Үргэлжлэл төгсгөлийн хэсгийг нэмсэн  / 2012.03.17 /

 

- Таны орчуулж нийтийн хүртээл болгож байгаа номууд нь манай өнөөгийн нийгмийн хөгжлийн зам, түүний ирээдүйд эргэлзэх эргэлзээг уншигчдад төрүүлж байгаа. Та чухам яагаад ийм номуудыг сонгон орчуулах болсон бэ?

- Анх 1990 онд өрнөж эхэлсэн ардчилсан хувьсгалыг миний хувьд ихэд дэмжиж байсан боловч ялангуяа манай тэр үеийн шинэ эрх баригчдын “бид ардчилал зах зээлийг сайн мэдэхгүй байна” гэж зарлаж байсан хэрнээ явуулж эхэлсэн үйл ажиллагаа, олон арга хэмжээнүүдэд эргэлзэж эхэлсэн.

Би эхлээд Уралын политехникийн дээд сургуулийг автоматик-телемеханикийн мэргэжлээр төгсөн мэргэжлээрээ 22 жил ажилласан, мэргэжлийнхээ дагуу докторантурыг төгссөн, Монгол улсын зөвлөх инженер зэрэгтэй, ер нь зөвхөн байгалийн шинжлэх ухааныг судалсан ихэнх хүмүүст байдаг аливаа зүйлийг шууд л хөдөлшгүй чин үнэн гэж хүлээн авахаас өмнө судалж цаад уг шалтгааныг нь шалгаж ойлгож ухамсарлаж байж л итгэл үнэмшлээ болгодог “хүмүүжил”-тэй нэгэн гэх үү дээ.

Ингээд тэр чөлөөт зах зээлийн эдийн засаг гэгчийг нь сургаар шүтэж сохооор даган гүйхгүй харин яг онолыг нь судалж суралцахын тулд 1996 онд СЭЗДээд Сургуульд орж зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүү бүртгэл /өнөөгийн барууны эдийн засгийн энэ онолыг экономикс гэдэг/ суралцаж төгссөн.

Энэ үед бидний замнаж буй замд бүүр ч их эргэлзээ төрж эхэлсэн дээ. Учир нь энэ онол нь дэндүү цэвэр онол төдий-хийсвэр төсөөлөл мэт, хамгийн гол нь энгийн бодит тооцоо, амьдралын логикоор бол ямар ч боломжгүй, экономикс эдийн засгийн онолын сурах бичгийн тэр бодлогуудыг нь зөв логикоор бодож хариултыг нь гаргаж болдоггүй, харин ч тэд бүхэн нь цаанаасаа миний хувьд бол “хачин эргэлзээтэй” байсан, ер нь зориуд гэж хэлж болох эргэзээтэй хариултуудтай бодлогууд байдаг байсан, иймээс лав манай улсын, бидний амьдрал дээр бол биелэх боломж тун багатай, манай нийгэм - олон түмэнд ашиг муутай санагдаж байсан, иймээс сурах бичгүүдээс гадна өөр олон ном судалгаануудыг эрж хайж олж үзэж судалж эхэлсэн дээ. Ингээд энэ 2 дахь дээд сургуулиа 1998 онд төгсөөд одоо 10 гаруй жил дэлхийн түүх (сурах бичгийн түүх биш үү!), улс төр, эдийн засгийн элдэв онолууд, хамгийн гол нь цаадах ил далд цаад механизмуудыг нь судалж ирсээн.

Сүүлийн үед бол манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа албан ёсны мэдээллүүдийг харахаас гадна ялангуяа гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн сайт, блогуудыг уншиж судалж, 7 хоногтоо 1 юм уу 2 удаа заавал орж тэнд болж байгаа үйл явдлыг мэдээллүүд, аналитикийг уншдаг бас бодит фактуудтай харьцуулж үзэхээр манай энд хэвлэл ТВ-ээр өгч байгаа мэдээллүүд, болж байгаа үйл явдлуудыг харахаар бүүр хачин гайхалтай, монголчууд бид тусдаа шал өөр ойлголтууд, мэдээллээр амьдарч байгаа нь харагддаг. Энэ хугацаанд гадаадын нэрт эрдэмтэд судлаачдын олон ном, аналитик нийтлэлүүд, нэр алдартай хүмүүсийн түүхэн дурдатгалууд, бас маш олон баримт хроник кинонуудыг олж цуглуулж үзэж уншсаан.

Ингээд олсон мэдээллээсээ монголчууддаа зах зухаас нь хүргэе, хүмүүс өнөөгийн энэ дэлхийн ялангуяа манай энэ амьдралын бодит үнэн байдлыг олж хараасай, бид яг зөв замаар яваагүй байна юм шүү, биднийг хуурч мэхэлсэн юм байна шүү гэдгийг ойлгуулах үүднээс одоогоор 7 номыг орчуулж хүмүүст хүргээд байгаа. Манайд хамгийн их тулгамдсан тухайн нэг асуудлыг ойлгуулахын тулд ном орчуулахын өмнө бараг 10-30 номоос сонголт хийж нэгийг нь л сонгон “Энэ номыг Монголын ард түмэнд нэн тэргүүнд хүргэх шаардлагатай юм байна” гэснээ л орчуулж ирлээ. Учир нь би “өнөөдөр бид нар олон хоосон үлгэрүүд дотор амьдарч байгаа учир манай улс, ард түмэн ийм хүнд нөхцөл байдалтай байгаа” гэсэн дүгнэлтэнд хүрсэн хүн дээ.

- Дээрх номнуудад гарсан санаануудын бодит дүр зураг Монголын нийгэмд байна гэдэг нь тодорхой байна гэсэн ямар ямар баримтууд танд харагдсан бэ?

- Би 1991 оны цагаан морин жилийн хувьсгалыг эхэн үедээ “үндэстний эрх чөлөөний шинэ давалгаа” байсан гэж үздэг. Хувьсгал гэдэг нь өмнөх улс төр-нийгэм эдийн засгийн тогтолцоог өөрчлөн халж, ард түмний амьдрал чанарын өөр шатанд гаргах зорилго, агуулгатай байдаг. Тиймээс аливаа хувьсал өөрчлөлт нь шинэчлэл дэвшилд хүргэх учиртай биз дээ? Тэгвэл сүүлийн 20-иод жилд Монголд өрнөсөн үйл явдлуудыг хэрэв манай либералч ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс шиг цэвэр үзэл сурталжихгүйгээр, гагцхүү бодит факт баримтуудад тулгуурлаж судлаад үзвэл энэ нь дэвшил биш харин ч асар том ухралт гарсан гэж би үздэг! Гагцхүү тэр өөрчлөлтүүдийг дандаа өөр үгүүдээр халхалж илэрхийлж нийгэмд хоосон горьдлого төрүүлж хүмүүсийг төөрөгдүүлж байсан учир жирийн хүмүүс эхэндээ гайхаж байсан ч эрх баригчдад итгэж найдаж горьдож байсан бол одоо үр дагавруудыг нь амсаж эхэлж үр дүнг нь бүүр хүлээж цөхрөөд байгаа. Жишээ нь, өмнөх нийгмийн эдийн засгийн бүх суурь бүтцүүдийг, ажлын байруудыг хүмүүсийн ашиг орлогыг эвдэн нурааж байгаагаа “бүтцийн өөрчлөлт”, “шилжилтийн эдийн засаг” гэх зэргээр маш сонин нэг тийм далд утгаар нэрлэж жирийн олон хүмүүсийг төөрөлдүүлж хоосон горьдлогод барьж байсан юм. Гэтэл тэр шилжилт нь чухам хаашаа, юуны тулд, хэнд ашигтай нөхцөл рүү шилжиж байна гэсэн асуулт тавиад Монгол улс, ард түмний язгуур амин чухал эрх ашигт нийцэх, монгол үндэстний дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө шилжиж байна уу гэдгийг нарийн судлаад үзэхээр энэ бүх “явуулгын” үр дүнд түүхийн өмнөх 70 жилд олсон ололт амжилтаас асар их ухралт хийсэн, хийсээр байгаа нь харагдаж байна. Энэ нь хэрэв цэвэр үзэл суртлын хүлээснээс гарч, элдвийн хоосон үлгэрүүдийн багийг нь хуулан харах юм бол манай улс, үндэстэн мөнгө, банк-санхүү, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд ер нь ихэнх амин чухал салбаруудад асар том ухралтууд хийсэн, үндсэндээ тусгаар бие даасан хөгжлийн замаасаа гарч улам хүчтэй гажуудлууд хавтгай болж байна. Энэ талаар тодорхой жишээнүүдийг авч яривал улам ойлгомжтой болно. Сүүлийн жилүүдэд манай нийгмийн амьдралын бараг бүх тал дээр ялзрал, задрал маш хүчтэй явагдсан нь тохиолдлын зүйл огтхон ч биш юм. Энэ бол явуулж ирсэн бодлого, арга хэмжээний шууд үр дагаврууд нь юм. Одоо нийгмийн ёс суртахуун уналтанд орж, монгол хүмүүсийн маргаашдаа итгэх итгэл үгүй болж, бүх зүйл дээр хүнийрхэх үзэл, мөнгөний төлөө яахаас ч буцахаа байсан уур амьсгал нийгэмд гаарч байгаа нь хэнд ч илэрхий байна шүү дээ. Мэдээж том улс улстөр-нийгэм эдийн засгийн макро түвшинд төдийгүй жижиг аж ахуйн нэгж, айл өрх, жирийн хүмүүс, бүх нийтийн амьдралд түүний тусгал нь хэрхэн илэрч байна гэдгийг ажиглавал үнэхээр маш хүчтэй ухралт, уналт болсон доо. Би энд өмнөх нийгмийн тогтолцоог хамгаалах, зарим хүмүүсийн хэлдэгээр “буцах” гэсэндээ биш дээ, харин одоо бодит байдал дээр чухам юу болоод байгааг, дахин хэлэхэд хэрэв ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх мэтийн цэвэр хийсвэр суртлаар үзэл сурталжихгүй, амьдралын энгийн бодит үнэнг олж хараад байгаагаар нь хэлэх юм бол энэ 20 жилд бид харийн үзэл сурталын хоосон домгууд дотор учраа олохоо байж одоо бол харийн хүмүүст найдаад сууж байна. Манай эрх баригчдын гол зорилго гагцхүү засаглаж байх, эрх мэдэлтэй байх, харин бусад зүйлүүд тэдэнд нэг их хамаагүй бололтой. Мэдээж би энэ дүгнэлтийг хийхээсээ өмнө олон юманд эргэлзэж судалсныхаа хувьд орчин үеийн мөнгөний онол, банк санхүү, эдийн засаг, ер нь дэлхийн улстөр-эдийн засгийн сүүлийн 400 гаруй жилийн түүх, түүнийг нөхцөлдүүлж байсан цаад учир шалтгаануудыг ямар нэг хэмжээнд үзэж судалсны хувьд ийм дүгнэлтэнд хүрсэн.

- Хувь хүн бүү хэл нийгмийг ийм илбэ жилбэнд оруулахын тулд манипуляцийн асар их арга хэмжээг үзэл суртлын янз бүрийн хэлбэрээр, тэр бүү хэл шоу хэлбэрээр үзүүлсэн байна. Энэ талаар та өгүүлнэ үү?

- 1991 онд ардчилсан хувьсгал дөнгөж эхлэхэд монгол хүн бүрийн хүсэл сэтгэлд юу байсан бэ? Ер нь 1911 оны үндэстний чөлөөлөх хөдөлгөөн, дараа нь 1991 онд Монголд үндэсний эрх чөлөөний тэмцлийн шинэ давалгаа түрэн гарч ирсэн хэдий ч энэ тэмцлийн зөвхөн нэрийг нь ардчилал болгож /барууны гэсэн далд утгатай/, ард түмний энэ тэмцлийн дэмжлэгийн гол зорилго, агуулгыг нь гаднынхны “эелдэг” зөвлөгөөгөөр сэм сольчихсон юм. Тун удалгүй энэ түүхэн хувьсгалын зорилго, агуулга, үйл ажиллагааг нь гаднынхан зөвлөгөө өгөх гэсэн нэрийн доор өөртөө хэрэгтэй зүгт чиглүүлсэн байдаг. Мэдээж урьд өмнөх социалист нийгэмд олон асуудлууд байсан нь ойлгомжтой. Гэвч асуудалгүй тогтолцоо, нийгэм эдийн засаг гэж хүн төрөлхний түүхэнд байдаггүй шүү дээ. Гагцхүү өндөр хөгжсөн гэгдэж байгаа улс орнууд энэ асуудлаа хэрхэн яаж хэнийг ашиглаж чухам ямар арга замаар шийдэж ирсэн бэ гэдэгт л өнгөрсөн бүх түүхийн гогцоо асуудлуудын тэр нууц нь оршиж байдаг. Одоо бидний нүдээ аньчихаад чихээ бөглөчхөөд дагаад явж байгаа энэ неолиберал капиталист тогтолцоонд, барууны нийгэмд нь түүнээс ч илүү ноцтой, гүн гүнзгий асуудлууд маш их байна шүү дээ. Гэтэл монголчууд бид үндэстнийхээ түүхэнд хүрсэн байсан олон ололт амжилтуудаас ухралт хийхгүйгээр харин ч социализмыг устгачихвал л бүх юм сайхан болж улс орон улам дэвшин дээшлэнэ гэж байсан амлалтууд одоо юу болсныг хэрэв нүдтэй бол харж чихтэй бол сонсож байгаа. Харин ч гаднын байгууллагууд, тэдний зөвлөхүүдийн татгалзах боломжгүй эелдэг зөвлөгөөнүүдийн “буянаар” урьд өмнөх бүх ололт амжилтуудаа тэднээс мөнгө зээлж байгаад устгах ажлыг гардан хийж суурин дээр юу ч байгуулаагүй сууж байгаа. Ер нь монголын эрх баригчид яг манай улсын эдийн засгийн бодит нөхцөл бололцоо, нэн тэргүүний зорилтууд, ер нь орчин үеийн мөнгө-санхүү, эдийн засгийн цаад далд механизмууд, зарчмууд, хөгжлийн онол, загварын талаар огт ярихгүй, харин эдийн засгийг тойрсон элдэв хоосон догмуудыг л ярьж үүнд "үнэнч байгаа" гэдгээ харуулж одоо бүр хэн дуртай нь “ойлгож байгаагаараа”, “санагдаж байгаагаараа” ярьж үзэл сурталжаад сууж байна шүү дээ. УИХ-ын түвшинд ч, засгийн газрын түвшинд ч гэсэн яг одоогийн уначхаад байгаа эдийн засгаа судалж иж бүрэн үнэлж дүгнэж, гарах гарц, хөгжлийн онол загвараа ярихгүй л байна шүү дээ. Элдэв хөтөлбөрүүд, лозунгууд бол хангалттай бий, би үзсээн. Харамсалтай нь ганцхан элдэв үзэл сурталжсан гаднынхны зөвлөгөөг лозунг болгосон хөтөлбөр зохиосноор, их том амлалт авснаар, ажлын хэсэг байгуулснаар улс орон хөгждөггүй юм байна билээ. Ил далд олон хүчин зүйлүүд, зарчмууд энд нөлөөлж байдаг. Гэтэл эдийн засгаа ярина гэдэг нь манай хүн ардын амьдралын түвшин, чанар, манай улс үндэстний өнөөдөр бас ирээдүйн тухай асуудал шүү дээ. Одоо Монголын ард түмэн урьчилан хэлж болохооргүй маш төвөгтэй нөхцөл байдалд туйлын сул дорой нийгмийн дархлаатай, эмзэг амь зуулгатай болчхоод байна даа. Одоогийн энэ хоосон үзэл сурталжиж бусдыг дагаж давхиж байгаа нь бидний өнгөрсөн түүхийг баллаад өнөөдрийг маань туйлдуулж ирээдүйг бас устгаж эхлээд байна даа. Бид, ялангуяа эрх баригчид маань өөрсдийн хүчинд итгэхээ байсан, гаднын бусдыг сохроор хуулж дуурайх гээд хөгөө хөлдөө чирч байна. Харин тэр капитализмд нь бидний үзэж харж ярьж итгэж байгаагаас шаал өөр далд зарчмууд, механизмууд бидний хувьд бол “шилний цаана байгаа тэр их баялгийг нь” бүтээсэн байдаг. Би капитализмд дургүйдээ биш ээ, харин тэр "том найранд" монголчууд бидэнд лав суудал байхгүй, хэн ч хэзээ ч биднийг тийш нь оруулахгүй, бид зөвхөн капитализмын "гал тогоонд төмс арилгагч" байх ийм тавилантай систем юм шүү, тэгээд ч одоо энэ "их хөлчүү найр" өндөрлөж байгааг сануулах гэсэн юм. Харин дараа нь шараа тайлах гэж нэг юм байдаг даа....

- 90-ээд оны эхээр хүчтэй өөрчлөлтийн үеэр таны ярьж буйг ярьж байлаа. Та одоо эмзэглэн ярьж байна. Тухайн үед энэ шинэчлэлтийг хийх ёстой гэж ярьж байсаан. Жишээлбэл, социализмыг юу ч үгүй болтол нь нураах ёстой. Социализмын материал-техникийн баазыг балгас болгож байж тэр балгасан дээр шинэ нийгмийг байгуулах ёстой. Ард түмнээ элгээр нь хэвтүүлж байж л шинэ капиталист нийгмийн харилцаанд орно гэж ярьдаг байв даа. Тэр хүмүүс одоо Д.Ганболд, Э.Бат-Үүлээс өгсүүлээд дарга сайд хийгээд л явж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс барууны үзэл суртлын урхи гогцоонд орчхоод ингэж ярьж байв уу, эсвэл гэнэн хонгороосоо ашиглагдчихав уу?

-Миний таамаглаж байгаагаар бол тэд зориудаар эх орноо, ард түмнээ элгээр нь хэвтүүлчихье, эдийн засгийнх нь бааз суурийг нураая гэсэн зорилго тавиагүй байх л даа. Гэхдээ та бүхэн санаж байгаа бол тэд “Бид зах зээлийн эдийн засгийн гол зарчим, механизмуудыг мэдэхгүй байна” гэж ярьдаг байсан шүү дээ. Харамсалтай нь тэдний одоо ярьж хийж байгааг харахад тэд одоо хүртэл мэдэхгүй хэвээрээ л байгаа бололтой. Тэд хоосон үзэл суртлын урхинд байна. Гагцхүү тэд одоо бүх юмнуудаа бол нураачихсан сууж байгаа. Одоо амлаад байсан хөгжил дэвшил нь эхлэхгүй байгаа, яахаа ч мэдэхгүй байгаа тул зарим улс төрийн хүчнүүд “Ард түмнээсээ асууя” гээд явж байна. Гэтэл ард түмэн маань нь мөн адил мэдэхгүй байна. Ерөөсөө бид орчин үеийн мөнгө-санхүү, эдийн засгийн суурь механизмуудыг л ярихгүй байгаа. Ихэнх нь неолиберал үзэл суртал, онол төсөөллийг дагаад дуурайгаад хөөрцөглөөд гүйж байна. Харин харамсалтай нь энэ онол загвар нь капитализм тогтолцоог нь бүхэлд нь сүйрэлд авчраад байгаа шүү дээ. Энд би эдийн засаг гэдгийг жинхэнэ утгаар нь ярьж байна шүү дээ, тийм үү? Улс орны эдийн засаг гэж чухам юуг ойлгох юм бэ? Улс орон бүр дотооддоо өөрийн аж үйлдвэрлэлтэй, дотоодын ажлын байруудтай, дотоодын нөхөн хэрэглээтэй, ийм учраас хүн амынх нь орлого, амьдралын түвшин дээшилж байдаг. Өөртөө дотроо аль болох олон бараа бүтээгдэхүүнийг эдийн засгаараа бий болгодог, гарч ирсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бид юуны өмнө өөрсдөө дотооддоо хэрэглэдэг байх ёстой. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн ерөнхий загварыг аваад үзэх юм бол цэвэр түүхий эдийн экспортын чиглэлтэй, нөгөө бүтцийн өөрчлөлтүүдийн үр дүн нь сая ил гарч ирж биднийг мөнхөд ийм байлгах нөхцөл бүрдчихээд байна. Бид одоо ихэнх бүтээгдэхүүнээ бүүр стратегийн чухал амин чухал бүтээгдэхүүнүүдээ хүртэл гадаадаас импортолж оруулж ирдэг, түүнийг нь тодорхой цөөхөн зуучлагч нар нугалж үнэ нэмээд л зардаг. Ийм байхад улс орон ядуурал гуйланчлалаас гарах боломжгүй болгочхож байгаа юм. Монгол улс нь тэр чигээрээ тодорхой хэмжээгээр зүгээр л супермаркет дэлгүүр, ченжийн зах болчхож байгаа юм. Энэ бол хараат колонийн орны сонгодог загвар бөгөөд манай улс, үндэстний сүйрэл цаашдаа мөхөл юм, учир нь ийм байхад манайд хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин улам бүр доогуур болсоор байх, хүн амын эрүүл саруул байдал, тооны өсөлт, чанаржилт байх бололцоогүй мөн боловсрол, шинжлэх ухаан, бусад салбар хөгжих үндэсгүй болгочхож байгаа юм. Одоо бид хүмүүсээ хүртэл экспортолдог болчхоод байна шүү дээ. Гэтэл аль ч улс орон өөрийн гэсэн зөв эдийн засгийн бүтэц, аж үйлдвэрлэлтэй л байж хөгждөг. Үүнийг л неолиберал капиталист тогтолцоо хааж боогдуулж байдаг. Ялангуяа улс үндэстний хувьд амин чухал аж үйлдвэрлэлүүдийн баазтай байж л сая эндээс улс нийгмийн бүх зүйл нөхцөлдөж өргөжиж хөгжиж дэвшдэг. Гэтэл 10 юаниар авсан зүйлээ төгрөгөөр нугалж зарж борлуулахыг эдийн засаг гэдэггүй ээ.

- Монголд сонгодог утгаараа эдийн засаг хөгжихгүй байна гэсэн үг үү?

- Хөгжихгүй, харин ч бид улам хойшоо гулссаар байна. Бид эдийн засгийнхаа хөгжлийнхөө дотоод нөөц бололцоо, манай улс нийгэмд нэн чухал тэргүүлэх чиглэлүүд, онол загварыг ч хэлэлцэж ярихгүй байна. Социализмын үед энэ бүхэн ямар нэг хэмжээгээр бол харин байсаан, байлгүй яахав. Нийгмийн баримжаатай тогтолцоо байсныг та бид мэдэж байгаа. Манай эдийн засгийн гол хөгжил дэвшил дэлхийн II дайнаас л хойш, ялангуяа 1970-аад оноос хойш л үүсэж буй болсон байсан шүү дээ. Энэ үед л Улаанбаатар хот жинхэнэ орчин үеийн хот болж аймгийн төвүүд өргөжиж хөгжиж, САА, аж үйлдвэрүүд буй болон бүтээн байгуулалтууд, үндэсний ажилчин анги, үндэстний техникийн сэхээтнүүд бүхэл бүтэн инженер-техникийн ажилтнуудын арми богинохоон хугацаанд бий болсон байдаг. Хүн ам бараг 4-5 дахин өссөн. Хүн ам нь эрүүлжиж, бүх хүн бичиг үсэгтэй, ихэнх нь боловсролтой болж, бүхэл бүтэн сэхээтний давхарга үүссэн шүү дээ. Ердөө л 40 гаруйхан жилд. Гэтэл үүнийг одоо зарим нь “социализм бол шорон байсан” гэж хашгирч байна. Ер нь ийм зүйл ярихын тулд чухам колоничлол гэж юу байдгийг үзэж уншиж судалж байж ярьж байх хэрэгтэй шүү дээ. Ядаж тоо цифрүүд, баримтуудтай ярих хэрэгтэй дээ. Ер нь манай либералчид дандаа хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийж байдаг. Харин яг факт баримтууд дээр ярих бол шаал өөр асуудал юм. Энэ нь тэр нөхөд өөрсдөө колоничлол гэж юу байдгийг мэдэхгүй байгааг л харуулж байгаа хэрэг. Колоничлол гэж юу байдаг вэ? Харин яг одоогийн бидний замнаж буй энэ 20 жил бол колоничлол руу гулсаж яваа зам юм. Энэ дэглэмийн үед улс орны өмнөх бүх ололт амжилтыг нь элдэв худал зүйлүүд амлаж байгаад устгадаг. Тухайлбал, эдийн засгийг нь гагцхүү түүхий эдийн экспортлогч болгодог, хүн амынх нь дотоод бүтцийг эвдэж тоог нь барьж хязгаарлах бодлого явуулдаг, сэхээтнүүдийг нь хавчиж боловсролын салбарыг өөр стандартад оруулж аажмаар дампууруулах бодлого барьдаг. Эрх баригчдыг нь “тоглоомын хүүхэлдэй” болгож ер нь бүх талаар гаднын бүрэн хараат, нийгэм ард түмнийг нь дотроос нь хагалан бутаргах бодлого явуулдаг... Ийм жишээ түүхэнд зөндөө бий шүү. Ер нь нэг ийм үг байдаг. “Там хүрэх зам дандаа сайхан амлалтуудаар дүүрэн байдааг” гэж. Одоо бол дандаа л “Бүтцийн өөрчлөлт, элдэв стандартууд” гэж ярьж байгаа. “Бүтцийн өөрчлөлтүүдийн хөтөлбөрүүд” гэдэг нь Гурав дахь ертөнцийн орнуудыг өнөөгийн байдалтай болгосон ба энэ нь аливаа улсын эдийн засгийн гол бааз сууриуд, аж үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр нурааж эдийн засгийг нь түүхий эдийн экспортын чиг баримжаатай болгож бас өөрсдийн бэлэн бараануудыг худалдан авдаг зах зээл болгох явдал юм. Ийм эмзэг бүтэцтэй эдийн засагтай болсон улс үндэстэн өөрөө бүх талдаа нэн эмзэг болон хувирч байгаа юм. Дотоод амьдрал нь гаднын импортоос бүрэн хараат болдог, иймээс төр засаг нь тоглоомын улстөр болж улс орон нь гадилын нэр авдаг. Өдгөө Монгол улс дэлхийн болон бүс нутгийнхаа хөдөлмөрийн хуваарьт хэрхэн орж байна гэхээр газар доорх баялаг түүхий эдээ, ажиллах хүчнээ экспортолдог, бүүр үндсэн амин чухал хэрэгцээгээ хүртэл гадна талаас импортоор хангадаг хараат улс болж. Эрх баригчид, ард түмний ихэнх хэсэг маань сүүлийн 20 жилийн “тоглоомын дүрмээ” одоо болтол сайн ойлгоогүй л байна даа. Хүмүүс улам бүр худалдан авч идэж уух, эдэлж хэрэглэхэд донтож үүнийгээ ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэж андуурч одоо бид хэрэглээнд донтсон хүмүүсийн бөөгнөрөл шиг нийгмийг байгуулчхаад байна. Үүний дийлэнхийг бид том өр тавьж байгаад эдэлж хэрэглэж байна, одоо хүн амын дийлэнх өрөнд баригдсан гэдэг судалгаа бас байдаг. Одоо өмнөх 70 жилд бүтээн байгуулсан байсан нийгмийн хөрөнгө баялгийн нөөц элэгдэж одоо шавхагдаж дуусаж байна, бидний үед. Энэ нь өнөөгийн байдлыг, ирээдүйг улам ноцтой болгож байна. Иймээс энэ бүх алдаагаа даруй эргэн харъя. Ямар нэг “изм, үзэл суртал”-д л үнэнч байгаагаа харуулах гэх мэт хоосон догмуудаасаа зоригтой салъя аа гэсэн үзэл санааг хүмүүст хүргэх гээд л явж байна. Үүнийг тулд улс үндэстнээрээ сэхээрч ухаарах ёстой болоод байна.

- Монгол улсад алсын зорилго гэж байх ёстой. Тэгвэл нэн түрүүнд шийдэх ёстой зорилтууд нь юу байна? Тэр рүүгээ манайд өдгөө байгаа нөөц бололцоогоо чиглүүлэх ёстой, тийм үү?

- Монголчууд үндэстний эдийн засгаа сэргээн босгох, өнгөрсөн алдаануудаа засах, төөрөгдлөөсөө гарах ер нь богино хугацаанд энэ бүх доошоо гулсалтыг эхлээд зогсоож дараа нь эргээд томоохон дэвшил үсрэлт хийх хэрэгтэй байна. Тийм бодит бололцоо, гадаад дотоод нөхцөл байдал, шаардлага нөгөө талаасаа боломж бидэнд одоохондоо байгаа, ийм гадаад “тааламжтай” нөхцөл байдал гарч ирээд байна, одоо. Иймд юуны өмнө неолиберал энэ хоосон догмуудаас бид салах хэрэгтэй байна даа. Нэгэнт бусад орнуудын жишээн дээр том том сүйрэл, ядуурал гуйланчлал мөхөлд хүргэсэн одоогийн энэ хоосон номлол, загвараас аль болох хурдан салах ёстой. Бид дэлхийн жишиг энэ тэр гэж их ярьдаг, харин яг одоо л дэлхийн анирыг дуудлагыг чих тавин сонсох, өөрчлөлт шинэчлэл хийх улстөрийн хүсэл эрмэлзлэл, хамгийн гол нь түмэн олны зөв ойлголт шахалт, тус дэмжлэг туйлын чухал болоод байна. Одоогийн энэ, дахин хэлэхэд хоосон үзэл суртлын савраас гарахгүй юм бол бидэнд уул уурхайн баялаг ч, ер нь юу ч туслахгүй, хэрэв олж харж сайн тунгааж бодох юм бол бидний байдал ноцтой байдалд хэдийнэ орчихоод байна. Үндэстний хөгжлийн цэвэр прагматик үзэл баримтлал, загварыг бид өөрөө өөрсдөө гаргаж ирэх ёстой.

- Олон намын систем гэж анх 90 оноос ярьж эхлэхэд л надад Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй хуудас болох “феодалын бутрал” гээч л нүдэнд харагдаад байсан. Нэн эргэлзэж бас эмзэглэж байснаа санаж байна. Өдгөө 20 жилийн эргээд харахад энэ нь түрүүний хэлдэг манипуляцийн л нэг хэлбэр байж даа, тийм үү?

- Ер нь бол улс орныг эрхшээлдээ оруулахын тулд “Нийгмийг нь элдэв аргаар хагалан бутарга, хооронд нь хэмлэлдүүл эцэст нь бүгдийг дарангуйлан захир” гэсэн эртний Римээс явж ирсэн үг, бодит стратеги бодлого байдаг шүү дээ. Эртний римчүүдээс эхлээд бүх том гүрнүүд “Хуваагтун, захирагтун” гэсэн сургаалыг бүхий л үйл ажиллгаандаа баримталж ирсэн байдаг. Энэ бол гурав дахь ертөнцийн гэдэг нэр авсан улс орнуудад барууны өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа улс орнуудын явуулдаг бодлогын нэг үндсэн санаа нь ердөө л наадах чинь шүү дээ. Үүнийгээ орчин үед “ардчиллын нэг гол шинж бол олон намын системтэй байх” гэж номлодог. Барууны энэ номлолоор бол ер нь иргэн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой, энэ бол эрх чөлөөтэй байгаагийн шинж гэдэг. Тэгээд хоорондоо заавал өрсөлдөж байх ёстой гэдэг. Энэ нь улс үндэстний хэмжээнд ямар нэг нэгдэл нягтрал үүсэхээс болгоомжилсон бодлого бөгөөд улстөрийн намуудад нь гаднаас нөлөөлж байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Хэрвээ нэгдэл нягтрал үүсэх аваас улстөр нийгэм нь хүчирхэгжиж энэ улс орон гадныхны үгээр, дохио зангаагаар явах боломжгүй болдог аж. Тийм учраас ийм арга нь нөгөө монголчуудын өвөг дээдсээсээ уламжлан ирсэн Өүлэн эхийн 5 нум бас “Эвтэй бол хүчтэй” гэдэг уламжлалт сургаал гүн ухааныг задалж байгаа л хэрэг. Та бүхэн мэдэж байгаа, АНУ-д ердөө л хоёрхон нам байдаг гэж. Гэтэл үндсэндээ арван хэдэн нам байна аа. Миний судалж мэдсэнээр бол сонгуульд оролцдог арван хэдэн нам байдаг аж. Гэтэл үүнийг нь бид огт сонсохгүй байна. Яагаад хоёрхон нам гэж сурталчлаад байдаг вэ, энэ бол тусдаа бүхэл бүтэн сэдэв юм. Өдгөө Монголын улс төрийг ердөө л хоёрхон намд хувааж байна. Гэтэл тэр хоёр нь үндсэндээ санхүү-эдийн засгийн нэг том бүлэглэлийн улстөрийн хоёр фракц төдий л байгааг одоо бид ойлгож эхлээд байгаа. Алийг нь ч сонгосон гагцхүү тэр бүлэглэл л хожиж таардаг. Ийм л замаар бид өөрсдөө 22 жил гэлдэрчээ. Мэдээж бидэнд гадна талаас татгалзах боломжгүй “эелдэг зөвлөгөө их өгсөн” нь мэдээж. Гэвч бид өөрсдөө өөрийнхөө гараар үүнийг хийсэн шүү. Тийм учраас одоогийн энэ мухардал, урхинаас гарах арга нь бол юуны өмнө бидний толгой дотор “сууж” байгаа элдэв мухар сүсэг, хоосон үзэл суртлаас салж хүн бүр бодол ухаанаа цэгцлэхийг хичээх хэрэгтэй юм. Юуны өмнө бид толгойныхоо эргээг гаргах ёстой. Ингэхгүйгээр бүх зүйл зөв үйл хөдлөл, ололт амжилт болох үндэсгүй.

- Хүн гэдэг амьтан чинь өөрсдийнхөө итгэл үнэмшил, өмнөх ойлголт төсөөллөөсөө салж татгалзахад хүнд байдаг байх аа?

- Итгэл үнэмшил гэдэг бол асар их хүч юм. Гэхдээ одоогийн энэ төлөв байдлыг итгэл үнэмшил гэх юм бол түүнийг бидний тархи оюунд бий болгоод байгаа гол гол суурь ойлголт төсөөллүүд, мемүүд аксиомууд нь ихэнх нь буруу хэлтгий тавигдчихсан байгаа юм. Жишээ нь, капитализм бол хүн бүхний сайн сайхны төлөө байдаг, хэрэв сайн ажилладаг юм бол та хувийн өмчтэй баян чинээлэг болж чадна, гагцхүү капитализм л ардчиллыг хангадаг, ардчилал бол чөлөөт сонгууль гэсэн үг гэх мэт хэрэв хамгийн энгийн хүүхдийн ухамсраар хүлээж авах юм бол чин үнэн юм шиг хоосон үлгэрүүд их байдаг. Хэрэв энэ “илбэний” цаад механизмуудыг нь олж харах юм бол, бидний бодол санааг “гараас нь хөтлөөд” байгааг ойлгох юм бол бодит байдал огт ийм биш гэдэг нь тодорхой болж ирдэг. Ер нь манайханд хүн бүр өөртөө нэг агуу хүнийг бий болгодог, тэгээд тэр л “багшийнхаа” амаар явдаг муу зуршил их байдаг шиг миний хувьд санагддаг. Өөрсдөө аливаа зүйлийг шалгаж баталгаажуулж байж сая итгэл үнэмшлээ болгох, бас байнга баяжуулж засаж сайжруулж байх ёстой биш үү. Манай нийгэмд нэн ялангуяа сүүлийн жилүүдэд юм болгоныг хэтэрхий хялбарчилж ойлгодог, хэрэглэгчийн сэтгэлгээ давамгайлаад байна шүү дээ. Түүнээс бус өөрсдөө шалгаж судалж үздэггүй. Мэдээж гадаад ертөнцөөс өгч буй зөвлөгөөг сонсох ёстой ч түүнийг заавал манай үндэстний, манай нийгмийн амин чухал эрх ашгуудын үүднээс шүүн тунгааж судалсныхаа дараа л хэрэглэх ёстой. Гэтэл манай нэг улстөрч эрхэм /Э.Бат-Үүл/ “Социализм бол шорон байсаан” гээд тууж байх юм даа, хн. Тэгж хэлж арай болохгүй шүү дээ. Үүнийг чинь хоосон үзэл сурталчилж хэнээрхэх гэдэг юм даа. Энэ хүн одоо болтол ядаж үүнийг олж харж ухаараагүй байгаад бүүр гайхаж байна. Хүн аливаа юмыг мэдэхгүй хийх, ярих бол нэг хэрэг, харин зориуд ингэж хашгичиж өөр зорилго зүтгүүлэх гэж байгаа бол огт өөр хэрэг дээ. Одоо Монголоо, ард түмнээ бодмоор юм даа ядаж, эсвэл мэдэхгүй байгаа бол дуугүй, гай болохгүй байсан дээр дээ.

- Нэг хэсэг нь юм бүрийг улс төржүүлж намчирхаад л гэтэл нөгөө талаас нь философич Батчулуун эрхэм либертаризм гээд л нийгмийн хувьд ямар ч идэвхгүй бай, сонин ч бүү унш гэсэн юм яриад байх юм аа?

- Ер нь либертаризм гэдэг нь хүн бүхний эрх чөлөөний бясалгалын үзэл санаа юм. Эрх чөлөөний үзэл санаа гэдэг нь хүн төрөлхтний түүхийг судлаад үзэх юм бол бүх тэмцэл, өөрчлөлт хувьсгалууд нь дандаа л хувь хүний буюу нийгмийн эрх чөлөөний үзэл санаан дээр тулгуурласан байдаг. Тийм учраас аливаа нэг үзэл санааг нийгмийн доторх тодорхой нэг бүлэглэлийн эрх ашгийн төлөө ашиглаж үүгээрээ нийгмийн манипуляци хийж байхын тулд заавал эхний тэр шууд хүмүүст хүрч дуулдаж байгаа постулатуудад нь эхлээд “зэрэглээнүүдээ” суулгаж өгдөг байна л даа. Тэгэхээр хэн ч эхлээд сонсоход энэ эрх чөлөө нь хүн бүхний л төлөө, миний ч төлөө, чиний ч төлөө, бид бүгдийн төлөө байгаа юм шиг. Гэтэл энэ нь нийгмийн олонхын хувьд зөвхөн тунхаглал төдийхөн л зүйл байдаг санж. Гэтэл эдгээр мундаг уриа лоозонгуудыг хэрэгжүүлэх үндсэн гол механизм нь болох эдийн засгийн бодит боломж эрх тэгш шударга байдал үгүй бол та ямар ч эрх чөлөөгүй нэгэн төдийхөн шүү дээ. Ердөө л хоосон үг, тунхаглал хэвээр үлддэг гэсэн үг. Үүнийг гүн ухаантнууд, эрдэмтэд судлаачид нэг мөр нотолсон байдаг, амьдрал дээр ч яг ийм л байдаг шүү дээ, харин энэ хүмүүс тэр бүгдийн дундаас ганцхан үүнийг л сугалж аваад яриад ухуулаад сурталчлаад явдагт гайхмаар. Улс нийгэмдээ ямар “тус” хүргэж байгаагаа бодоосой. Бас цалин авдаг нэг ажлаа хийж байгаа нь тэр юм болов уу. Ер нь энэ бүх эрх чөлөөнүүдээс хамгийн чухал нь эдийн засгийн шударга байдал, бодит боломж эрх чөлөө юм. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдийн хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөдөө тохирч байгаа гэж үзэж байгаа тэр загвараар л өмнөө тавьсан зорилгоороо л улс орноо удирдахыг хэлнэ. Гэтэл өдгөө бидэнд ийм либерал эрх чөлөө байгаа юм шиг мөртлөө улс гэрээ авч явах тийм бодит бололцоогүй, нөхцөлгүй болгоод хаячихжээ. Зориудаар юм шүү. Манайх шиг болсон ядуу буурай улс орнуудад яг ийм зүйл болсон, болж байгаа.

2-р хэсэг:

- Сая Э.Бат-Үүл МоАХ-ны IV их хурал дээр үг хэллээ. Их л сандарсан байдлаар “Миний энэ баатрын одон бол ардчиллын төлөө тэмцэж явсан та нарын одон шүү” гэж яриад л байна лээ. Гэтэл 22 жил өрнөсөн энэ ардчилал маань ямар ноцтой үр дагаврууд авчрав аа. Энэ нь эцэстээ юунд хүргэж болох вэ?

- Би тэр хүнийг гүнзгий төөрөлдөж яваа гэж харж байгаа. Харин зориудаар ингэж хашгичих аваас энэ бол шал өөр асуудал л даа. Ер нь ямарваа нэг зүйлс, үзэл суртлын асуудлуудыг анх хүлээн авахдаа заавал судалж шалгаж байж өөрийн итгэл үнэмшил болгож авах ёстой юм л даа. Ялангуяа улстөрчид түүнийг бодит практик амьдрал дээр ямар үр дүнд хүргэж байгааг судалж үзэж байж, капиталист улс орнуудын баян тансаг байдлыг бий болгоод байгаа цаад далд механизмуудыг нь олж харж судалж байж авах ёстой болов уу. Лав л ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх-тэй байсан нь шийдвэрлэх хүчин зүйл нь биш юм байна лээ. Одоо манайд бүгд том дарга нар болсон, доошоо орж аливаа юм судлах учрыг нь олж хужирыг тунгаах нь тэдний хувьд “хэт жижигдэх” болсон бололтой. Гэтэл тэд гадаадад томилолтоор очиж үзчихээд, баян тансаг лангууг нь харчхаад л “Зах зээлд шилжвэл ийм болох юм байна” гээд л шуударч болохгүй л дээ. За наад зах нь л гэхэд Баруун европын орнууд нийлээд дор хаяж 15 триллион долларын өртэй, АНУ л гэхэд 16 триллион долларын өртэй болсон байгаа шүү дээ... Энэ бол нэгэнт аваад хэрэглэчихсэн асар их баялаг гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ их баялгийг хэн хаанаас нийлүүлсэн, энэ орнууд бүгд өртэй юм бол чухам хэнд өртэй гээд зөндөө асуудлууд байгаа. Бидний яриад байгаа дээрх бэрхшээл асуудлууд нь зөвхөн Монголд тулгараад байгаа хэрэг биш ээ. Ер нь бид хуучин социалист системийн II ертөнцийн улс байсан, Барууны капиталист улсууд өөрсдийгөө I ертөнц гэж нэрлэдэг юм бол бидний хамаарагдаж байсан социалист блокийн орнууд хөгжлийн түвшин, нийгмийн ололтуудаараа хоёрдугаар ертөнцийг бүрдүүлж байж. Гэтэл бид II ертөнцийн орноос III ертөнц рүү 20 жилийн турш ухрах үйл явцыг тууллаа. Тэр Гурав дахь ертөнцөд хүн амын дийлэнх олонх нь үгээгүй ядуу, тэдэнд амьдрал ахуйгаа сайжруулах ямар нэг бололцоо механизм байхгүй. Ер нь “Юуны ч тухай ярьж бай энэ нь эцсийн эцэст мөнгө, баялгийн тухай асуудал л байдаг” гэсэн америк зүйр үг байдаг. Хэрвээ нийгэмд болж байгаа түүхэн үйл явцуудын цаад талын тэр углуургыг нь олж харахыг хүсвэл энэ үйл явдлаар дамжаад нийгмийн баялаг хэрхэн хаашаа ямар зарчмаар хуваарилагдаж байна гэдэг механизмыг байнга толгойдоо барьж байх ёстой. Тэгж чадаж хэмээнэ бид энэ бүхний цаад сэдлийг зөв ойлгох, зөв үнэлэлт дүгнэлт өгөх тийм боломж бүрдэх юм. Иймээс энэ үзэл суртлууд бүгд мөнгө баялгийг нь хамахад чиглэсэн байдаг. 1991 онд ЗХУ задран унаж, постсоциалист улсуудад коммунист системийн задрал болсон гэж ярьж байгаа шүү дээ. Тэр бол “Хүйтэн дайн”-ы үе байсан. Хүйтэн дайны нөхцөлд нэг том өрсөлдөгч нь өөрөө хар аяндаа дотроосоо задарч уналаа гэдэг ойлголт гарч ирж байгаа биз? Хэзээ ч дайны нөхцөлд нэг өрсөлдөгч нь дотроосоо задардаггүй юм санж, энэ бол хүн төрөлхтний түүхээс ийм юм. Энэ дотоод задралыг заавал гадна талаас нь нөгөө өрсөлдөгчийнх нь явуулсан үйл ажиллагаа тийм төгсгөл рүү түлхсэн байдаг. Ялангуяа үзэл суртлын, мэдээллийн дайнд ялагдсан нь бодит ялагдал болж хувирсан юм. Харин капиталист орнууд өөртөө дотроо төдийгүй бусад улс орнуудад ийм үзэл суртлын, мэдээллийн бүслэлтэд оруулдаг дайныг явуулдаг хэдэн зуун жилийн туршлага, онол практиктай юм байна билээ. Энэ барууны маягийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг тойрсон олон догмууд нь олон хүмүүст нь ташаа ойлголт төсөөлөл, хоосон хүлээлтийг буй болгосон байдаг. Энэ үзэл суртлын дайны үр дүнд тэдний бай болсон тэр улс дахь нийгмийн хамгийн экстремист гэнэн хэсэг нь өөрсдийн гэрийг өөрөөр хэлбэл өөрийнхөө харьяалагдаж байгаа улс, ертөнцийг заавал эвдэлж нураах үүнийг нь бас сохроор дагадаг нийгмийн, олон нийтийн уур амьсгалыг хавтгай буй болгодог байна. Би судлаач хүний хувьд харахад одоогийн энэ бүх байдал нь энэ хэвээрээ үргэлжлэх аваас манай улс үндэстнийг тун удахгүй сүйрэл дампуурал хүлээж байна гэж бодож явдаг. Социалист лагерийг хэрхэн задлан нураасан тухай бас баримтат кинонууд үзсэнээ санаж байна. Тэр үеийн барууны тусгай албад юуны түрүүнд Польш улсыг социалист нийгмийн хамгийн эмзэг, сул цэг хэмээн сонгон авсан байдаг. Юуны өмнө Польш нь католик шашинтай улс, бас Ромын II Иоанн Павел нь ч польш үндэстэн байж таарсан байдаг. Хамгийн гол нь Польш дахь “Солидарность” /”Эв санааны нэгдэл”/ үйлдвэрчний байгууллагыг барууны тусгай албад ил далдаар ивээн тэтгэж санхүүжүүлснээр хүчирхэг болгож, түүний лидер цахилгаанчин Лех Валенсаг барууны хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр “шударга үнэний төлөө тууштай тэмцэгч” гэх зэргээр алдаршуулах ажлыг системтэйгээр явуулсан байдаг. Удалгүй ЗХУ-д ч М.С.Горбачёвыг ч тэд сонгон авч боловсруулснаар “перестройка” нэртэй тусгай ажиллагааг өрнүүлж удалгүй ЗХУ төдийгүй социалист систем бүхлээрээ “ясаа тавьсан” шүү дээ. Өнгөрсөн намар Горбачёвын 80 насны ойг Лондонд сүр дуулиантай тэмдэглэсэн шүү. Энэ бол түүхэн факт баримтууд юм.

- Тийм шүү. Ямарваа нийгэмд тухайн нийгмийн тодорхой нэг хэсэг нь тогтсон байгуулалдаа сэтгэл дундуур явдаг байна. Энэ бол хүний нийгмийн нэг шинж чанар юм биш үү?

- Гэтэл яг үүн дээр нь дөрөөлж тухайн үндэстний улс төр, эдийн засгийн тогтсон системийг гаднаас нураах, эрхшээлдээ оруулах ажиллагааг шинжлэх ухааны түвшинд боловсруулсан технологиуд байдаг байна л даа. Энэ технологийн бас нэгэн золиос нь болсон бид нар үүнийгээ одоо болтол сайн мэдэхгүй л байна. Миний ажиглаж байгаагаар энэхүү үйл явцыг даруйхан зогсоох хэрэгтэй, ингэхгүй бол манай 2,7-хон сая цөөн хүн амтай, эмзэг хүн амын бүтэцтэй ард түмэн урьдчилан хэлж болохооргүй ээдрээтэй нөхцөл байдалд орчхоод байна. Үүнийг олж харж энэ үйл явцыг зогсоох төдийгүй өөр зөв гольдролд нь оруулах нь өнөөгийн бидний өөрсдийнхөө өмнө, хойч үеийнхээ өмнө хүлээж байгаа асар том үүрэг хариуцлага, зорилт болж байна. Дахин хэлэхэд одоогийн энэ манайд ноёрхож байгаа үзэл суртал бол цэвэр догмууд юм байна шүү, бидэнд капиталист өндөр хөгжилд “место” байхгүй, бодитоор боломжгүй, угаасаа хэн ч биднийг тийш нь оруулах зорилго тавиагүй юм байна шүү гэдгийг хэлэх байна. Хэрэв ийм юм бол гал тогоонд төмс арилгагч байх хэрэггүй шүү дээ. Бидэнд өөр зам байгаа, байх ёстой.

- Цөөхөн хэсэг бүлэг хүмүүс асар их баялгийг эзэмшиж байна гэж байгаа. Үүх түүх сөхвөл дундад зууны Европоос үүсэлтэй масончуудын хөдөлгөөн гэж байдаг. Дэлхийд ноёлохыг санаархагч өнөөгийн бүлэглэл нь эртний масончуудын сургаал баримтлал, бас дээр нь эртний хятадын Сунзын сургаалтай ихээхэн холбоотой юм шиг санагдаад байдаг юм.

- Өнөө цагийн манай улстөрчид, эдийн засагчид, нийгмийн зүтгэлтнүүдийг хүн төрөлхтний ядаж сүүлийн 500 жилийн түүхийг ямар нэг хэмжээнд судлаач хэмээн уриалмаар байна. Бидэнд хэвлэл мэдээлэл ном, сурах бичгээр дамжуулан өгч буй, зөвхөн түүгээр л дамжуулж бидний оюун санаад тэр үзэл санаанууд, олон хоосон домгийг, ойлголт төсөөллүүдийг бидний толгойд суулгасан байна шүү дээ. Ер нь хүн төрөлхтний түүхийг сайнтай, саартай нь бүгдийг нь судлах ёстой. Гэхдээ сурах бичгээр түүхийг судалдаггүй. Ингэж чадаж байж хэмээнэ ер нь одоо өрнөж байгаа үйл явдлуудыг зөв ойлгох, ирээдүйд гарч болох үйл явдлыг урьдчилан төсөөлөх, үр дагавруудыг нь олж харах тийм боломж бүрдэж байгаа юм. Би ч гэсэн өөрөө социалист нийгмийн л бүтээгдэхүүн. Мөн л сүүлийн 20 жилийн ихэнх хугацааг эх орондоо өнгөрөөж байна. Гэтэл бидний “мэддэг” тэр түүх, халаасны “эрдэмтдийн” яриад байгаагаас шал өөр дэлхийн жинхэнэ түүх, бидэнд хэлж ярьж өгдөггүй түүхэн үйл явдлууд гэж бас байна аа. Тиймээс тэр түүхийг гарцаагүй олж үзэх, мэдэж байх хэрэгтэй, ялангуяа улстөр сонирхдог хүмүүс. Тэгэж харж хэмээнэ бид болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудад үнэн зөв дүгнэлт өгөх, ирээдүйг бас баримжаалах боломжтой болох юм. Түүнээс бус хэн нэгэн хүний, бүлэглэлийн бидэнд зориулан бэлтгэсэн бэлээхэн дүгнэлтийг сонсох, хүлээн авах гэж бид төрөөгүй, амьдраагүй биз дээ? Тийм үү? Миний хувьд гэвэл өөрийнхөө олж авсан мэдлэг, итгэл үнэмшлээрээ л ярьж байна. Өөрөөр хэлбэл монголчууд аа, ТА БИД СҮҮЛИЙН 20 ЖИЛД “БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЧИХЖЭЭ”. Иймээс одоо “БУЦАХДАА ЮУ ТЭЭХ ГЭЭД БАЙНА” л гэж эмзэглэсэндээ ингэж хэлж байна.

- Та энэ талаар нэлээд судалгаа хийсэн нь харагдаж байна. Ирээдүй судлал /футурологи/ нь өөдрөг болон гутранги /оптимизм ба пессимизм/ гэсэн хоёрхон л янз байдаг. Монгол улс, монголчуудын ойрын ирээдүй энэ үүднээс харвал ямаршуухан тунгалаг байна даа?

-МОНГОЛЫН НИЙГМИЙН ЗАДРАЛ ЯЛЗРАЛ НЬ МАГАДГҮЙ БИД БУЦААЖ ЧАДАХГҮЙ ТЭР ЦЭГ РҮҮГЭЭ Л ОЙРТСООР БАЙНА. Үүнийг маш олон шинж тэмдгээр нотолж чадна. Монголчуудын нийгмийн ёс суртахуун, ертөнцийг үзэх үзэх, ёс зүй, эрүүл мэнд, боловсролын систем, дотоодын мөнгө-санхүү эдийн засаг, хүн амын хэрэгцээний түвшин бүтэц, үндэстний өөрийнх нь бүх талын дархлаа гэсэн гол гол үзүүлэлтүүдээр нь аваад үзэх юм бол БИД МАШ ТОМ УХРАЛТ ХИЙЖЭЭ. Өнөөдрийн Улаанбаатарын гудамжуудаар чихцэлдэн давхилдаж буй энэ үй олон машин унаа бол ихээхэн хэсэг нь цэвэр зээлийн хэрэглээ л шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд дорвитой юу ч нэмж хийж сураагүйгээр барахгүй чаддаг байсан олон зүйлээ хийж чадахгүй, хүсэлгүй, шаардлагагүй болгосон. Энэ бол зөвхөн цэвэр эдийн засгийн асуудал бус манай улс үндэстний цаашид оршин байх эсэх тухай асуудал шүү дээ. Яг үүнтэй адил манайхан өмнөх боловсрол мэдлэг, өмнө нь цуглуулсан байсан бүх хөрөнгө чадавхаа үрэн таран хийгээд дуусаж байна, яг одоо. Дуусах шатандаа орж байна шүү. Бид ийм л түгшүүртэй үед, маргаашийн ирээдүй харагдахгүй байгаа үед амьдарч байна. Гэвч энэ бүх үйл явцыг БИ ӨӨДРӨГӨӨР ХАРАХЫГ ОРОЛДОЖ Л БАЙНА Л ДАА. Энэ БҮХ УХРАЛТ, ГАМШГИЙН ШАЛТГААНЫ ИХЭНХ НЬ БИДЭНД ӨӨРСДӨД МААНЬ Л БАЙНА. Сонголт хийх эрх нь. Сонголт хийхийн тулд бид өөрсдийнхөө өөриймшүүлсэн тэр хоосон догмуудаасаа зоригтой салах хэрэгтэй байна. Гадны хүмүүс бидэнд чухам юу өгчихөв, өөриймшүүлчихэв? Тэд бас үүнийгээ зөв юм хийж байна гэж үзэж байсан, харин одоо тэнд нь ч хямрал мухардалд хүргээд байгаа. Бид тэдний зөвлөгөөг нь сохроор дагаж дуурайгаад юунд хүрчихэв гэдгийгээ л зөв дүгнэж чадах аваас ТҮҮХИЙН ХУВЬД БОГИНОХОН ХУГАЦААНД ОДООГИЙН БАЙГААГААСАА ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТ ДЭВШИЛТ ХИЙХ ШААРДЛАГА АМЬДРАЛААС УРГАН ГАРЧ ИРЖ БАЙНА. Бидний ярьж байгаа энэ асуудал маш өргөн, тодорхой сэдэв л дээ. Тодорхой асуултын хүрээнд тодорхой юмыг ярих, гаргаж ирэх хэрэгтэй байна. Ер нь маш их асуудлууд байгаа. Нарийвчлаад ярьж болохоор асуудлууд маш их хуралдаад биднийг боомилоод байна.

- “Ардчилал” нэрийн дор сүүлийн 20 жилд ихээхэн бужигнууллаа даа. “Ардчилал бүрэн төгс эд биш. Гэхдээ хүн төрөлхтөн ардчиллаас илүүг бүтээж чадсангүй” гэж У.Черчель хэлсэн байдаг. Гэтэл либерал үзэл хүний бүрэн төгс эрх чөлөөг хангана, бололцоог нь олгож өгдөг гэж тайлбарлаж байна аа. Энэ талаар та юу хэлээ вэ?

- Английн улс төрч Черчиллийн түүхэнд хийж гүйцэтгэсэн сайн ч зүйл байгаа, саармаг зүйл ч нилээд байдаг юм билээ. “Ардчилал бол засаглалын хамгийн муу хэлбэр. Хэрэв засаглалын бусад хэлбэрүүдийг нь авч үзэж тооцохгүй бол тэр шүү дээ” гэж Черчиллийн ёжилж хурц хэлсэн үгийг нь манайд гуйвуулаад “Ардчилал бол муу засаглал гэвч хүн төрөлхтөн үүнээс илүү юм олж чадаагүй” гэж монгол хэлэнд зориуд ташаа орчуулж тараасан, одоо болтол ихэнх хүмүүс яг ингэж ойлгож явдаг. Тэгэхлээр хүмүүс ер нь одоогийн энэ ардчиллаас илүү сайн өөр засаглалын хэлбэр байдаггүй юм байна гээд ойлгочхож байгаа юм. Энэ бол нийгмийг залилан хуурсан манипуляцийн нэг л жишээ. Тэдний ихэнх нь гуйвуулсан тэр орчуулгад нь цайлган зангаараа итгэчихсэн, үнэмшчихсэн цохиж явдаг. Гэтэл “ардчилал”......”демокраси” гэсэн үг нь “демос” гэдэг эртний грек хэлээр бол эрх чөлөөт иргэд гэсэн үг аж. “Краси” гэдэг нь засаглал, эрх мэдэл гэсэн утгатай үг. Тэрхүү “демос” нь боол бус харин эрх чөлөөт иргэд байсан ба нийгэмдээ харьцангуй чинээлэг хэсэг нь байсан байна. Гэтэл бусад хүмүүс, тухайлбал боолууд мөн иргэн болоогүй жирийн ардууд энэхүү давуу эрхтэй бүлэгт багтдаггүй байжээ. Эмэгтэйчүүдийн тухай энд дурсаад илүүц. Тэр ямар ч сонгох эрхийг эдэлдэггүй байсан байна, хичнээн сурвалжит язгууртай эмэгтэй байсан ч. Тэгэхлээр ардчилал-демокраси буюу демосуудын эрхт засаглал гэдэг маань анхнаасаа нийгмийн олонхын, ард түмний эрх засаглал биш харин ч дундаж, түүнээс дээш давхаргын баян чинээлэг хүмүүсийн, өөрөөр хэлбэл цөөнхийн засаглалыг нэрлэдэг нэр томьёо байсан байна. Гэтэл одоо хүртэл манайд ардчиллыг - олонхын засаглал гэж ойлгуулаад, ойлгоод явж байна шүү дээ. Эртний Грект хүртэл үүнээс харахад сонгуулийн цензур байсан байна ш дээ. Ингэхлээр “демокраси” гэдэг маань демосуудын буюу чинээлэг цөөнхийн засаглал гэсэн үг юм. Гэтэл энэ үгийг зориудаар “Ардчилал” болгож орчуулаад л.... Гэтэл энэ чинь цаад далд механизмыг нь олж харах юм бол орчин үеийн “элитийн засаглал” шүү дээ. Хамгийн гол нь, би түрүүнд хэлсэн ш дээ хүн төрөлхтний аль нь ч нийгэм-эдийн засгийн формацыг авч үзэхдээ нийгмийн баялаг хэрхэн ямар зарчмаар хэнд яаж хуваарилагдаж байгааг нь зэрэгцүүлэн авч үзэх ёстой юм.

- Одоо нийгмийн баялаг ямар механизмаар аль тал руу нь хуваарилагдаж байна вэ?

- Энэхүү демокраси-гийн буюу “чинээлэг цөөнхийн засаглал”-ын замаар 20 гаруй жил таваргачхаад байхад, энэ хугацаанд “ардчилал”-ын нэрээр эрх мэдэл, хөрөнгө чинээнд хүрч төр засгийн бүхий л боломжуудыг нь эдлэн ашиглаж, бүхий л цалин хангамжийг эдэлсэн хэрнээ зарим улстөрчид одоо хүртэл энэ мэт олон зүйл дээр “үлгэр” дотор амьдарсаар байгаа нь жирийн хүмүүс бидний хувьд бүүр ч дэндүү эмгэнэлтэй хэрэг юм. Монголчууд бид өөрөө өөрсдийгөө сонсохоо, итгэхээ больжээ. Харин харийн хүмүүсийг, бидэнтэй нэг хувь заяатай, амь амьдралтай бус тэр хүмүүсийн ам уруу орчих гээд байгаа нь аавынхаа үгийг сонсохгүй атлаа хаа холын өөр зорилго, санаа өвөртөлсөн худалдаачны үгийг үг дуугуй дагаж явж буйтай яг адилхан юм. Гэтэл манийгаа халамжилж зааж зааварчилдаг барууны ертөнц маань өдгөө асар их хямрал, гүнзгий мухардалд орчихсон байгаа шүү дээ. Одоо Европ, Америкт юу болж байна? “Уолл стриитийг эзлэн ав” гэдэг хөдөлгөөн яагаад гарав? Тэд жагсаж байгаа хүмүүс “Бид нар АНУ-ын иргэдийн 99 хувь”, “Бидний амьдрал улам хүнд байна” гэсэн самбаруудыг барьчихсан тэмцэж байна. Манай ихэнх хүмүүс энэ тухай мэдээлэл багатай, ташаа ойлголттой байна. Энэ бол нийгмийн бодол санааг далдаас чиглүүлж залж байгаа нэг жишээ юм. Тэдэнд үнэхээр хүнд асуудлууд, бүүр “математик” талаасаа боломжгүй болсон асуудлууд хуримтлагдсан байгаа. Та нар анзаардаг уу. Хүн төрөлхтний түүхэн дэх бүх хувьсгалыг дандаа идэр залуу хүмүүс эхэлсэн байдаг шүү дээ. Залуус гэдэг бол одоохондоо бодол санаа нь төлөвшөөгүй, амьдралын өмнө том хариуцлага байхгүй, бусдын үзэл санаа ятгалгыг оюун ухаандаа шүүн тунгааж үзэхээс өмнө юуны түрүүнд сэтгэлийн хөдлөлөөрөө аливаа зүйлийг хүлээж авахдаа хялбар, нэгнээ хуйларч дагадаг гэнэн тийм л хүмүүс байдаг. Үүнийг би Хойд Африкт одоо болж байгаа үйл явдлуудтай холбож хэлж байна. Тэгэхлээр хувьсгалын технологиудыг чухамдаа яг ийм хүмүүсийг ашиглахаар тохируулан боловсруулсан байдаг. Одоогийн дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас Хойд Африкт болж буй явдлыг салгаж ойлгох боломжгүй юм. Энэ бол нэг юмны хоёр тал нь, хямралыг шийдэх гэсэн нэг оролдлого юм. Гэтэл манай хэвлэл мэдээллээр тэнд нэг улсад нэг аймаар харгис диктатор байсныг нь одоо л олж харсан мэдсэн юм шиг л бичээд яриад байгаа биз дээ. Өнөө үед “хэрэгтэй” бол хэнийг ч харгис диктатор болгож чаддаг болсон, ТВ хэвлэлээр 7 хоног балбахад 8 дахь өдөр нь хүмүүс ийм л юм байх гээд хүлээгээд авчихдаг. Олонх нь өөр газраас мэдээлэл олж үзье, шалгая гэж ч боддоггүй. Жишээлбэл, Ливи байна. Харин тэнд сүүлийн 30-40 жилд тогтвортой байдал гэдэг жинхэнэ утгаараа тогтсон, маш их бүтээн байгуулалт, ард түмнийх нь амьдралын стандарт харьцангуй их өндөр, Барууныг хямд сайн чанарын газрын тосоор хангадаг орон байсан. Гэтэл манайд сонгууль гэгч нь 4 жил тутамд давтагдаж байдаг тул ийм нөхцөлд улстөрийн тогтвортой байдал, эдийн засгийн томоохон төслийг хэрэгжүүлэх, улс орны дэвшил хөгжил цэцэглэлтийн тухай зүүдлээд ч хэрэггүй байгаа. Хэрвээ Монгол улс хөгжье л гэж байгаа юм бол дээрх “ардчилал”, “сонгууль”, “чөлөөт зах зээл” гэх мэт ойлголтуудыг хэт туйлшран хэрэглэдгээ эргэн харах хэрэгтэй. Ер нь олон ташаа ойлголтуудаасаа, төөрөгдлүүдээсээ салах шаардлагатай болоод байна. Манайд улстөрчид маш олон болсон, гагцхүү төрийн хүмүүсийн бодлого маш үгүйлэгдэж байна. Энэ хоёр хоорондоо чанарын ялгаатай ойлголтууд шүү. Тухайлбал, улстөрчид эдийн засаг гэчхээд харин түүнийг тойрсон шал өөр зүйлсийн талаар маргалдаад яг эдийн засгаа бол ярихгүй орхичхоод байдаг.

- Таны орчуулсан эдгээр номыг дундаж монгол хүн хэрхэн хүлээж авч байна вэ?

- Би тэр бүх хүний өмнөөс юу хэлэх вэ? Ер нь олон хүн надад хандаж утсаар холбогдож заримтай нь уулзаж ярилцахад сайн хүлээн авч санал солилцож байгаа. Ер нь миний орчуулж гарсан 7 номууд хүмүүст маш олон зүйлүүдийг эргэн харахад үнэхээр тусалж байна гэж тэд надад байнга ярьдаг. Гэхдээ би тэдэнд ганцхан зүйл л хэлдэг. “Би та бүхнийг ямар нэг зүйлээр ухуулж ятгаж байгаа хэрэг биш шүү. Зүгээр л бидний одоогийн байгаа байдлаа олоод харчих, хуучин ойлголт төсөөллөөсөө гарч ирэхийг оролдоод үз, тэгээд байгаагаа зүгээр л хараадах. Тэгээд л ямар дүгнэлт хийх нь таны сонголт" гэж л хэлдэг. Миний хувьд бол эдгээр хүмүүс хэзээ ч урьдынх шигээ тийм хүмүүс биш болсон гэдэг нь чухал юм. Тэд өөрсдөө шүүн тунгааж эргэцүүлж боддог болсон, иймээс энэ бол манай хүмүүс хувь заяагаа өөрсдөө шийдэж байх гол алхам юм.

- Социализмд мухардах шалтгаан мэдээж байсан. Гэтэл ардчилал маань бас л мухардчихлаа. Тэгвэл одоо гурав дахь ямар зам байна вэ?

- Үгүй ээ, социализмыг гадна дотроос нь хүйтэн дайны өөрөөр хэлбэл сэм суртал ухуулгаар зориуд "дэлбэлсэн" юм байна лээ. Сүүлийн үед Америкт, Европт, Латин Америкт юу болж байна вэ? Хүн төрөлхтний хувьд ардчилал нь байна уу, социализм нь байна уу, коммунизм нь байна уу ер нь эцсийн эцэст ихэнх хүн ардын сайн сайхан өөдрөг тайван амьдрал, шударга байдал, хүнлэг энэрэнгүй сэтгэл ёс суртахуун, айдас түгшүүргүй, маргаашийн ирээдүй нь гэрэлтэй тийм нийгмийн төлөө засаглалын хэлбэр хэрэгтэй болоод байна даа. Америк, Европт ардчилал, сонгууль, хүний эрхийг дээдэлсэн учраас л өнөөгийн баян тансаг амьдрал, хөгжил дэвшилд хүрсэн хэрэг хараахан биш юм, үүнийг Европын түүхийг нилээд судалж баримтат кинонууд үзэж судалгааны бүтээлүүд номуудыг уншсаны дараа ойлгосон. Гэтэл бидний олонх тэнд шал өөр далд механизмууд, зарчмууд үйлчилж байдгийг анзаардаггүй, аргагүй юм даа, ер нь ил ярьж хэлж болдоггүй хориотой сэдвүүд одоо ч олон байна шүү дээ. Олон улсын мөнгө санхүү, үйлдвэрлэл худалдааны, ялангуяа банк-санхүүгийн механизмыг ойлгохгүйгээр тэр бүх зарчмуудыг нь ухаж ойлгох ямар ч боломжгүй юм. Жишээ нь, энгийн телевизороор жишээ аваад үзье л дээ. Бид телевизийн дэлгэцэн дээр юу гарч байгааг үзэж хардаг . Харин телевизийн дотор хэсэгт нь ямар эд ангиуд хэрхэн ажиллаж байдгийг ядаж багцаадахгүйгээр яагаад эвдэрч саатав гэдгийг нь хэлж болохгүй. Иймээс аливаа юмыг гадна талаасаа харагдаж байгаагаар нь, санагдаж байгаагаар нь ийм тийм гэж яаруу дүгнэлт хийх нь эрсдэлтэй. Тиймээс гол гол зарчим механизмыг нь дор хаяж багцааддаг байх ёстой. Үүнийг л хүмүүс ойлгоосой. Миний орчуулж байгаа номнууд хүмүүст өөрсдөд нь оюун санааны гарц, өөр хараа өнцөг, тусламж болж байгаа талаар их ярьдаг. Гэхдээ Монголын ард түмний нилээд хэсэг нь бид чухам ямар байдалд орж байж одоо ойлгоогүй байгаа, ойлгохыг хүсэхгүй байгаа зүйлсээ сая ойлгож ухаарах вэ гэдэг асуултыг би өөртөө тавьж байна. Монголын ард түмний, манай үндэстний тэр цөм багана нь байхгүй болох аюул нүүрлээд байна. Үндэстний гол цөм хэсэг нь төөрөгдөл, ядуурал, цөхрөлдөө живж задран унах юм бол дундаж цөөхөн бид хэд, асар баян маш цөөнх бүгд хэн ч биш, улс гэр оршин тогтнож байхын тулд юу ч хийж чадахгүй, боломжгүй болох юм. Иймд бид маш цөөхүүлээ учир нийт хүн ардаа ажил эрхлэлт ашиг орлогын хувьд, эрүүл мэндийн хувьд, хүн амын тоо чанарын хувьд, соёл боловсрол соёлын хувьд гаднын явуулгаас хамгаалж аврах, ингэснээрээ бид өөрсдийгөө аврах цаг ирээд байна. Засаж болдоггүй алдаа гэж бас байдаг. Үүнийг л хүн бүр ойлгох ёстой. Либерал аминчхан зан бол бидэнд тохирохгүй ээ.

- Сүүлийн 20 жилд Монголчууд зөндөө алдлаа гэж ярьж байгаа ч заавал ийм зүйл л үзэж байж ойлгож ухаарах байсан гэж ярих хүмүүс ч байна. Энэ талаар?

- Ийм юм ярьж байгаа хүмүүс бол өөрсдөө ч энэ байдлын цаад сөрөг үр дагаврууд, аюул заналыг бас сайн ухаараагүй байна аа гэсэн үг юм. Тэд л нийгмийг төөрөгдөлд оруулж байж хүмүүст элдэв хоосон зүйл амлаж байж тэднээс эрх мэдлийг авсан хэрнээ тэдний амь амьдралаас дөлж зугтааж байж одоогийн ийм байдлыг бий болгосон шүү дээ. “Ганцаараа л дандаа яриад /бичээд/ байсан хүний бүх юм нь үнэн шиг болчихдог” гэсэн Бальзакийн ёжтой нэг үг байдаг даа. Энэ 20 жилд маш цөөхөн хүмүүс л ярих бичих үнэхээр бодит бололцоотой байлаа шүү дээ. Бас нэг үг байдаг даа, ухаалаг хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг. Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаггүй гэдэг. Зөрүүд мунхаг хүн бусдын алдаанаас бүү хэл өөрийнхөө алдаанаас ч суралцдаггүй юм байна лээ...

- 90-ээд оны үед бид энэ бүхнийг сэхээрч харах боломж хэр байсан бэ?

- Ер нь одоо эргээд харахад үгээ хэлэх эрх чөлөөний тал дээр хязгаарлагдмал зүйлүүд үнэхээр байсаан. Тэр мөч одоогийн байдалтай харьцуулаад үзэхэд тухайн үед илүү муу байсан. Харин ажилгүйдэл, хавтгай ядуурал, боловсролын уналт бол манайд байгаагүй шүү дээ. Энд тэмдэглэн хэлэхэд бид дайны /Хүйтэн/ нөхцөлд байсан гэдгийг мартаж болохгүй. Дайн бол дайн, бүх зүйл дээр хавчигдаж байсаан. Харин одоо бол нийгмийн үнэмлэхүй олонхын хувьд ажилгүйдэл, ядуурал, цөхрөл мөхөл, ёс суртахууны уналт, үндэстний боловсрол, эрүүл мэндийн дампуурал бол манай нийгэмд цоо шинэ үзэгдэл болон гарч ирсэн, энэ бол факт шүү. Сүүлийн хорин жилийн хугацаанд олон улсын банк, санхүү, зээл тусламжийн байгууллагуудын явуулсан олон төсөл хөтөлбөрүүд төдийлөн ашиг тусаа өгөөгүй харин ч манай нийгэм, эдийн засгийн суурь бааз, аж үйлдвэрлэл нуран унах бүх нөхцлийг бий болгосон. Одоо наад зах нь утааны асуудлыг амтай бүхэн ярьж шоудаж байна. Гэвч энэ их утааны шалтгаан болсон манай хүмүүсийн асар том нүүдэл шилжин суурьшилтын цаад шалтгаануудыг огт авч үзэхгүй байна. Энэ бол бас л манай нийгмийн цоо шинэ үзэгдэл, хязгаар хөдөө орон нутаг Монгол орон эзгүйрч байна шүү дээ. Энэ нь нэг талаараа эдийн засгийн неолиберал бодлогын шууд үр дүн, өөрөөр хэлбэл улс төр – эдийн засаг нийгмийг сөхрүүлэх зохион байгуулалттай зориудын том явуулга юм шүү. Одоо манай улс бүх банк санхүүгийн тогтолцоогоо гадныханд өөрсдөө өгчихсөн байгаа. Гадныхан л орж ирж байвал бүх зүйл сайн сайхан болдог гэж манай гэнэн либералчид хашгиралддаг. Энэ бүгдийг, өнгөрснөө, одоо байгаагаа ойлгож ухаарахгүйгээр бид улс үндэстний хувьд цаашаа хөгжин дэвших ямар ч үндэслэл байхгүй гэдгийг ойлгох ёстой. Харин улс үндэстэн суларч доройтон дампуурвал баян ч бай, ядуу ч бай чи хэн ч биш, ямар ч их хөрөнгө мөнгө хэнд ч тус болохгүй, хүний нохойн хоол болдог жамтай, хүн төрөлхтний түүх ийм л байсан, цаашдаа ч ийм л байх болов уу.

- Төвлөрөл бий болж байна. Хөдөөнийхөн хот руу орж ирэхээр хөдөө малчин байхгүй болно. Ингэхлээр махгүй болно. Мах Монгол хүний хувьд чухал хүнс....

- Энэ бол төвлөрөл бус юм. Энэ бол манайдаа хүн ардын том нүүдэл, шилжин суурьшилт юм. Түүхээс үзвэл том нүүдэл, шилжин суурьшилтанд дайн дажин, өвчин дэгдэлт, цаг уурын онцгой өөрчлөлтүүд, ер нь тэвчихийн аргагүй нөхцөл байдал нөлөөлсөн байдаг. Харин 1996 оноос манайд эхэлсэн их нүүдэл нь неолиберал бодлогын шууд үр дагавруудын нэг юм. Хүмүүс урьд өмнө нь амьдран сууж байсан амьжиргаагаа бас нутаг орноо хаяад дүрвэж хотын гэр хороололд ирж амь зууж байна гэдэг бол тэд нийгмийн маш том цохилтыг авсан гэсэн үг юм. Энэ бол тусдаа иж бүрэн том сэдэв юм шүү. 1949 оны 12 сарын 09-ны өдөр НҮБ Геноцидын эсрэг конвенци батлан гаргасан байдаг. Үүнийг би зориуд олж үзлээ. Геноцидыг тодорхойлох шалгуур хүчин зүйлүүд байдаг. Эдгээрийг аваад үзэхэд Монголд нийгмийн геноцид явагдаж байна гэж хэлэх бүрэн үндэс бий. Энэ бол харийн хоосон номлол, загварыг тулган хэрэгжүүлсний, манай эрх баригчдын тэдний зөвлөгөөгөөр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны шууд үр дагаврууд юм. Гол нь бид нар үүнийг олж харахгүй, хүсэхгүй байна. Үүнийг олж хараад ярихад тодорхой хэмжээний иргэний зориг гаргахаас өөр арга байхгүй. 1991 онд бол үнэхээр том, алсын үр дагавруудтай форматлал байсныг одоо улам бүр ойлгож байна.

- 1990 онд хувьсгал болсон юм биш үү?

- 1990 оны хувьсгал бол Монголын ард түмний үндэстний чөлөөлөх хөдөлгөөний давалгаа байсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. 90 оны 12-р сарын 10-нд цуглаан болсон, дараа нь 3.18-нд өлсгөлөн болоод хавар нь гэхэд бидний дэвшүүлж байсан санаануудыг хэрэгсэхгүй үлдээгээд тэмцлийн нэрийг ардчилал /цаагуураа барууны маягийн гэсэн үг/ хэвээр үлдээгээд агуулгыг нь бүрэн өөрчилсөн байсан. “Ардчиллын төлөө 20-н жил” гэдэг баримтат кинон дээр тэр хүмүүс нь ярилцлага өгсөн байдаг. Ард түмэнд бол тэр үед капитилист нийгмийг байгуулах гэж байгаа гэдгээ хэлж болохгүй байсан, "ардчилал, зах зээлийн онол" гэсэн тэр үед сайн ойлгомжгүй үгсээр орлуулж байсан гэж. Яг үндсэндээ эдгээр нь манипуляцийн технологиуд байхгүй юу. Эхний хамгийн хүчтэй хийсэн цохилт нь бол 20-р тогтоол. Энэ нь манай банк санхүү мөнгөний тогтолцоог форматлах үйл явцын яг эхлэл нь байсан, маш хүчтэй хоёр дахин девальвац хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ. Энэ нь гадна талдаа бол доллартай хүмүүст монголын бүх юмнууд хоёр дахин хямдарчихлаа гэсэн үг. Өнөөдөр монгол төгрөгийн ханш ямар байгаа билээ дээ? Монгол хэд хэдэн хямдарсан гэсэн үг вэ, 250 гаруй дахин! Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг дээр нь үнэт металл буюу олон улсын валютаар баталгаажна гэсэн үг байдаг байсан, одоогийн төгрөг дээр бол юу ч байхгүй. Энэ бүхний хууль ёсны эзэд , монголчууд бидэнд ойлгуулахгүйгээр маш хүчтэй эдийн засгийн “төрөл арилжилт” явагдсан даа, иймээс бид бүхний мэдлийн, бидний тулд эдийн засаг биш болсон шүү. Улс орны эдийн засгийг, түүгээр дамжуулаад ард түмнийх нь хувь заяаг эрхшээлдээ барихын тулд мөнгөний бодлогыг нь гаднаас барьчихдаг. Тэгээд дараа нь хэвлэл мэдээллийнх нь салбарыг гартаа хийдэг, ингээд л дуусаа. Энэ бол олон газар хэрэглэгдсэн сонгодог арга. Бусад Гурав дахь ертөнцийн колони орнуудын хувьд ч яг ийм.

- Зурагтаар нэг л сайхан юм яриад байх юм......

- Тэгэлгүй яахав. Тэд одоо удахгүй ДНБ 10 мянган доллар, бас тун удахгүй 30 мянга болно, ДНБ 2011 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 20 хувиар өссөн гээд яриад бичээд бичүүлээд байна. Энэ бол Монголын байгалийн нөөц баялгийг хамах тусгай ажиллагааны пиар хэсэг нь шүү. Манайхан бол ДНБ өссөн гээд байхад амьдрал ерөөсөө ийм хэмжээгээр өссөнгүй гээд яриад байгаа. Угаасаа одоогийн энэ ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засгийн үзэл санаа бол нийт хүн ардын төлөө, баялгийн шударга хуваарилалтын төлөө систем угаасаа биш байхгүй юу. Зөвхөн үг хэлэх, сонгууль хийх, хэвлэн нийтлэх гэх мэт хүнд зайлшгүй хэрэгтэй боловч харин хүний амь амьдралд хамгийн хэрэгтэй зүйл болох эдийн засгийн шударга байдал, баялгийн шударга хуваарилалтын тал дээр бол таг чиг, үнэндээ бол хүнд амин чухал хэрэгцээтэй бус тэр хийсвэр боломжуудыг л тунхагладаг үзэл суртал шүү дээ. Хамгийн гол нь эдийн засгийн бодит эрх тэгш эрх чөлөө, нийгмийн баялгийн шудрага хуваарилалт юм шүү дээ! Монголын ард түмнийг 10-уулаа гэж үзвэл тэрний дотор ганцхан хүний орлого олон дахин нэмэгдсэн л бол бүх хүмүүсийн нийт орлого нэмэгдсэн юм шиг ДНБ харуулдаг. Үлдсэн есийнх нь орлого бүүр буурсан ч байж болдог. Тиймээс нэг хүнд! ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол бүх хүмүүс нэг хүнд дунджаар тийм хэмжээний орлого олсон гэсэн үг огтхон ч биш ээ. Ийм энгийн юмыг бид нар олж харахгүй байна даа. Сургаар итгэж суутныг биширдэг гэнэн зуршлаасаа салах ёстой болжээ.

- Удахгүй монголчууд маш том сонголт хийнэ. Энэ сонгуулиар ер нь урьдын байдал засагдах болов уу? Үүнийг засаж чадах улс төрийн хүчин хэн байна?

- Миний үзэж байгаагаар бол одоогоор тийм улстөрийн хүчин харагдахгүй, сонсогдохгүй байна. Яагаад гэвэл ямарваа нэг үзэл санаа бодлого үйл ажиллагааг хөтөлбөр зорилго болгож тэрийг нь ард түмэн гарцаагүй ойлгож дэмжиж хүч чадлаа дайчилж байж амжилт болдог жамтай. Үүнийг манай улсын эрх баригчид, иргэд ойлгоогүй цагт бидэнд юу ч тусалж чадахгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Үнэндээ бол сонгууль явуулаад ч утга учир багатай, учир нь үзэл санаа, улстөр-эдийн засгийн чиг баримжаагаа өөрчлөөгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, боломжгүй юм. Одоогийн энэ сонгууль бол нөгөө л хуучин эрх баригчдыг, тэр бүлэглэлийг дахин 4 жил суух хугацааг нь сунгаж өгөх ёслолын ажиллагаа төдий юм.

- Өөрчлөхийн тулд яах ёстой вэ?

- Ер нь бол бид нар өөрсдийнхөө сүүлийн 20-иод жилд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа эргэн харах шаардлагатай. Гол нь үнэмлэхүй олонхын маань амьдралыг боомилоод байгаа тэр зүйл буюу эрх баригчдын бас бид бүхний тархин дотор зориуд суулгасан ташаа ойлголтууд, төөрөгдөл юм. Энэ төөрөгдлөөсөө бид гарах ёстой. Одоо Монгол улсад бахархдаг ганцхан юм нь бол ардчилалд тууштай байсан гэдэг. Миний бодлоор бол, Азийн бар орнуудыг бас судалж үзэж байснаар бол манайхан Азид ардчиллын цаад үнэнийг нь ойлгоогүй яваа ганцхан улс юм. Тэд маш прагматик, хоосон үзэл суртал гэдэг юмны үнийг мэддэг улсууд шүү. Харин манай дэндүү гэнэн эрх баригчид хоосон үзэл суртлуудаар, үнэндээ бол капиталист зэрэглээн дотор амьдарцгаадаг, тэдэнд бол болж байгааг бид харж байна. Гэвч тэд л ард түмнээ одоогийн энэ нүх рүү чирч авчирч унагасан шүү дээ.

- Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ? Мэдлэг боловсролын талд юу хэлэх вэ?

- Боловсролын асуудлыг бол тусад нь сэдэв болгож нилээд харсаан. Тэгээд би “Хүн сүргийн үйлдвэрлэл” гэдэг ном орчуулж хүмүүст хүргэсэн. Энэ ном бол манай хүүхэд залуучуудын хүмүүжил, ойлголт төсөөлөл, мэдлэг боловсролыг хэрхэн “стандартдаа” оруулж авах замаар ирээдүйн монголыг бэлтгэж байгааг илчлэн шүүмжилсэн, олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл юм. Яагаад би өөрөө ном бичихгүй, барууны авторуудыг орчуулаад байна гэж хүмүүс их асуудаг. Гол нь монголчууд бид өнөөдөр бие биенээ сонсохоо, итгэхээ, хамтрахаа бүүр больчихсон. Энэ бол хамгийн эмгэнэлтэй буюу оюун санааны колоничлолд орчихсон байна гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү. Бид нарыг гагцхүү гаднын хүмүүсийг бараг мөргөж шүтдэг болгочихсон. Иймээс эхний үед монгол хүмүүсийн оюун ухаан руу өнгийж тэдний зүрх сэтгэлийн хаалгыг нь тогшихын тулд юуны өмнө барууны шударга олон хүмүүс, эрдэмтэд судлаачдын бичсэн, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг орчуулж хүмүүст хүргэж байгаа. Энэ үүднээс Баруун Европын, Канадын, Америкийн судлаачид, эрдэмтдийн одоогийн энэ шударга бус тогтолцоог илчлэн шүүмжилсэн, бид цаад сэдэл механизмуудыг нь ойлгон санаа авч өөрсдийнхөө байгаа байдлыг олж харахад их тус болохуйц номуудыг түүж орчуулж хүмүүст хүргэж байгаа. Хамгийн сүүлд “Эрин цагийн дуудлага”, “Эдийн засгийн алуурчдын золиосууд” номуудыг гаргаад байгаа, хүмүүс маш сайн хүлээн авч байгаа.

Үргэлжлэл. Төгсгөлийн хэсэг 

- Таныг өнөөгийн ардчилсан нийгмийн тогтолцоог шүүмжлээд эхлэнгүүт нэг бус нэлээд олон хүн, магадгүй хэсэг бүлэг, нам эвсэл ч таныг хуучнаа санагалзсан, коммунист үзэлтэн, Монголын хөгжлийг арагш нь чангаахыг хүсэгч, ардчиллаас ухрагч, дарангуйлал тогтоохыг хүсэгч гэх мэтээр эсэргүүцэх нь тодорхой. Энэ бүхэнд та юу гэсэн хариулт өгөх вэ?

- Юуны өмнө “Голын нэг усанд хоёр дахин орж болдоггүй” гэж нэг үг байдаг даа. Энэ бол голын ус урсаад өнгөрдөгтэй ижил, аливаа түүх бол цаг хугацааны, нийгмийн амьдралын эрхээр урсгаад өнгөрдөг, харин дараа нь өнгөрсөн түүхийн сайн муу сургамжийг нийгэм хүмүүс ямар нэг хэмжээнд ойлгож ухаарсан байдаг, тэгээд ч улс нийгмийн гадаад дотоод нөхцөл байдал шал өөр болсон байдаг гэсэн үг шүү дээ. Иймээс яг хуучин нийгэм рүүгээ буцах тухай ойлголт төсөөлөл бол хүмүүсийн цэвэр сэтгэл хөдлөл дээр тоглож байгаа манипуляци бөгөөд мөн чанартаа нийгмийн олонхыг үүгээр айлгаж хуурч байгаад одоо зарим хүмүүсийн хэвшмэл ойлголт төсөөлөл болгосон эд, ер нь логикгүй яриа юм. Иймээс “хуучнаа санагалзах”, “буцах” тухай үг яриа бол бусдыг үгүйсгэж шошго наах гэсэн, бодит байдлаа олж харах ухаарах гэсэн зүйлийг ярьж байгаа хүмүүсийг битгий сонс, ард түмнийг нүдээ аниж чихээ бөглөөд сууж бай гэсэн далд зальжин санаа шүү дээ. Тэгээд ч яг буцаад өнгөрсөн байдалдаа орох гэдэг нь огт бодит боломжгүй зүйл. Миний хувьд бол өмнөх түүхээсээ суралцаж алдаагаа дахин давтахгүй байх сургамж, харин олсон ололт амжилт туршлагууддаа тулгуурлаад цааш нь нэмээд баяжуулаад аваад явах, хамгийн гол нь улс үндэстнийхээ бодит боломж, одоогийн нөхцөл байдлыг зөв харж тооцож нийгмийн үнэмлэхүй олонхынхоо амьдралын энгийн үнэнийг ойлгож тэдний туйлын хүсэл тэмүүллийг нь хангах зөв чиг баримжаа, хөгжлийн гольдролын тухай яриа юм. Одоо бид үзэл сурталжиж ханалаа шүү дээ, одоо судлах ойлгох, сэхээрэх ухаарах, хөгжлийн зөв замаа тодорхойлох, тэгээд даруй хөгжлөө бүтээж эхлэх хэрэгтэй байна даа.

Би коммунист биш ээ, урьд нь ч байгаагүй. Ингэж хялбарчлан сэтгэж бодож ярьж байгаа бол бид үүнээс хойш 20 гаруй жил өнгөрчхөөд байхад, маш олон үйл явдлууд бидний нүдэн дээр өрнөж үр дагаврууд нь илрээд байхад Монгол эх орныхоо туулж өнгөрүүлсэн нэн шинэ түүх, өнөөгийн байдлаа төдийгүй ялангуяа өнгөрсөн 100 жилийн дэлхийн улстөр-эдийн засгийн цаад нарийн учир шалтгаануудыг бас л сайн судалж ойлгоогүйг харуулж байгаа юм. Зөвхөн хэн нэгний ярьсан хэлсэн, бичсэн зүйлийг чин үнэн гэж итгэж “сургаар ойлголт”-той суусаар байгаа, юмыг дэндүү хялбаршуулж нэг хэв загварт оруулж ойлгодог болсон бидний өнөөгийн сэтгэлгээ юм даа.

Бидний хэн нь ч хүний нийгмийн бодит шударга байдал, бодит эрх тэгш байдал, бодит эрх чөлөө, бодит сайн сайхны төлөө үзэл санааны эсрэг биш гэдэг нь ойлгомжтой, харин одоогийн ардчилал гэдэг үзэл суртлын баг өмссөн энэ бүх уршигтай үйл ажиллагааг, тарьсаар байгаа үр дагавруудыг нь шүүмжилж байгаа хэрэг юм. Одоо улс гэрийг маань юунд ч хүргэж болох нөхцөл байдал нэгэнт бүрдчихээд байна шүү! Бид одоо дотроо хэмлэлдэж суухаа больё гэж хэлэх байна. Үүн шиг амархан, тэгээд маш хор хөнөөлтэй юм гэж байхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой.

Ер нь “Чи бидэнтэй л биш бол чи бидний дайсан” гэдэг уриа, ойлголт бол харгис дарангуйлагч Муссолини, Гитлерийн үед гаарч байсан үзэл санаа юм шүү дээ. Тэнд өөр хэнийг ч юуг ч бүү сонс, бүү олж хар, бүү ярь хэлэлц, нийгэмд нь “бид эсвэл дайснууд” гэсэн үзэл суртлыг гааруулж байсан юм шүү, эцсийн үр дүнг нь бид сайн мэдэж байгаа. Тэгвэл одоогийн манай нийгэмд ноёлж байгаа энэ харийн үзэл суртал, түмэн олны төөрөгдөл, энэ ядуурч туйлдсан маргаашгүй амь зуулга нь өнгө, мөнгөний хавтгай дарангуйлал биш гэж үү?

- Социализмыг шорон байсан хэмээн өнөөдөр хэлэхэд 25-аас доош насныхан бараг л үнэмшинэ. Ер саяхны мэт боловч нийгэмд бүхэл бүтэн үе гараад ирчихсэн байна. Социализмыг эргэн санагалзах нь өнөөдрийн бухимдлын үр дүн, угтаа үнэндээ шорон байсан нь үнэн, тэр шоронд хүмүүсийг өөрийгөө аз жаргалтай хэмээн төсөөлөх хэмжээнд хүртэл тархийг нь угааж байсан гэвэл .... Яагаад гэхээр өмчгүй, эрх чөлөөгүй, тийм учраас санаа зовох хайрлан хамгаалах юмгүй байсан. Санаа зовохгүй байсныгаа хүмүүс жаргалтай гэж дүгнэдэг гэх мэтээр....

- Эхлээд тэр нийгмийн чиг баримжаатай социалист нийгэмд амьдарч байсан, дараа нь энд “ардчилсан” Монголдоо болон Баруунд амьдарч энэ амьдралуудыг харьцуулж чадах хүмүүсээс тэр үеийн социалист чиг баримжаатай нийгэм дэх амьдрал тань “шорон” байсан уу гэдгийг, ер нь улс нийгмийн шорон гэж юу байж болохыг асуух хэрэгтэй л дээ. Би л лав өөрийгөө болон бусад бүх хүмүүсийг ийм “шоронгийн” хоригдлууд байсан гэж бодохгүй байна. Аливаа юм зүгээр нэг зурагтаар үзэж хараад, вэб сайт, сонин сэтгүүлээс уншаад биш харин бодит амьдрал дээр харьцуулж үзэж байж л зөв ойлгогддог жамтай. Жишээ нь, ТВ-ээр явж байгаа тансаг амьдралын ихэнх зураглалууд нь тайзны засал гэдгийг, манай бодит амьдрал хоёрын хооронд их зөрүүтэй гэдгийг хүн бүр харж ойлгож байгаа. Хүмүүс үүнийг ойлгодог мөртлөө яагаад аливаа үзэл суртал, номлолын тухай ярихаараа үүнийг мартчихдаг, ойлгохыг хүсэхээ больчихдог нь гайхалтай. Шорон гэж ярьж байгаа тэр хүмүүс үнэгүй боловсрол эзэмшсэн, үнэгүй байр сууцанд орсон, эрүүл мэндээ үнэгүй хамгаалуулж байсан хүмүүс байгаа шүү дээ, яахаараа тэд үүнийгээ мартчихаад одоо залуу үеэ өнгө мөнгө-өрийн дөнгөнд хийгээд байгаа юм бэ? Үнэгүй гэдэг нь тэр хүнээс бол шууд мөнгө гараагүй гэсэн үг, ард түмэн дундаасаа нийлүүлсэн хөрөнгө мөнгөөрөө төрөөр дамжуулан бие биенийгээ харилцан дэмждэг тогтолцоо байсан, ингэхдээ шударга эрх тэгш байдал, гол нь тухайн хүний нийгмийн оролцоог нь зөв үнэлэхэд анхаарч байсан шүү. Алдаа завхралууд бол байсаан, харин гол зарчим нь хүний амин чухал үндсэн хэрэгцээг /хэрэглээг бус!/ харилцан хангахын төлөө үзэл санаа, тогтолцоо байсан.  

Бид энэ түүхийг ярихдаа манай улс Хүйтэн дайны нөхцөлд, социалист орнуудын нэгэн адил гадаад дотоод олон зүйл дээр шахалт, хавчилган дунд байсан гэдгийг мартаж болохгүй юм. Тэр үед, социалист нийгэмд джинсэн өмд хувцас ховор, лаазтай ундаа, цагаан бохь, Битлзийн пянз ховор учир сонин чамин байсан нь үнээн, яг эдгээр хэрэглээний эд юмс нь Хүйтэн дайны үзэл суртлын хүчирхэг хэрэгсэл байсан бөгөөд эцэстээ нийгмийн ялангуяа залуу үеийн сэтгэл зүрхийг эзэмдсэн учир тэдэнд гаднаас нь тусалж байгаад тэдний гараар энэ нийгмийн байгууламжийг нураалгасан шүү дээ. Энэ бол социалист байсан орнуудад болсон үйл явдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн факт, түүхийн баримтууд юм. Гэхдээ тэрхэн түүхэн зурвас үед монголчууд бид түүхэндээ хүн ам нь бүрэн бичиг үсэгт тайлагдаж, нийгэм нь бүхэлдээ эрүүлжиж, орчин үеийн инженер техникчидтэй, багш эмч нартай, боловсролтой сэхээтнүүдтэй, дадлагажсан ажилчидтай, хүн амын тоо нь 4-5 дахин өссөн, дундаж наслалт нь бараг 2 дахин өссөн байсан, орчин үеийн хот суурингууд боссон, хөнгөн аж үйлдвэрлэлийн цогцолборууд, нэгдэл САА-нууд, төмөр зам, харилцаа холбоо гэх мэт маш олон зүйлүүдийг хийж бүтээсэн, бүтээхэд оролцсон, ер нь хүний төлөө нийгмийн хамгийн гол суурь бүтцүүдээ богино хугацаанд байгуулсныг мартаж болохгүй юм шүү. Тэр үеийн удирдлагуудад сайн ч амжилт их бий, бас алдаа ч багагүй бий гэж үздэг. Өнгөрсөн түүхээ үгүйсгэж нулимбал яадгийг бид мэдэж байгаа. Социалист нийгэмд асуултууд бол байсаан, харин дотоод суурь тогтолцооны гажгууд бол харьцангуй бага харин нөөц бололцоо хүчтэй хязгаарлагдсан байсан.

Энэ бүхнийгээ бид гаднын “эелдэг” заавраар нураан бусниулж өгч гадаадын хэрэглээний эд зүйлсээр, мөнгөтэй бол худалдан авах боломжоор нь “арилжиж сольсон” шүү дээ. Одоо бид гадаадын джинсээ өмсөж, гадаадын лаазтай ундаагаа ууж, гадаадын бохио зажилж, гадаадын дуу хөгжим дөжиртлөө сонсож, гадаадад виз гарвал зорчиж, гадаадын бүх л зүйлийг эдэлж хэрэглэж идэж ууж, гадаадаар “хүмүүжиж заалгаж боловсорч” байна. Гэхдээ хүлээгээрэй, “хэрэглэгчийн дон” туссан улс үндэстэн болсон бид бүхэн ядаж энэ хэвээр цаашид тусгаар оршин тогтнож байж чадах уу, ийм боломж байгаа юу. Одоо бидний олонх, нийгэм маань бүхэлдээ хэрэглээний хүрээнээс нь л халивал олон зүйлийн учрыг мэдэхгүй, залуу үе маань сул дорой эрүүл мэнд, мэдлэг боловсролтой, улам л хийх бүтээх чадавхгүй, ийм хүсэлгүй мөрөөдөлгүй болсоор байна. Улс орон маань гадна талаас бүрэн хараат болсон байгаа. Үүнийг тэгвэл юу гэж нэрлэдэг юм бэ?

Хувийн өмч хөрөнгө л хүнийг эрх чөлөөтэй болгодог гэж гадныхан номлодог, үүнийх нь учрыг нь одоо болтол ойлгохгүй байгаа даган баясдаг хүмүүс бас байдаг. Тэгвэл ард түмний өмчийг хувьчлал нэрээр луйвардан залилж заримыг нь нураан сүйтгэхийн оронд одоо ардчилсан, эрх чөлөөтэй болсон юм бол яг зэрэгцүүлээд бүтээгээд босгоод чөлөөт зах зээл дээрээ өрсөлдөөд гараад ирэхгүй яасан юм бэ? Энд л гол заль нь байгааг, үүнийг л би хоосон догмуудад итгээд байна аа гэж хэлээд байгаа хэрэг. Би ч бас нэг үе ингэж бодож явсан, сургаар итгэх бус харин суралцаж ялангуяа эдийн засгийн мөнгө-санхүүгийн цаад далд механизмуудыг өөрөө судалж ойлгоод энд олон зүйлүүд нь яг эсрэгээрээ болохыг ойлгосон хэрэг. Эдийн засгийг судалж ойлгоход өмнөх инженерийн боловсрол, сэтгэлгээний логик зарчмууд, шалгуурууд нь их хэрэг болсон гэж бодож бахархаж явдаг.

Айл гэр бүлүүдэд амины өмч бол өмнөх нийгмийн үед ямар нэг хэмжээнд байсаан. Харин хувийн өмч бол байгаагүй. Хувийн өмч гэдэг бол хүний амины хэрэгцээнээс илүү давсан, голдуу нэмүү ашиг олох зорилготой бусдыг хөдөлмөрийг завшдаг хөрөнгө актив юм. Зөвхөн ийм актив хөрөнгө эзэмшиж байгаа гэдэг энэ факт нь өөрөө эргээд бүтээсэн нэмүү өртгийн дийлэнхийг өмчлөн авах эрхийг олгож байгаа гэсэн үг юм. Үүнийг цааш нь эргэцүүлэн бодоод судлаад үзвэл бүх зүйл ойлгогдоно доо. Ер нь капитализм гэдэг үгийн язгуур утга болсон капитал буюу хөрөнгө, мөнгө активын учрыг, түүний цаад далд механизмуудыг, мөн чанарыг судалж үзэхээс нааш, ямар нэг хэмжээнд ухаарахаас өмнө “ойлгож байгаагаараа” хамаагүй ярих нь их гэнэн хэрэг юм.

- Өнөөдөр социализм, капитализм гэж ярихаа болиод байгаа юм биш үү? 

- Хүмүүс өөр нэг, цоо шинэ үзэл санаа гарч ирэх юм шиг ойлгоод хүлээгээд байгаа юм шиг байдаг. Хамгийн энгийн байдлаар хэлбэл олонхын сайн сайхны төлөө юу, эсвэл цөөнхийн ноёрхлын төлөө юу гэдэг нь гол гогцоо асуудал нь юм. Тиймээс өөр нэг цоо шинэ үзэл санаа гарч ирэх нь юу л бол, харин үнэмлэхүй цөөнхийн санхүүгийн бүрэн ноёрхлын төлөөх одоогийн нэгэнт бүрдсэн энэ тогтолцоог яаж том үймээн самуунгүй, дайн дажингүй нөгөө тийш нь өөрчлөн хувьсгах вэ гэдэг асуудал юм. Бидэнд номлоод байгаа барууны либерал ардчиллын үзэл суртал нь яг үнэн хэрэг дээрээ хаа холын монголчууд биднийг шударга эрх тэгш, хүний эрхийг дээдэлсэн, авилгалгүй байлгах гээд чин сэтгэл тавиад хэрэг үү, аль эсвэл энэ нь ердөө өөр юмны шалтаг, өөр зорилгын халхавч төдий зүйл үү гэдгийг манай хүмүүс сайн ухаж ойлгох хэрэгтэй дээ. Ер нь ажиглаж байдаг нь олж хардаг, чагнаж байдаг нь олж сонсдог гэж үг бий. Мэдээж хэрэг, үүнд үзсэн сонссон “зэрэглээнүүд”, заалгасан догмууд биш харин шалгаж болох бодит тоон мэдээлэл, өөрийн олж авсан мэдлэг боловсрол их чухал үүрэгтэй гэж бодож байна.

Миний хувьд бол 2,7 сая цөөн хүн амтай, эрс тэс цаг уурын нөхцөлд эмзэг амьжиргаатай, эдийн засгийн чадавх сул, явцуу бүтэцтэй болсон байгаа гэх мэт маш олон гарааны суурь нөхцөлтэй Монголын хувьд барууны үзэл суртал, цаад зорилго нь таарахгүй, ер нь Баруун шиг мөнгө санхүүгийн боломж, цэрэг улстөрийн хүч чадал байхгүй юм. Учир иймд бид хүн амаа аль болох өсгөх, чанаржуулах, жижиг үндэстний эдийн засгийн тэлэлт, чадавхаа бий болгож бэхжүүлэхийн тулд юуны өмнө хүний төлөө, нийгмийн төлөө чиг баримжаатай улстөр, эдийн засаг нийгмийн тогтолцоо зайлшгүй гэж үздэг. Энэ бол социализм, капитализм гэж цэвэр үзэл суртлын талаасаа бус бодит нөхцөл нөөц боломжууд, цэвэр прагматик тооцоо судалгааны талаасаа ийм юм. 

- Өнөөдөр дэлхий нийтэд либерализм нуран унасан тухай ярьцгаах болов. Яг л нэгэн цагт Коммунизм нуран уналаа гэдэг шиг. Гэтэл өнөөдөр зарим хүмүүс Либерализмын эсрэг дайн зарласан байна, либерализмаа хамгаалья гэсэн юм ч яриад байна. Ингэхэд тэд яг юуг хамгаалах гэж байгаа юм бол?

- Либерал үзэл бол амиа л бод гэсэн үзэл номлол шүү дээ. Энэ үзлийн гол төвд барууны нийгмийнх шиг дундаж ангийг бий болгож бэхжүүлэх, дундаж ангид баримжаалсан, чухамдаа тэд л энэ үзэл санааг голлон тээж авч явах ёстой гэж номлодог. Гэвч 1980-аад оны дундаас энэ тансаг хэрэглээтэй чинээлэг дундаж ангийг цэвэр улстөрийн үзэл суртлын зорилгоор Барууны нийгэмд “зээлээр” бүтээж социалист орнуудад харуулж биднийг хошгируулж байсан юм шүү дээ.

Барууны орнуудад нөгөө Хүйтэн дайны үед үзэл суртлын хүчирхэг зэвсэг болгон ашиглаж байсан дундаж анги, ер нь хүмүүсийнх нь ихэнх нь хөлс хүчээрээ олсноос илүү их эд юмсыг зээлээр авч хэрэглэж баян тансаг амьдарч байсан эрин үе дуусаж байна. Одоо барууны дундаж ангийг ингэж ашиглаж байх ийм хэрэгцээ нэгэнт байхгүй болсоон, тэгээд ч бас зээлээр цаашид хэрэглэх нь өр-зээлийн талаасаа математикийн хувьд боломжгүй болчхоод байгаа юм. Дундаж анги тэнд түүхэн үүргээ гүйцэтгэсээн, социализмыг нураан бүх дэлхий дахиныг маш цөөнх капиталын эздийн гарт хийхэд “шилний цаадах чихэр” нь болж харагдаж байсан юм шүү. Тэдний эдийн засаг, амьдралын түвшин одоо хурдацтай унаж зөвхөн мөнгө хэвлэж зээлээр цутган торгоон барьж байгааг бид харж байна, энэ хямрал нь тэд бидэн шиг зөвхөн олсон хэмжээгээрээ эдэлж хэрэглэх буюу энгийн эрүүл ухааны тэр байх ёстой түвшиндээ хүртлээ үргэлжлэх байх. Энэ нь өнөөгийн гажиг загвартай болгосон дэлхийн эдийн засгийг бүүр ч их хэмжээгээр унагана, ингэхээр тэнд ч хүний төлөө нийгмийн социалист уур амьсгал, чиг баримжааг улам их сонирхохоос өөр аргагүй болгож байгаа. Энэ бол юуны өмнө ер нь хүний нийгэм өөрөө амьд тэсэж үлдэх асуудал юм.

Заавал гаднаас дохио зангаа хардаг манай либералчдад Фрэнсис Фукаямагийн “Түүхийн Ирээдүйнүүд” гэж нийтлэл саяхан гарсан гэдгийг эртхэн дуулгая. Өмнө нь либерализмаас өөр юм байхгүй – нэг үгээр “Түүхийн төгсгөл” ирсэн гэж баталж байсан бол харин одоо түүхийн ирээдүй ямар байх бол гэсэн асуудлууд хурцаар тавигдаж байна. Энэ нь тэд ч түүхийн луужин “чиглэл”-ээ өөрчилснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Сүүлийн үед Збигнев Бзежински сонинд өгч байгаа ярилцлага, нийтлэлүүдэд үг ярианы өнгө нь ихээхэн өөр болж ирж байгаа нь шууд ажиглагдаж байгаа. Харин манай “гэнэн” либералчид яг юу хамгаалах гээд байгаа юм гэж үү, тэдэнд юуны өмнө энэ үзэл суртлаар бамбай хийж сандал ширээ, эрх ямбаа, олж авсан хөрөнгөө хамгаалж үлдэх нь чухал бололтой. Тэд өнгөрсөн 4 жил сонгууль, санал тоолох асуудлаас өөр бараг юу ч тодорхой ярьсангүй, уул уурхайг гаднынханд авч өгөх оролдлогоос өөр том асуудлаар юм хийсэнгүй. Либералчид одоо эрх барьж байгаа 2 намыг хоёуланг нь толгойлдог болчхоод байна. Ийм байхад сонгууль хийгээд ч яах билээ дээ. Харин улс орныхоо амь амьдралыг “томруулаад” ойроос нэг хараасай даа. Ард түмэн чинь төөрөлдсөн, цөхөрсөн, туйлдсан байгаа шүү. Бид талцахаа болж нэг эх оронтой, нэг хувь заяатай гэдгээ ойлгох цаг ирээд байна. 

- Нэгэн цагт Берлиний ханыг нурахад дэлхий нийт баярлаж байсан, одоо ч нурсных нь баярыг тэмдэглэж байна. Гэтэл Хятад үзэл суртлын хана хэрмээ нураагаагүй. Нураагаагүй нь хөгжөөд, хожоод байна уу даа. Хятадаас гадна Вьетнам ч байна. 

- Ямар нэг зөв үзэл санаа бол нийгмийн дэвшлийн гол хөдөлгүүр байдаг. Энэ санаа нь тухайн ард түмний түүхийн тухайн шатанд хүсэж эрмэлзэж байгаа туйлын санаа нь байдаг. Харин энд эрх баригчдынх нь барьж байгаа улс үндэстнийхээ энэ санааг дээдэлсэн чиг баримжаа нь шийдвэрлэх чухал үүрэгтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй дээ. Энэ хоёрыг болж өгвөл ойрхон давхцуулахад нэг тийм дэвшил, хөгжлийн резонанс үүсэх нөхцөл бүрдэнэ. Энэ нь бодит нөөц боломжинд нь тулгуурласан байх нь ойлгомжтой. Харийн үзэл сурталд тулгуурласан, тэдний зарчмуудад хүлэгдсэн, тэдний үнэлгээнд нийцүүлсэн үндэстний эрх ашиг гэж байх боломжгүй гэдгийг манайхан ойлгох нь чухал юм даа. Учир нь тэдний бусад улс орнуудад тулгаад зүтгүүлээд байгаа үзэл суртал нь яг л тэдний ашиг сонирхлыг энэ улс оронд зүтгүүлэх бэхжүүлж авах, энэ улс орны байгалийн болон хүн амынх нь нөөц боломжийг цөлмөн ашиглахад чиглэсэн байдаг, хэрэв үгүй байсансан бол энэ үзэл суртлыг ийм их хөрөнгө хүч гарган улайран зүтгүүлэхгүй хэрэг байхгүй л дээ. Азид Баруунаас нөлөөлөх их амаргүй байдаг, учир нь тэнд олон зуун жилийн уламжлалт амьдралын хэвшил, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлүүдээ хамгаалж арчилж байдаг. Ер нь эдгээр орнууд бол их прагматик бодлоготой, бас өмнөх зуунуудад Барууныхны өдөөсөн дайнууд, колоничлолыг амссан нь гаднын нөлөөнд их болгоомжтой хянуур хандахад их нөлөөлсөн байдаг. Тэд Барууны орнуудтай харилцан ашигтай гэрээ хэлцлүүд, худалдаа хийж чаддаг. Үүнд өөрийн эрх баригчдаа өөртөө дотроо боловсруулан зохих шалгуураар шат дамжуулан гаргаж ирдэг тэдний өвөрмөц уламжлалт төрийн бодлого, систем нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм байна билээ. Манайд бол ардчилсан сонгуулиар, хэнийг ч хамаагүй "сонгодог". Яаж мэдэхгүй хүмүүс зөв сонголт хийх юм бэ !?

- Мөн хойд Солонгосыг юу гэх вэ? Өөрийнхөөрөө хөгжинө гэдэг ч бас тэр бүр зөв байхгүй байх тохиолдол байна шүү дээ. 

- Манайхан өөрийнхөөрөө хөгжинө гэдгийг буруу ойлгоод, ойлгуулаад байх шиг санагддаг. Энд юуны өмнө өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэж шийдэж байх гэдэг суверен /тусгаар тогтносон/ улсын тэр суурь зарчмыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хөгжлийн үзэл баримтлал, өөрийн ард түмний туйлын хүсэл эрмэлзлэл, өөрийн улс үндэстний хэтийн зорилго, ойрын зорилтод тулгуурлан бодлого, үйл ажиллагаа явуулахыг хэлээд байгаа хэрэг. Үүнд мэдээж хэрэг, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах бас л орж байгаа шүү дээ. Түүнээс биш энэ өөрийнхөөрөө хөгжих ёстой гэдгийг ярихаар гуйвуулаад л өмнөөс нь Хойд Солонгосоор “хадны мангаа” хийж айлгаж байгаа нь бохир заль, манипуляцийн арга хэрэглэж байгаа нь тэр шүү дээ. Энэ нь улс үндэстэн өөрийн үзэл баримтлалаар явах ёстой гэдгийг далдуур үгүйсгэж энэ хүслийг нь зориуд бусад орнуудтай сөргөлдүүлэн тавьж гарцгүй мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь өөр бусад гүрнүүдийн нөлөөг тулгаж тэдний дохио зангаагаар явах ёстой гэдгийг зүтгүүлж байгаа хэрэг үг шүү дээ. Иймд юуны өмнө тусгаар тогтносон улсын хувьд өөрийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан гаргах, харин хэрэгжүүлэх асуудлуудыг тусад нь авч үзэх хэрэгтэй болсон гэж боддог болсон. Үүний дараа нь тэр тогтсон үзэл баримтлалаа хэрэгжүүлэх арга замуудыг хайх ёстой гэж бодож байна. Энэ бол мэдээж хэрэг, амаргүй зам, гэхдээ хэрэв хөгжье гэж бодож байгаа бол гаднын элдэв нөлөөгүйгээр юуны өмнө орчин үеийн санхүү, эдийн засгийн тогтолцоог судалж зөв ойлгож тэгээд өөрөө бие даан сэтгэн боддог байх, арга замаа хайх, хүч бололцоогоо дайчлахад анхаарах хэрэгтэй байх. Эрх баригчид маань аливаа асуудалд хялбарыг дэндүү хайдаг, тэр нь одоогийн энэ ядуу зүдүү, сул дорой байдлыг бий болгоод байгаа юм. Хөгжье гэвэл улс орныг дор хаяж нэг хэсэгтээ инженер, технологууд ер нь технократуудын давамгайлсан баг авч явдаг, хүн ард нь өндөр ухамсартай бас өндөр сахилга баттай, хөдөлмөрч, эх оронч байх явдал бол бичигдээгүй хууль байдаг, Сингапур Тайвань, Вьетнам гэх мэт улсуудад яг ийм, харин манайд бол бүх зүйл “ардчилсан” буюу яг эсрэгээрээ байгаа!

Манай орны хувьд бол Хойд Солонгос шиг нэг талаасаа Баруунд хавчигдсан нөгөө талаасаа нэг хүний хатуу засаглал мэдээж тохирохгүй, байх ч хэрэггүй юм. Ийм учраас дахин хэлэхэд бид сэтгэл хөдлөлөөр бус, эхлээд судалж мэдэх, дараа нь эрүүл ухаанаар тайван эргэцүүлэн бодох, тэгээд шийдвэрээ зөв гаргах, эцэст нь шийдвэртэй хөдлөх хэрэгтэй болоод байна даа. Ийм улстөрийн хүсэл эрмэлзлэл одоо хаана байна вэ?

- 1990-ээд онд дэлхий нийтийг хамарсан энэ их давалгаан, түрлэгээс Монгол орон ангид байх боломжгүй байсан, тэр ч бүү хэл тэр үед хэн яахыгаа ч мэдэхгүй байсан. Таны яриад буй Эдийн засгийн алуурчдын тухай дэлхий нийт дөнгөж саяхнаас л зах зухаас нь гадарлаж ирлээ биш үү?

- Энд нэг зүйлээс эхэлж ярих хэрэгтэй байх. Ер нь колоничлол бол XV зууны эхэн үеэс европын эзэнт гүрнүүд далайд алсын аялал хийж чаддаг болсон тэр үеэс анх үүссэн, түүнээс хойш алс холын бусад улс орнуудаас байгалийн нөөц баялгийг нь цөлмөн зөөвөрлөх, хүн ардыг нь Европт, дараа нь Америк тивд аваачиж боолчлолд худалдаж эхэлсэн түүхтэй. Ер нь их сонирхолтой, сургамжтай түүх байдаг юм байна билээ.

Орчин үед энэ байдал нь шал өөр арга хэрэгслүүдээр нэвтрэх болсон. Юуны өмнө улс орнуудад үзэл санаагаа кино, дуу хөгжим, моод-оор тарааж аажмаар эрх баригчдад нь зөвшөөрүүлдэг болсон, дараа нь үүн дээрээ дөрөөлөөд дотоодод нь нэвтэрдэг, эцэст нь энэ улс орноос баялаг нь гадаад руу урсах бүх үүдийг нь нээдэг. Товчхондоо бол, эдийн засгийг “алах” гэдэг нь байгалийн баялгийн орлого, хүн ардынх нь бүтээж байгаа баялгийн дийлэнх нь гадагшаагаа мөнгө-санхүүгийн элдэв зальт механизмууд, олон улсын гэх элдвийн гэрээнүүдийн нөхцлөөр хилийн чанад руу байнга урсан одож байх, бас хүн хүч, ажиллах боловсон хүчнийг нь гадагш нь татан авч хямдхан хөлсөөр ажиллуулдаг байдлыг бий болгохыг хэлдэг. Үүнийгээ мөнхийн болгохын тулд эрх баригчдыг нь хахуулиар эрхшээлдээ улам оруулж энэ улс орныг асар том, ашиггүй нөхцөлтэй гадаад дотоод зээлүүд авахуулах, гэрээ хэлцлүүд хийлгэх, элдэв төсөл тусламж нэрээр үнэндээ бол өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр шахаж гол нь асар их гадаад өрийн дөнгөнд унагадаг. Тэгээд энэ асар их өрийнхөө хүүнд нь бүх баялаг, бүх нөөц бололцоог нь гадагш нь байнга сорж байдаг болгодог. Зээлээр өгөхдөө хангалттай үнээр шахсан байдаг тул үндсэн өрийг нь авах хэрэггүй байдаг, харин ч хүүгээ төлж дийлэхгүй болох тэр түвшинд хүртэл өрийг нь дандаа нэмэгдүүлж байх сонирхолтой байдаг. Энэ тухай миний орчуулж гаргасан 7 номуудад олон аргуудыг нь олон талаас нь тайлбарласан байгаа. Иймээс бид л саяхнаас дуулж уншиж ойлгож эхэлж байгаа хэрэг юм. Гэхдээ өнөөгийн “ардчилсан” монголчуудын дийлэнх нь ер нь номыг дуустал нь унших, хамгийн гол нь ойлгох хүсэлгүй болчихсон юм шиг, тэгээд ч зарим нь бол бүүр “хүчрэхгүй, дийлэхгүй” болчихсон байгаа юм шиг санагдах болсон, гэхдээ би ингэж буруу ойлгосон байгаасай гэж хүсэж байна. 

- 1937 оны үйл явдлыг Их хэлмэгдүүлэлт гэдэг. Гэтэл хэлмэгдүүлэлт гэдэг үгийн утгатайгаа үйл явдал нь нэг л сайн авцалдаж өгөхгүй байх шиг. Тэр үйл явдлыг Их хэлмэгдүүлэлт биш, харин их хилсдүүлэг гэвэл яасан юм. Яагаад гэвэл хилс хэргээр л хүмүүсийг зовоож, алж байсан. Харин 1990 оноос хойш нийгмийн их үймээн, ороо бусгаа шилжилтэд 37 мянга биш 370 мянган хүн жинхэнэ утгаараа хэлмэгдэж, ядуурлын туйлд хүрч, хүн сүрэг болж хувирч байгааг бид харж байна. Жинхэнэ хэлмэгдүүлэлт чинь энэ биш үү гэж асуумаар санагдах юм? 

- Тийм ээ, манай ард түмэн одоо гаднаас “зөвлөсөн”, эрх баригчдын “итгэсэн” неолиберал бодлогын золиос болж хэлмэгдэж байна. Одоогийн энэ хавтгай ядуурал, тархины угаалга төөрөгдөл, чимээгүй мөхөл бол манайдаа цоо шинэ нийгмийн үзэгдэл бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн үзэл суртал, бодлого, үйл ажиллагааны үр шууд дагаврууд шүү дээ.

Харин 1937 оны их хэлмэгдүүлэлт гэдэг чинь манай либералчдын гол “хадны мангаануудын” нэг шүү дээ. Мэдээж хэрэг, энэ хэмлэгдүүлэлт бол Монголын ард түмний түүхэнд коммунистуудын үлдээсэн нэг том хар мөр, хувь хүмүүс гэр бүлүүдийн хувьд эмгэнэл юм. Тэгвэл энэ алуурчдыг, мөн зохион байгуулсан цаад захиалагчдыг нь Түүх мартаагүй байгаа шүү. Октябрийн хувьгал нэртэй төрийн эргэлт, Коминтерний үйл ажиллагааны цаад эзэд, үнэн нүүр царайг манайхан огт мэдэхгүй, коммунист суртал ухуулга шал өөрөөр ойлгуулчихсан байгаа. Тэр үеийн дотоод гадаад нөхцөл байдал, дэлхийн дайн гарах нь тодорхой болчхоод байсан үеийг харгалзаж үзэж ёстой. Ер нь түүхэн үнэнийг маш их гуйвуулсан байдаг, одоо ч гуйвуулж түмэн олны нүдийг алгаараа хаах гэж оролдоцгоож байгаа. Ийм худал юмыг заавал нэг сэдлээр, голдуу мөнгөөр захиалгаар бичүүлэн тарааж байдаг. Ер нь “Ялсан нь түүхийг өөртөө тааруулж бичдэг” гэдэг үг байдаг. Бид түүхийнхээ жинхэнэ үнэнийг мэдэх эрхтэй. Ер нь 1917 оны Октябрийн хувьсгалыг ямар хүчин бэлтгэж санхүүжүүлж хийлгэсэн, хэн Орост бас манайд болсон 1937 оны хядлагыг ямар зорилгоор зохион байгуулсан гэх мэт олон асуудлын хариултыг бид сайн мэдэхгүй байна. Учир нь коммунист түүхэн сурах бичгүүдэд энэ тухай маш бүдэг бадаг, эсвэл түүхэн шалтгааны улмаас бичдэггүй байжээ. Энэ тухай Барууны болон Оросын эрдэмтэд, судлаачдын судалгааны ном бүтээлүүд нилээд байдаг, бүүр түүхэн хроник баримтат кинонууд ч их гарсан, энэ бол тусдаа нилээд том сэдэв юм. Түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж бичсэн судалгааны бүтээлүүд, баримт кино хроникуудыг судалж үзвэл большевикууд, тэр дундаа троцкистууд голлон 1917 оны Октябрийн хувьсгал, иргэний дайн, дараа нь 1937 он дуусталх бүх өлсгөлөн, хэлмэгдлийг зохион байгуулж гардан явуулсан байдаг. Харин тэднийг гаднаас нь санхүүжүүлж байсан, тэд ч эргээд санхүүжүүлэгчдэдээ “зээлээ” хэд нугалан төлж байсан байна. Энэ тухай “Оросын хувьсгалд Уолл Стриитийн нөлөө” зэрэг судалгааны ном, бүтээлүүдэд бий. Харин 1924 оноос эхэлсэн дотоод тэмцэлд троицкистуудыг дарж авсны дараа 1939 оноос, ялангуяа дэлхийн II дайнаас хойш сталинчууд шинэ социализмыг эхлүүлсэн байдаг.

Маш товчхон хэлэхэд, коммунист интернационалууд, дараа нь Германд Орост гарсан хувьсгалууд, дэлхийн I ба II дайнд дахиад л Герман ЗХУ-ыг мөргөлдүүлсэн, эдийн засгийн томоохон хямралуудыг, бүх түүхэн хэлмэгдүүлэлт хядлагыг нөхцөлдүүлсэн эцэст нь одоогийн энэ даяарчилсан либерал ардчиллыг нэг л хүчин санаачилж санхүүгийн маш хүчтэй дэмжлэгээр зохион байгуулж тэлж өргөжүүлж далдаас удирдаж ирсэн байдаг. Чухам ямар хүмүүс зохион байгуулж далдаас санхүүжүүлж удирдаж ирснийг, тэднийг юу ийм зүйл хийхэд түлхэв гэдгийг ойлгох ёстой. Хэнд ямар зорилго сэдэл байв, гол нь хэн ямар асуудлаа шийдэж энэ бүхнээс дандаа хожиж улам томорч байв гэсэн асуултыг тавиад түүхийг судлах юм бол ер нь мөнгө санхүүгийн хязгааргүй бололцоотой, хамгийн том амбиц сэдэлтэй, хамгийн далд байдаг хүчин болох дэлхийн санхүүгийн интернационал энд гол үүргийг гүйцэтгэсэн нь ойлгомжтой байдаг. Эндээс харах юм бол коммунизм, өнөөгийн ардчилсан неолиберализм хоёр нэг л “зохиогчтой” гэсэн үг юм. Энэ хоёр үзэл суртал цаанаа мөн чанартаа бол хоёулаа хүмүүсийг өмчөөс нь бүрэн салгах, мөн бүрэн эрхшээлдээ оруулахад чиглэсэн байгааг хэрэв сайн ажиглавал олж харж болно.

Өнөөгийн энэ либерал ардчилал, коммунизм хоёрыг нэг л бүлэглэлээс зохион байгуулсан шал өөр зорилготой үзэл суртал явуулга юм шүү!!!

Хүмүүс өөрсдөө судлаад шалгаад үзэх хэрэгтэй дээ, интернэтэд энэ тухай мэдээллүүд нилээд бий. “Хэнгэргийн дохиурууд” үүнийгээ халхавчлахын тулд зориуд хуйвалдааны онол гэсэн үг хэллэг тарааж бас үнэн зөв мэдээллийг саармагжуулахын тулд илт худлаа ном зохиолууд нилээд бичүүлсэн байдаг шүү. Ер нь түүхэн үнэнийг судлах гэдэг нь өнөөдрөө ойлгож маргаашаа харах гэсэн оролдлого юм, учир нь аливаа шинэ юм бол мартагдсан хуучин юм гэдэг үг энд их таарах юм шиг. Судлах гэдэг бол бухал өвснөөс зүү эрэх шиг ажил гэдэг. Энэ бол сургаар эчнээ итгэж зарим “зориуд суутнуудыг” нь сохроор шүтдэг, аливаа зүйлийг хялбаршуулж ойлгох гэдэг байдлаасаа гарахгүй бол горьгүй болжээ гэсэн үг юм. Түүх бол амьдрал өөрөө болохоор дандаа дардан бус, адармаатай байх нь элбэг байдаг. Тэгэхээр түүхийн үнэнийг эрж хайж судалж сургамжуудыг нь зөв ойлгож байж л өнөөгийн байдлаа ойлгож маргаашаа бид “харах” боломжтой болно гэж бодож байна.

За ярилцлага хийсэнд баярлалаа.

- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


Холбоотой нийтлэлүүд