухай, одоо манайд бодит байдал болсон байгаа энэ ардчиллын тухай, эдгээр уриа лозунгуудыг мөн бүүр эхнээсээ чухамдаа ямар зорилгоор бодож боловсруулж түгээн сурталчилж эцэст нь улстөрийн нэг "брэнд" болгосон байгаа тухай ярих болно!
Барууны эздийн гар хөл улстөрчид нь “дэлхийн олон нийт” гэж ярьж байхдаа чухамдаа өөрсдийгөө, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хэлж ярьж байдгийг, “ардчиллын үнэт зүйлүүд” гэгчээрээ халхавчилж гагцхүү өөрсдийнхөө л ил далд ашиг сонирхлыг зүтгүүлж ирснийг дэлхий дахин одоо тов тодорхой харж байгаа. Тэд гурав дахь ертөнцийн орнууд гэж нэрлэсэн улс үндэстнүүдийг бүрэн эрхшээлдээ оруулах мөн зөвхөн өөрсдөдөө ашиг хонжоотой, алсын уршигт үр дагавруудтай төслүүдээ хэрэгжүүлэх, өндөр хүүтэй зээлүүд өгч өрөнд унагаж дөнгөлж авах зэргээр "хамтран ажиллах"-даа хүртэл "ардчиллын хэм хэмжээнүүдээ" хамгийн гол үндсэн нөхцлөө болгон тулгаж байдгийг бидний олонх одоо эрхбиш мэддэг болсон байх гэж найдаж байна...
Гэвч хэн нэг нь үнэн хэрэг дээрээ бол Барууны эрх баригчид олон тохиолдолд зарим улс орнуудад ардчиллын хэм хэмжээнүүдийг мөрдөхгүй байгааг нь харсаар байгаа боловч хайхрахгүй нүдээ аньж байдаг шүү дээ гэж надтай санал нийлэхгүй маргаж болох юм. Тийм ээ! Барууны улстөрчид, үндэстэн дамжсан корпорациуд нь удам дамжсан хаант засаглалтай улс орнуудтай одоо ч хамтран ажиллаж байгаа ба гэвч хаант засаглалаас өөр ардчиллын хэм хэмжээнүүдээс хамгийн хол нийгмийн байгуулалтыг энэ дэлхий дээрээс хайгаад ч олохгүй ээ! Энэхүү бодит факт нь Барууны лидерүүд, хувийн том корпорациуд нь зөвхөн өөрсдөд нь л мөнгө хөрөнгөний ашиг хонжоо, цэрэг - геоулстөрийн хувьд ашигтай байрлалтай эсвэл байгалийн нөөц баялгийг нь маш хямдхан авч байх боломжтой байгаа бол ардчилсан бус улс орнуудтай ч амжилттай хамтран ажилладгийг харуулж буй хэрэг юм юм аа. Ямар улс орнууд вэ, таагаарай :-)... Аравийн хойг дээрээс хайгаарай....
Сүүлийн жилүүдэд өрнөдийн энэ ардчиллын стандартууд, хэм хэмжээг нь мөрдөхөө больж өөрсдийнхөө хөгжил цэцэглэлтийн замыг сонгохыг оролдож байгаа зарим нэг "дуулгаваргүй", Югослав-Ирак-Ливи-Сири зэрэг улс орнуудын дотор гэв гэнэтхэн "цуст дарангуйлагчдын эсрэг ард түмний бослого" зэвсэгт тэмцэл өрнөж мөн гадна талаасаа Барууны НАТО-гийн цэргийн эвслийн "хүмүүнлэгийн" бөмбөгдөгдөлд балбуулж байгаа билээ. Барууны эвслийн орнууд тэндээс газрын тос, байгалийн хийг нь зөөж харин оронд нь цаасан доллараа өгч байхын тулд өөрсдийн "ардчиллаа" тийшээ ингэж элдэв шалтаг тоочин экспортолж мөн нутаг дэвсгэр дээр нь "иргэний ардчилсан нийгмээ" байгуулахыг оролдож байгааг одоо бүх хүн төрөлхтөн харж сонсож байгаа...
Зарим хүмүүс "энд чинь ардчилал огт хамаа байхгүй ээ, гагцхүү эдгээр улсын байгалийн баялаг нь, газрын тос нь, байгалийн хий нь мөн тэр улсууд барууныхны цэрэг геоулстөрийн явуулж байгаа бодлогын хувьд стратегийн чухал байрлалд оршиж байгаа нь л иймэрхүү “хүмүүнлэгийн бөмбөгдөлт”-нд нь өртөх шалтгаан болж байгаа юм" гэж баталцгааж байгаа. Ер нь "ардчиллын талаар асуудалтай” байгаа эдгээр улс орнууд дотроос Баруунд хамгийн их ашиг хонжоо олох боломжтой байгаа тэр улс орнуудад л юуны түрүүнд гаднын дэмжлэгтэйгээр зэвсэгт бослого, "ардчилсан" хувьсгалууд гарч мөн Барууны цэргийн эвслийн “хүмүүнлэгийн" бөмбөгдөлтөнд иргэд нь амь үрэгдэж асар их эвдрэл сүйрэлд автаж байгаа нь тодорхой билээ...
Энд жишээ болгож нэг орчин үеийн нэг үлгэр зохиож тайлбарлая. Эртээ дээр үеэс Логном гэдэг нэгэн улс үндэстэн энэ дэлхий дээр оршин тогтносоор иржээ. Тэр улсад хэсэг мөрөөдөмтгий гэнэн залуус хангалуун сайхан амьдардаг байж. Гэвч удалгүй тэд голдуу харийн худалдаачны авчирсан гялгар сэтгүүлүүд, уран сайхны киног нь үзэж дуу хөгжмийг нь сонсож джинсэн өмдийг нь өмсөж цагаан бохийг нь зажилж лаазтай ундааг нь ууж үзэхийг мөрөөдөж өдрийг өнгөрөөдөг болж гэнэ ээ. Харин өвөө эмээ, аав ээжүүд нь чадлынхаа хэрээр ажиллаж саахалт хөршүүдийнхээ тусламжтайгаар багагүй зүйлийг бүтээж босгож ёстой л “хөнжлийнхөө хирээр хөлөө жийж” “өргүй бол баян өвчингүй бол жаргал” гэж бодож амар тайван амьдарч байжээ. Хамгийн гол нь энэ улс үндэстний мэдлэг боловсрол нь нэмэгдэж өөрсдөө улам эрүүлжиж саруулжиж үр хүүхдүүд нь өсөж том болж хүн ам нь улам олуулаа болж амьдралынхаа үндсэн гол зүйлүүдийг хийж бүтээхэд суралцаж бас ч үгүй их туршлага хуримтлуулж байлаа. Харин нөгөө гэртээ үлдсэн хүүхэд залуус нь харийн гялгар эд баялагт хорхойсож эцэг өвгөдийнх нь, аав ээжүүдийнх нь бүтээсэн бүхий л юм хэнд ч хэрэггүй мэт санагдах болж харийн худалдаачнаас сонссон үлгэрүүдийг ам дамжуулан байнга ярьж сонссоор байгаад түүндээ бүүр итгэж орхижээ. Цаг хугацаа ч өнгөрч тэр залуусын үе улс орноо авч явах цаг иржээ... Ингэж джинсэн өмд, битлзийн дуу, цагаан бохь, лаазтай ундааны мөрөөдлөөр жигүүрлэсэн залуучууд хувьсгал - төрийн эргэлт хийхэд бэлэн болж гаднаас дохио тусламж удирдамж хүлээж байлаа...
Ингээд тэд урьд өмнөх өвөө эмээ, эцэг эхийнхээ байгуулсан улс орныг харийн хүмүүсийн хэлж зөвлөснөөр хайр найргүй эвдэн нураасны дараа Баруунаас нөгөө мөрөөдлийн технологио худалдан авах, мөн барууны банкуудаас нь хүүтэй зээлүүд авч яг баруун шиг амьдрах цаг ирлээ, ингэж болно гэж боджээ. Тэгээд Баруунтай хамтран ажиллахын тулд шаардсан болгоныг нь хийж эхэлсэн аж. Баруун зүгээс ирсэн зөвлөхүүд та нар ардчиллын замыг тууштай сонго, үүний тулд бүх социалист эдийн засгийнхаа суурийг үндсээр нь нураа, хувь хүмүүст тарааж өг гэсэн болзол тавьжээ. Залуус эхлээд мэдээж хэрэг үүнд нь жаахан гайхжээ. Яг үнэндээ бол тэднээс хүүтэй зээл авахад, бас хөдөө аж ахуй болон түүхий эдийн зарим нэг бүтээгдэхүүнээ тэдэнд хямд борлуулахад ардчилал энд ямар хамаатай юм бэ тэд бодсон байна. Барууны лидерүүд, үзэл сурталчид нь харин нутгийн энэ “индиануудад” тэд нар дандаа бүх хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг, харин бүх муу зүйлийн эсрэг байгаа гэдгээ "учирлаж" ардчилсан бус оронтай харьцахад нь тэдэнд ардчиллынх нь итгэл үнэмшил нь саад болоод байдаг, ер нь ард түмнийх нь төлөө санаа зовоод бараг л “нойр нь хүрдэггүй” гэсэншүү юм тайлбарлажээ...
Энд барууны улстөрчид, үзэл сурталчид чин үнэнээ бол яг бүтэн хэлэхгүй байгаа гэдгийг нь бид анзаарах ёстой. Харин бид бүхэнд хагас үнэн бол худлаагаас ч илүү хорлонтой бас худал хэлэх нь муухай гэж өвгөд дээдэс маань, аав ээж нар маань багаас маань сургаж хүмүүжүүлж ирсэн билээ...
Баруунд уригдан очиж том хотуудынх нь төвөөр алхаж үнэтэй зочид буудалд нь бууж үнэтэй дэлгүүрээр нь хэсээд ирсэн нутгийн тэр улстөрчид “ер нь энэ үнэтэй брэндүүдийг нь л аваад өмсчихвөл бас гоё машиныг нь унаж хаус байшинд нь орчихвол ардчиллаж соёлжиж иргэншчих тэдэнтэй адилхан болчих юм байна” гэж бодож эндүүрч байлаа. Харин барууны ардчиллыг зүтгүүлэх ... тусгай курсийг нь дүүргэсэн хүмүүс болохоор “ардчиллын замаар тууштай алхаад л алхаад л хамгийн гол нь тууштай алхаад л байвал хэзээ нэгэн цагт (!) хөгжил цэцэглэлтэнд хүрнэ ээ” гэж манай хувилгаан багш нар маань сургасан гэж байхад зарим нэг агуу ихийн хэнээтэй хөлсний суртал ухуулагч бүүр “дахиад 20 жил болчих юм бол хөгжилд хүрнэ ээ” гэж тархины эргээгээ гэнэн хүмүүст тараах гэж мурчийж байгаа.
Тэд худлаа ярьж байгаа юм биш ээ, харин үнэний хагасыг нь ярьж байгаа нь тэр юм. Харин бид насанд хүрч ухаан суухын хэрээр “хагас үнэн гэдэг бол шал худлаагаас ч долоон дор муу уршигтай” юм байнаа гэдгийг бага багаар ойлгож ухаарч байдаг билээ...
За ингээд Баруун ардчиллын ямар ямар “заавал нөхцлүүдээ” тулгадаг билээ?
* Нэмүү өртөг бүтээх чадвартай нийгмийн бүх баялгийг хувьчлахыг
* Хараат бус, чөлөөт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй болохыг
* Засгийн газрын бус олон нийтийн олон байгууллагуудтай болохыг
* Иргэний нийгмийг хөгжүүлэхийг
* Улс орны бүх эрх мэдэл, засаглалаа 4 хэсэгт хуваахыг
* Чөлөөт сонгууль 4 жил тутам явуулж засгаа сольж байхыг ...
Энэ бүхэн бол анх сонсоход, маш энгийн ухамсрын түвшинд бол сайхан бүүр гайхамшигтай юм шиг байгаа! Гэвч энэ бүхэн нь ер нь Баруунд чухам ямар хэрэгтэй юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байдаг билээ.
Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад хувьчлал явуулах хэрэгтэй байдаг юм бэ?
Хувьчлал гэж чухам юу юм бэ?
Хэдэн үеэрээ босгож бүтээж ирсэн, нийгэм олон нийтийн төлөө ажилладаг, хүмүүсийг ажлын байруудаар хангаж тэдний амь амьдралын бодит баталгааг нь хангадаг, хийж бүтээх мэдлэг чадвар ур туршлагаа үе дамжуулан баяжуулж эзэмшүүлж байдаг гол хэрэгслүүд болох, нэмүү өртөг бүтээх чадвартай бүх зүйлүүдийг нэг үгээр хэлбэл нийгмийн баялаг бүтээх бодит чадавхтай нөөц, боломжуудыг нь бодит үнийнх нь өчүүхэн бага хэсгээр гэхдээ ихэнх тохиолдолд зээлээр “хэрэгтэй” хувь хүмүүсийн гарт шилжүүлнэ гэсэн үг юм. Ингэж байж л өмч үр дүнтэй ажилладаг, хөгжил цэцэглэлтэнд хүргэдэг гэдэг "хүүхдийн" үлгэрээр хуурах гэж оролддог...
За тийм байж гэж бодьё, гэвч энэ бүхэн нь Баруунд чухам юунд хэрэгтэй юм бэ?
Ажлын байргүй хоцорсон хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж нийгэмд эмх замбараа алдагдан ёс суртахуун унаж авилга цэцэглэж боловсрол мэдлэг хэнд ч хэрэггүй мэт болж эрүүл мэнд ч олон талаасаа баталгаагүй болж ирдэг. Ийм байдалд орсон улс нийгэм гаднын дарангуйлал, мөлжлөгт улам эмзэг, хялбархаан болж хувирдаг. Хэсэг хугацааны дараа нэг мэдэхэд гаднын том компаниуд улс орны бүх өнгөтэй өөдтэй нийгмийн баялгийг нь ил далд хямдхаан худалдан авч өөрсдийнх болгосон байдаг. Чухам үүний тулд л хувьчлал явуулах нь Баруунд хэрэгтэй байдаг байна.
Юуны тулд гурав дахь ертөнцийн орнууд “хараат бус ОНМХ”-үүдтэй байх нь Баруунд хэрэгтэй байдаг юм бэ?
“Хараат бус ОНМХ” гэж чухам юу юм бэ?
Энэ бол төрд харьяалагддаггүй, төрийн зүгээс ямар нэг үр дүнтэй бодит хяналт тавьж байх боломжгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэсэн үг юм. Хэрэв улс оронд төрд хянагддаггүй чөлөөт ОНМХ-үүдтэй байгаа бол дор хаяж төрийн хэвлэл мэдээллээс дутуугүй олон тооны тэгээд бас илүү хүчтэй л байхгүй бол Баруун үүнийг ардчиллын хэм хэмжээндээ хүрэхгүй байна гээд хүлээн зөвшөөрдөггүй. Чөлөөтэй үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахын тулд гэж ухуулдаг. Гэвч бодит байдал яг эсрэгээрээ байдаг нь, төр олон нийтийн хяналтанд байснаасаа илүү хор уршигтай болдог нь ганцхан манайд бус хаа сайгүй нэгэнт батлагдсан бодит байдал юм...
За тийм байж гэж бодьё, гэвч Баруунд энэ бүхэн чухам юунд хэрэгтэй юм бэ?
Учир нь, хэрэв ОНМХ төрд харьяалагддаггүй, түүнд хянагддаггүй юм бол тэд хэн нэгний өмчид харьяалагдах нь үүнээсээ үүдээд хэн нэгний шууд хяналтанд байх нь гарцаагүй шүү дээ. ОНМХ хэрэв төрд харьяалагддаггүй юм бол чухам хэнд харьяалагдах юм бэ? Том бизнест, хувь баян хүмүүст. Тэгвэл ямар том бизнест харьяалагддаг юм бол? ОНМХ-ийг далдаас эзэмшиж шууд хянаж байхыг хүсэж байгаа, мөн үүнд хамгийн том мөнгө гаргаж байх чадвартай тэр бүлэг хүмүүст. Тэгвэл хэн чухамдаа гурав дахь ертөнцийн орнуудын ОНМХ-ийг хянаж байхыг хүсэж байдаг, тэгээд үүнд хамгийн том мөнгийг гаргах чадвартай байдаг вэ? Барууны том корпорациуд, сангууд шүү дээ, өөр хэн байх билээ дээ... Тэд үүнийгээ элдэв хачин ойлгомжгүй нэртэй олон янзын байгууллагуудаараа дамжуулан далдаас хийж байдаг. Мөн ОНМХ-ийг “хянаж” байгаа нутгийн том бизнесүүдийг далдуур худалдан эрхшээлдээ оруулж зээлүүд мөн бусад олон аргуудаар хүчтэй “хөшүүрэгдэн” хянаж байдаг.
Гурав дахь ертөнцийн орнуудад хараат бус чөлөөт ОНМХ-үүд байх нь тэднийг үндэстэн дамжсан корпорациудад далдуур худалдан авах, үүгээрээ дамжуулан энэ улс орнууд дахь олон нийтийн бодол санааг бүрдүүлж (тархийг байнга угааж) далдаас хянаж чиглүүлж барьж байх боломжийг олгодог. Чухам үүний тулд л Баруунд энэ бүхэн хэрэгтэй, шаардлагатай байдаг байна.
Харин хараат бус чөлөөт ОНМХ-гүй байх, үүний оронд сонгогчдын сонгож байгуулсан төрийн хяналтанд болон орон нутгийн ба олон нийтийн өмчийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байх нь ийм боломжийг олгодоггүй байна.
Юуны тулд гурав дахь ертөнцийн орнууд засгийн газрын бус байгууллагуудтай байх нь Баруунд хэрэгтэй байдаг юм бэ?
“Засгийн газрын бус=ашгийн бус=олон нийтийн байгууллагууд” гэж юу вэ?
Энэ бол өөрийн эх орны дотоод аж амьдрал ба нийгэм-улстөрд нөлөөлж байх зорилгыг өмнөө тавьсан байгууллага юм. Гэхдээ уламжлалт арга хэрэгслүүдийг тойрон гарч! Гэвч ямар ч үйл ажиллагаа явуулдаг байгууллагад санхүүжилт ус агаар шиг хэрэгтэй байдаг шүү дээ. Засгийн газрын бус байгууллагууд өөрийн улсын засгийн газраасаа мөнгө хөрөнгө авдаггүй байхаар хуульчилсан байдаг. Харин тэгвэл тэд хэнээс санхүүжилтээ авч байдаг юм бэ? Онолын хувьд бол хэнээс ч авч болно оо. Гэхдээ та болон таны таньдаг хүмүүс ийм байгууллагуудын гишүүний татвар төлдөг гэж сонссон уу?
За тийм байж, юуны тулд энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг вэ?
Бодит байдал дээр тэдгээрийн ихэнх нь, ялангуяа нийгэм-улстөрийн чиглэлийн олон нийтийн байгууллагууд яг үүнд зориулсан гаднын сангуудаас санхүүжилтээ грантуудаар дамжуулан авч тэндээс баталж өгсөн тодорхой хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулж тэдэнд ажлаа тайлагнаж байдаг. Харин тэгвэл хэн эдгээр сангуудыг санхүүжүүлж байдаг юм бэ гэж үү? Мэдээжийн хэрэг, Барууны засгийн газрууд, том корпорациуд нь л санхүүжүүлдэг.
Харин ийм юм бол “хэн мөнгийг нь төлж байна, тэр хөгжмөө захиалдаг” гэдэг амьдралын энгийн бодит үнэнийг эрхбиш хүмүүс мэддэг шүү дээ. Чухам үүний тулд л энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг.
Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад иргэний нийгмийг хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм бэ?
Иргэний нийгмийг хөгжүүлэх гэдэг чинь чухам яг юу гэсэн үг вэ?
Энэ бол гэр бүл, хамт олон, найз нөхөд, сонирхол үзэл бодлын нэгдлүүд гэх мэт нийгмийн уламжлалт эв нягтралыг нь зориуд хагалан бутаргаж нийгмийг бүхэлд нь задалж тус тусдаа хувийн ашиг сонирхолтой хувь иргэдийн бөөгнөрөл болгоно гэсэн үг юм. Хувиараа ганц нэг хүн болтлоо хуваагдсан, ийм учраас хоорондоо байнга хагаралдан хэмлэлдэж байдаг, нэгдмэл том эрх ашиг сонирхлын мэдрэмжээ улам бүр гээж байгаа сүрэг бөөн ийм хүмүүсийн санаа, үзэл бодлыг нь нөгөө “хараат бус чөлөөт” олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээрээ өдөр шөнөгүй "бүрдүүлж" бас л нөгөө “засгийн газрын бус байгууллагуудаараа” төлөөлүүлж толгойлуулсан байдаг. Ийм бөөгнөрсөн тус тусдаа хувь хүмүүсээр нь төр улсынх нь аливаа нэг чухал асуудлаарх байр суурьт нь шахалт дарамт үзүүлж байх түүнийг эргэн авч үзэхийг шаардах, өөрчлүүлэхийн тулд бусад улс орнуудад хэдийнэ туршигдсан механизмуудыг бас холбогдох эрхүүдийг нь тэр улсын зохих хуульд нь суулгаж өгсөн байдаг.
За тийм байж, харин энэ бүхэн Баруунд ямар хэрэгтэй юм бэ?
Энэ иргэний нийгмийн үзэл бодлыг нөгөө хараат бус чөлөөт ОНМХ-үүд нь бүрдүүлж мөн нөгөө засгийн газрын бус байгууллагууд нь чиглүүлж байхын тулд л. Улс орны дотоодын хэрэгт нь тэднээр дамжуулан байнга хяналт тавьж хөндлөнгөөс оролцож байхын тулд тэднийг грантуудаар санхүүжүүлж байнга тайлан, илтгэх хуудас бичүүлэн авч байдаг байна. Ийм үйл ажиллагаа явуулж байдаг хүмүүсийг юу гэж нэрлэдгийг мэдэх үү?
Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудын засаглалын хуваагдал хэрэгтэй байдаг юм бэ?
“Засаглалыг хуваах” гэж юу вэ?
"Энэ бол улс орны бүх засаглал эрх мэдэл өөр хоорондоо хараат бус хэд хэдэн мөчрүүдэд хуваагдсан, тэдгээрийн бүрэн эрхүүд нь хоорондоо тэнцвэртэй байдаг төрийн байгуулалтын нэг хэлбэр юм. Тэд бие биенээ хянаж тэнцвэржүүлж байх ёстой" гэдэг энгийн тайлбараар үүнийг зөвтгөдөг. Яагаад заавал хуваагдмал, иймээс биесээ хянаж байх ёстой гэж?!...
За тийм байж, тэгвэл энэ бүхэн нь Баруунд ямар хэрэгтэй юм бэ?
Хэрэв энэ төрийн байгуулалтын систем тэнцвэртэй байдаг юм бол хараат бус чөлөөт ОНМХ, засгийн газрын бус байгууллагууд, иргэний нийгэм зэрэг гаднын нэг нөлөөлөл нь энэ тэнцвэрийг засаглалын аль нэг талд нь ашигтайгаар өөрчилж чадна гэсэн үг юм. “Хагалан бутарга тэгээд захир” гэдэг арга зарчмыг лав л бид бодож олоогүй билээ. Чухамдаа яг үүний тулд энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг.
Тэгвэл Гурав дахь ертөнцийн орнуудад чөлөөт сонгууль=засаглал солигдож байх нь Баруунд яагаад хэрэгтэй байдаг юм бэ?
Дээр дурдсан бүх арга механизмууд бол үнэндээ туслах чанарын аргууд нь юм. Хамгийн гол зорилго нь засаглал нь солигдож байх явдал юм. Гадныханд тохиромжгүй засаглалыг нь – тэвчиж болохоор засаглалаар. Тэвчиж болох засаглалыг нь – дуулгавартай засаглалаар. Дуулгавартай засаглалыг нь – үг дуугүй үнэнч засаглалаар. Үг дуугүй үнэнч засаглалыг нь – тоглоомын засаглалаар солих боломжтой байх явдал юм. Тоглоомын засаглалыг нь хэсэг хугацаанд ашиглаж байгаад гарган хаяж өөр нэг тоглоомын засаглалаар сольж байхын тулд ийм чөлөөт бүх нийтийн сонгууль Баруунд хэрэгтэй байдаг байна.
Чухам иймээс Барууны хувьд ардчилал бол газрын тосноос ч чухал байдаг. Учир нь ардчилал бол алгуурхан боловч баталгаатай ажилладаг үнэмлэхүй бүрэн далд хяналт юм. Аль улс ардчилалтай, харин аль нь ардчилалгүй гэдгийг шийдэж байдаг “бурхны” эрхтэй тэр хүмүүсийн гарт мөнгө хөрөнгө, байгалийн нөөц баялаг, газрын тос, цэргийн баазууд, тээвэрлэлтийн замууд аяндаа өөрсдөө ороод ирдэг.
Хамгийн гол нь дээрх бүх ардчиллын “заавал нөхцлүүд” нь ядуу буурай орнуудын хүмүүсийн амьдралыг сайн сайхан болгодоггүй, харин ч улам хүнд хэцүү болгож байдаг нь, тэр "барууны" хөгжил гэгч нь угаасаа бидэнд зориулагдаагүй гэдэг нь харамсалтай.
Гэхдээ мэдээжийн хэрэг бүх ард түмний засаглалыг шинээр нэвтрүүлэх хөгжүүлэх ёстой – гэхдээ заавал улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, ард түмнийхээ аж амьдрал, ирээдүй хойч үеийнхээ төлөө, уламжлалт өвөрмөц байдалдаа нийцүүлж зохих хязгаарлалттайгаар! Хэрэв барууны “ардчиллын нөхцлүүд” нь манай улс орныг гаднынхны өмнө ямар ч арчаагүй, хамгаалалтгүй болгож байгаа бол ард түмний засаглал байхгүй гэсэн үг гэдгийг хүн бүр маш сайн ойлгож ухамсарлах ёстой юм.
Одоо бид бүхэн “ардчилсан улс орнууд ардчилалтай улс орнуудтай дайн хийдэггүй” гэсэн өргөн тархсан байдаг нэг ойлголт төсөөлөл, хэллэгийг ердийн хүнд ойлгомжтой тайлбарлах боломжтой болж байна. Барууны том гүрнүүд ардчилсан улс орнууд руу дайрч довтлоод бөмбөгдөөд байдаггүй, учир нь тэднийг аль эрт зэвсгийн хүчээр бус ардчиллынхаа хүчээр бүрэн эрхшээлдээ хэдийнэ хийж авсан байдаг. Ингээд л гүйцээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй.
Би засаглал солигддоггүй байдлыг муу, хор уршигтай гэж үздэг. Би олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд төрийн монополь байхыг муу урхагтай гэж үздэг. Би төрийн салаа мөчрүүд хоорондоо аажмаар нийлж үгсэхийг бас жирийн хүмүүс ямар ч эрхгүй байхыг муу муухай хэрэг, алсын хор уршигтай гэж боддог.
Би бас хуйвалдаан хээл хахуулийг дээр нь ядуурлыг мөн чанартай эрүүл мэндийн тогтолцоо байхгүй байгааг, бүх хүмүүст хүрээмжтэй чанартай мэдлэг боловсролын тогтолцоо байхгүй байгааг муу муухай, хор уршигтай гэж үздэг, боддог...судалдаг.
Гэвч орчин үеийн барууны улстөрийн шинэ ойлголтонд ардчилал гэдэг бол хяналтан доор байх гэсэн утгатай болсон байдгийг бид бүхэн анзаарах цаг хэдийнэ болжээ.
Ер нь Та бүхэн хүүхдүүд гуйлга гуйж өлсөж ядарч байна, тэд хүнд хөдөлмөрт багаасаа нухлуулж байна, бас боолын хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эхтэйгээ хамт урц, траншейнд амьдарч байна гэсэн үндэслэлээр Барууны орнууд аль нэг улс орон руу дайрч бөмбөгдөж байсан ядаж цорын ганц жишээг нэрлэж чадах уу? Авилгал хээл хахууль хавтгайрсан гэж аль нэг улсын эсрэг Баруун хэзээ эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан юм бэ? Ажилгүйдэл маш өндөр байна гэж тэд ямар улсад шударга хувьсгал гарахыг дэмжиж байсан юм бэ? Боловсролын түвшин нь шалдаа унасан гэдэг үндэслэлээр аль улсын улстөрч сайдад нь виз гаргахгүй байсан юм бэ? Гудамжинд гэмт хэрэг ихсэж янхандалт, архидалт газар авч байгааг арилгахад бодитой үр дүнд хүргэсэн тусламж үзүүлж байсан ядаж ганцхан жишээг та мэдэх үү?
Мэдээж хэрэг, ядаж төстэй ч зүйл болж байгаагүй шүү дээ. Тэгвэл Баруунд энэ бүхнийг муу муухай, хор уршигтай зүйл гэж тооцдоггүй юм уу? Үгүй дээ, тооцохоор барах уу даа ... олон олон төсөл, хурал зөвлөгөөн бол хийдээг. Гэвч энэ нөхцөл байдлыг засахын тулд бодитой бол юу ч хийдэггүй шүү дээ!?
Яагаад гэж үү? Энэ бүхэн бол зөвхөн “нутгийн индиануудын” асуудал юм, энэ байдал нь тэднийг Барууны лидерүүд, үндэстэн дамжсан корпорациуд хатуу хяналтан доороо барьж байхад нь саад болдоггүй, ер нь Барууны ашиг сонирхлыг хөнддөггүй юм аа.
Харин тэр улс орнуудад барууны ардчиллын “заавал нөхцлүүд” нь байхгүй байх нь харин тэдэнд их саад болдог, ашиг сонирхлыг нь хөнддөг. Ийм учраас аль ч орон барууны стандартын ардчиллыг нэвтрүүлсэн байх ёстой болдог ба ард түмнээсээ барууны ардчиллыг нь хамгаалж байх ёстой байдаг байна, тэдний нөгөө л стандартаар нь! Үгүй бол тэднийг хүчээр ардчилжуулах ажлыг дотоодын "мангаруудыг" нь ашиглан эхлэх ба мэдээжийн хэрэг өөрсдөөс нь энэ бүхнийхээ зардлуудыг хожим гаргуулж авах болно!
Ийнхүү Барууны удирдагчид ардчиллыг хөгжүүлэхийг чухалчлан ярьж байхдаа өчүүхэн ч залдаггүйг нь бид одоо харж байна. Энэ бол тэдний цэвэр, жинхэнэ үнэн нь юм. Учир нь Барууны корпорациуд дэлхийд ноёрхож байх үндсэн зэвсэг бол сайн дурын эсвэл албадлагын ардчилал, барууны ардчиллын нөгөө “заавал нөхцлүүд” нь эсвэл цэргийн түрэмгийлэл үйлдэх явдал юм.
Харин бидэнд ардчиллаас гадна ажлын байрууд, хангалуун аж амьдрал, нийгмийн хөгжил дэвшил, хийж бүтээх чадавх эцэст нь энгийн шударга байдал ус агаар шиг хэрэгтэй байгаа билээ. Гэвч энэ бүхэн нь харийн ардчиллын стандартад нь тохирохгүй байгаа нь харамсалтай... учир нь энэ бол зарим хүмүүсийн ярьдаг, бичдэг хийсвэр тунхаглал - сэтгэл хөдлөл биш харин жинхэнэ бодит тусгаар тогтнолын өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө мэдэн шийдэх эрхийн тухай асуудал юм... ийм эрх бодит боломж бол одоо байхгүй байгаа билээ
Анхаар: Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд
1..Ерөнхийлөгчийн засаглал тогтоож уул уурхайн болоод мал аж ахуйн түүхий эдийг боловсруулалгүйгээр хил гаргахыг хориглоно.Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт оруулна. Бусад салбарт хориглоно.
2. Яаралтай лазерын зэвсэгтэй, цөмийн реактортай, бага оврын нано кебирнетикийн байгууламжтай болно.
3. НҮБ-д өргөдөл гаргаж бүх Монгол үндэстэнг нэгтгэнэ.
4. Бараа бүтээгдэхүүн бүр 10-15 хувийн ашигтай байхаар тооцож хатуу үнийн систем тогтооно.
5. Хүндэтгэх шалтгаанаас бусад нөхцөлд ажил эрхлэхгүй явдлыг гэмт хэрэг гэж үзнэ.
6.. Сард ганцхан амралтын өдөртэй болгоно.
7.. Баар, караоке, ресторан, зочин буудлуудын тоог эрс цөөлнө.
8.. Радио, зурагтаар Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн алба л ажил ярьж мэдээлэл өгнө. Шашны мэргэд аг тарнийн ном айлдана. Нэвтрүүлгийн ихэнх цагт нь Монгол ардын дуу, сонгодог симфони, дэлхийн сонгодог уран зохиол нэвтрүүлнэ. Хааяа нэг Ерөнхийлөгч шүлгээ өөрийн биеэр уншина (инээв). Өөр нэвтрүүлэг огт явахгүй, бүгд хаагдана.
9.. Сайн сурлагатай оюутан, шилдэг мэргэжилтэнд сайдаас илүү цалин олгоно. Би өөрөө амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцүү цалингаар амьдрана. Ажилдаа сүйх тэргээр ирж, очино. За тэгээд, Монголын үйлдвэрүүд үр ашгаа өгөөд эхлэнгүүт нийслэлдээ дэлхийд байхгүй аварга том театр, номын сан барина даа (инээв)
Энэ эмгэнэлт байдал бол гоё үг хэллэгээр халхавчилсан зориудын төлөвлөгөөтэй дэс дараатай ажиллагааны үр дүн юм!!! Бидний түүхийг тэс өөрөөр гуйвуулан гүтгэж өнгөрсөн бүх зүйлийг буруу байсан гэсэн ойлголт өгсөн байгаа. Колоничлолын ийм аргыг лав 300 гаруй жил хэрэглэж ирсэн бдаг. Ингэснээрээ өнөөгийн амьдрал аж байдал ба ирээдүйг нь алж байгааг маш цөөхөн хүмүүс л ойлгож ухамсарлаж байгаа нь эмгэнэлтэй.Морийг усан дээр хөтлөн ирж болно. Харин уухыг бол албадаж чадахгүй" гэсэн нэг үг бдаг. :nono3: