Тэртээ 40 жилийн өмнө билэг танхай найрагч Р.Чойном «Ажлын бүтээл багадаад л Арын хаалга ихсээд л Улс орон минь нэг л Унасан шинжтэй байх юм Зон олон минь нэг л Зовсон янзтай үзэгдэх юм» хэмээсэн нь яг л өнөөдөр бидний туулж яваа амьдралыг биччихжээ. Эрх баригч, улстөрчид «Монголын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өсөж, дэлхийд цахиур хагаллаа. Нэг хүнд ногдох ДНБ 3000 орчим ам. доллар болж Монгол Улс цэцэглэн хөгжиж байна» хэмээн бархиралдаж байгаа ч жирийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт Улаанбаатарын утаа шиг харанхуй, итгэл найдваргүй болсоор байна.
Ард түмнийх нь ямар ч баталгаагүй, маргааш нь бүрхэг энэ амьдралыг «Зөвхөн Монголд л хүмүүсийг цалингаараа амьдармар гэж харааж болно» хэмээчихэд буруудахгүй.
Уг нь, дэлхий нийтэд мөрддөг зарчмаар бол ДНБ-ий хэмжээ өсөх тусам тухайн улсын ард иргэдийн орлого нэмэгдэж, элбэг хангалуун амьдардаг хуультай. Харин Монголд л яг эсрэгээр үйлчилж, ДНБ өсөх тусам ард иргэдийн нуруун дээр ирэх дарамт, элдэв татвар хураамж, юмны үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль болжээ. Татвар төлөгч жирийн иргэд нь элдэв дарамтанд улам бүр нухлуулж өдрөөс өдөрт амьдрал нь баталгаагүй болж байхад, төрд шургалсан луйварчид хээл хахууль, бусармаг бүхнээр улам л хөлжин баяжиж байна. Хорлонтой энэ тогтолцоог «зөвхөн Монголд, магадгүй Зимбабвед л байдаг төрийн дундаас дээш албан тушаалтнууд нь улсынхаа хамгийн баян хүмүүс байдаг»-аар тодорхойлж болно. Өнөөдөр Монгол Улсад 60 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг ч 150-хан аж ахуйн нэгж л улсын төсвийн нийт татварын орлогын 70 гаруй хувийг нь бүрдүүлдэг баримт бий. Үлдсэн 59 мянга гаруй аж ахуйн- нэгж нь улсдаа татвар төлдөггүй, төлсөн ч татварын орлогын 30-хан хувийг л бүрдүүлдэг ажээ.
Энэ нь зөвхөн Монголд л байдаг жигтэй хачин үзүүлэлт. Цөөхөн, бүлэг хүмүүс хэт баяжиж, олонх нь ядуу, үгүй бол чадан ядан бизнес эрхлэн амьдарч байгааг дээрх жигтэй сонин тоо баримт илтгэнэ. Эцсийн дүндээ үндэсний нийт баялгийн 95 гаруй хувийг 10-аадхан гэр бүл хуваан эзэмшиж байгаа нь дэлхийд Монголоос өөр газар байдаггүй үнэхээр гайхаж цөхөрмөөр, гунигтай баримт мөн. Яг одоо тэсгим өвлийн хүйтэн, зуд турхантай зэрэгцээд Монголын улстөрчид ашиг сонирхол, хийрхэл, намчирхлын «зуд»-ад барьцалдаад хөлдчихлөө.
Зөвхөн Монголд л улстөр, эдийн засаг, хууль эрх зүй, шинжлэх ухааны наад захын мэдлэггүй жижиг гарын наймаачин, өөрийнхөө хар толгойноос өөрийг боддоггүй луйварчдыг дөрвөн жил болоод дахин сонгодог УИХ нэртэй үл бүтэх этгээдүүдийн бөөгнөрөл амь бөхтэй оршсоор байдаг. Дээд сургуулийн хуурамч дипломтой УИХ-ын зарим гишүүд хууль батлах үндсэн ажлаа өглөөнийхөө ирцээр бүртгүүлчихээд үдээс хойш нь ажлаа таслаад виски шимсэн шиг ээ, билльярд нүдэж явдаг гайхмаар жигтэй үзэгдлийг зөвхөн Монголд л харж болно. Зөвхөн Монголд л нэг муу жижиг гарын наймаачин, ТМС-ийн багш, гудамжны тэмцэгч Эрүүл мэндийн сайд гэгдэж, нийгмийн хамгийн чухал салбарыг толгойлсон болж явахыг үзэж болно. Нөгөөдүүл нь ч хал балгүйхэн шиг урьдах ажлаа аялуулахаас илүүтэй яамынхаа мөнгө, хөрөнгөнөөс хулгайлж, тендер нэртэй булхайгаар халаасаа түнтийлгээд авахаа урьтал болгоно.
Ухаангүй ноёдоор толгойлуулж байсны гор нь өнөөдөр гарч согтуу, галзуу эмч, сувилагч нар нь дөнгөж төрсөн нярайг буцалсан усаар шалзалж дуусаагүй шахам байхад дараагийнх нь нярай тангараг өргөсөн эмч нэртэй балагтны гайгаар хорвоогоос буцаж байна. Энэ бол зөвхөн Монголд л харж болох эмгэнэл. Гадаад худалдааны алдагдал сүүлийн тавхан жилийн дотор хоёр дахин өсч, нэг тэрбум ам. доллар даваад явчихсан. Энэ нь улсын төсвийн дөрөвний нэг хувь болж байгаа нь өөр хаана ч биш зөвхөн Монголд. Дөрвөн жил болоод л улсаа дампууруулчих шахан байж УИХ, Ерөнхийлөгчийн хэмээх хийрхсэн сонгууль хийж, баахан луйварчдыг толгой дээрээ залдаг нь зөвхөн Монголд болдог улстөрийн шог үзэгдэл.
Ядуу ард түмнийхээ сонголтыг шил архи, 10, 20 мянган төгрөгөөр худалдан авч, төрийн толгойд гарсан мяндагтнууд нь орой болгон хойморт залрах зурагтын дэлгэцээр малилзтал худлаа инээн мянгуужингийн үлгэр ярьж, хийморь гутаах нь зөвхөн Монголд л байдаг эмгэнэл. Хэрэгтэй, хэрэггүй амьдралд нийцэхгүй 840 гаруй «гууль» баталсан болж 20 жил дороо эргэлдэж байгаа УИХ нь цаашаа явах газаргүй, эрх зүйн чадамжгүй, оршин байх статус нь тодорхойгүй болж мухардалд орсныг ард иргэддээ айлтган сонордуулчих улстөрийн зориггүй, сандал ширээтэй үхэн хатан зууралддаг улстөрчид өөр хаана ч биш зөвхөн Монголд л байна. Энэ байдлаар үргэлжилбэл УИХ хугацаанаасаа өмнө татан буугдахаас өөр зам байхгүй нь бас л зөвхөн Монголд тохиох үзэгдэл.
Дөрвөн уулынхаа дунд шавааралдан амьдрах Улаанбаатар хот дэлхийд хамгийн их утаа, угаартай, хүн амьдрахад хамгийн тааламжгүй уур амьсгалтай хэрнээ жирийн иргэд, ядуус нь ажиг ч үгүй амьдарсан болж, төрөөс төрсөн тэрбумтнууд нь гэр бүлээрээ Сингапур, БНСУ, АНУ-д өвлийг тарган цатгалан өнгөрүүлж, өглөө нисэж ирээд орой буцах нь өөр хаана ч биш зөвхөн Монголд л байдаг амьдрал. Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Шархадны гэр хорооллынхон нь өвлийн гурван cap нүүрсний нүүгэлтсэн утаан дундаас алтан нарны туяаг тоотойхон олж хардаг харанхуй амьдралыг өөр хаана ч биш зөвхөн Монголд л үзэх боломжтой. Зөвхөн Монголын эмгэнэл үүгээр дуусахгүй. Зарим нэгийг нь хоржинтой инээмсэглэл дагуулан танд хүргэе.
Зөвхөн Монголд л «Нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй» гэсэн гашуун үнэн үйлчилдэг. Газар нутгаараа дэлхийд 17-д эрэмбэлэгдэж, хөрсөн дороо хамгийн их баялагтай орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж иднэ. Чингисийн үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт хэдэн түмээрээ боол бологсод. Цаг тооны ухааныг бүтээсэн гэх ч Цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй. Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир агаарт уушгаа утагсад. Монгол хүнд гэрийн буурь олдохгүй байхад гаднаас ирэгсэд байшин, хорооллоор нь худалдаж авна. Дээгүүрээ XXI зуун гэж хашхиралдавч доогуураа хүй нэгдлээр амьдрагсад. Яг өнөөдөр Монголын улстөр хаашаа ч гарах газаргүй мухардалд орж, өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байна.
Улстөрийн намууд нь тогтсон үзэл баримтлал, үнэт зүйлс гэх юмгүй болж улстөрчид нь зөвхөн хар толгой, амин хувийн эрх ашгаа дээдэлж, УИХ-ын гишүүн гэгдэн дөрвөн жилийн хугацаанд амьдрал ахуйнхаа аливаа асуудлыг амжуулан шийдэхээр үхэлдэн тэмцэж байгаа нь нууц биш. Монголын улстөр дампуурал зарлахад ойрхон байна.
Д. Түвшин
/Өглөөний сонин/
Одоо яавал дээр вэ.
Эхлээд чухам яагаад болохгүй байгаа, яг гол учир учиг нь чухам хаана байгааг сайн бүүр сайн олж харж ойлгож ухаарах, тэгээд энэ алдааг дахин хэзээ ч давтахгүй болтлоо сургамж авах хэрэгтэй байх. Харин дараа нь бид хамтдаа улс Эх Орноо өөд нь татаж эхлэх боломж бүрдэх юм. Зүйрлэж хэлбэл "хүнд өвчилсөн" байгаа өнөөгийн Монголын энэ өвчнийг хаанаас юу үүсгээд байгаа оношийг нь зөв тавьсан байх ёстой.
Ингээд улс Эх орноо өөд нь татахын тулд бүхэл бүтэн үзэл баримтлал онол, нарийн төлөвлөсөн стратеги төлөвлөгөө, тактик арга хэмжээнүүдийг урьдаас бодож төлөвлөсөн хамгийн гол нь дотоодын "гэнэн тэнэгүүд" маш бага бараг "байхгүй" болсон байх ёстой.
Учир нь дотоодын гэнэн тэнэгүүд гаднын дайснаас аюултай, чухамдаа яг тэднийг харийнхан байнга ашиглаж байдаг нь дэлхийн түүхэнд нэгэнт олон удаа батлагдсан зүйл ээ. Монголчууд биднийг улс эх орноо ингэж өөд татаж эхлэнгүүт л "ардчиллаас ухарлаа, хүний эрхийг зөрчлөө, чөлөөт зах зээлийг боогдууллаа" гээд цаад далд зорилготой харийнхан эхлээд дараа нь манай гэнэн тэнэгүүд ам амандаа хашгиралдаж эхэлнэ. Учир нь өнөөгийн бидний бүх гай зовлон дийлэнх хүмүүсийн бодит мэдэээлэл, мэдлэг боловсролгүй, мунхаг харанхуй байдал, амиа бодсон арчаагүй араншин, авилгач аймхай түмшэдийн ёроолгүй шунал дээр л тогтнож байгаа юм аа.
Биднийг зориуд ийм байлгахыг тэд хичээж байгаа, хэн гэдгийг харин таах гээд үзээрэй...
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд
Тус сайтны зүүн дээд талд байгаа Холбоо барих линкээр орж емайл илгээж болно. Нийтлэлийг хавсаргаад явуулах хэрэгтэй.
Яахыг нилээд эртнээс иж бүрэн судалж бгаа. :yes:
Таны олсон "хариултыг" энд хэлэлцэж болох юм. Гэхдээ юуны өмнө "бодлогын нөхцлөө сайн ойлгосон байх" бас "хариулт" өөрөө зохих шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу!