sicko

Оригинал нэр: Sicko
Нэр: “Жаахан өвдөх л байх” / Эрүүл мэндийн оршуулга /
Гарсан он: 2007
Киноны төрөл: Баримтат кино
Найруулагч: Майкл Мур / Michael Moore http://michaelmoore.com 


Бүтээсэн: АНУ
Үргэлжлэх хугацаа: 170 минут
Хэл: Орос орчуулгатай
Шагнал, урамшуулал: 2008 онд Оскарт шилдэг баримтат киногоор нэр дэвшиж байсан. 2007 оны 5-р сарын 19-нд Каннын кинонаадмын үеэр энэ киноны нээлтийн үзүүлбэр болсон ба Grand Theatre Lumiere кинотеатрт энэ киног үзсэн 2000 гаруй хүмүүс босож зогсон 15 минут алга ташиж баяр хүргэж байсан байна.

 


Киноны тухай товчхон:

Америкийн нэрт найруулагч Майкл Мур энэ баримтат кинондоо үнэ төлбөргүй, хүртээмжтэй хүн эмнэлгийн системтэй Канад, Франц, Куба зэрэг орнуудтай харьцуулахад АНУ-ын дийлэнх иргэд ба хүн эмнэлэг эрүүл мэндийн систем хооронд тулгараад байгаа хүнд хурц асуудлуудыг дэлгэн харуулдаг. Одоо тэр чигээрээ хувийн өмчийнх болсон америкийн эрүүл мэндийн салбар дахь зах зээлийн бизнес харьцааны “бүх давуу талуудын” тухай энэ баримтат кинонд өгүүлдэг.

Энд хамгийн бага зардалтай үйлчилгээ үзүүлж яаж аль болох их мөнгөний ашиг хонжоо хийдэг олон аргуудыг нь дэлгэрэнгүй тайлбарлан харуулдаг. Майкл энэ баримтат киногоороо америкийн эрүүл мэндийн системийн бүх сул талуудыг харуулах гэж оролдож байгаа бус харин АНУ-ын хүн эмнэлэг-аж үйлдвэрлэлийн салбар нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалж хадгалж байх асуудалд нэг их хамаагүй гагцхүү өндөр ашиг орлоготой бизнесийн талбар болж хувирсан гэдгийг харуулж байгаа юм.

...Өөрийн эрүүл мэндийг даатгасан азтай тэр америкчуудын дийлэнх нь даатгалын тэр гэрээг нь тоож ч уншиж үздэггүй байна. Гэвч тэд "даатгалын энэ гэрээнд чинь таны одоо өвдөөд байгаа энэ өвчнийг заагаагүй байна" гэдэг шалтгаанаар эмчилгээ авч чадахгүй болох тэр мөчийг хүртэл энэ тухай мэддэггүй байна. Харин даатгалын ийм гэрээнүүдэд хүмүүсийн дунд их тохиолддог ихэнх өвчнүүдийг даатгалаар эмчилнэ гэж заагаагүй байдаг байна!?

АНУ-д 2007 онд төлбөрийн чадваргүй болж дампуурсан гэр бүлүүдийн тэн хагас гаруй нь өөрсдийн эрүүл мэндэд нь учирсан хүнд асуудлуудаас мөн даатгалаар эмчилгээ хийлгэж чадаагүй учир эмчилгээнийхээ зардалд бүх зүйлээ алдсан байна. Тэд өвчин туссан эсвэл золгүй тохиолдолд өртсөн тэр мөчид бүгд эрүүл мэндийн даатгалтай байсан хүмүүс юм... Энэ баримтат кинонд өгүүлж байгаагаар одоо 50 гаруй сая америкчууд эрүүл мэндийн даатгалгүй, харин даатгалтай хүмүүс маш олон тохиолдолд даатгалын компаниудын хүнд суртал мөн цаасаар хөөцөлдөх явдлын золиосууд болдог байна...

Энэ кинонд эрүүл мэндийн тусламж авах хангалттай үндэслэлтэй, даатгалтай байсан боловч эмчилгээ, үйлчилгээ тусламж авч чадаагүй олон хүмүүсээс авсан ярилцлагууд бас гардаг. Даатгалын компаниудад урьд нь ажиллаж байсан зарим хүмүүсийн гэрчилж байгаагаар эдгээр даатгалын компаниуд нь эмч нарт элдэв шагналууд өгөх замаар даатгалд төлөх зардлуудаа бууруулах гэж гаргадаг элдэв арга бачууд хэрэглэдэг ажээ. Гол санаа нь даатгалын гэрээнд заасан боловч эмчилгээний зардлуудад даатгалын мөнгө төлөхгүй байх боломжийг даатгалын компаниудад олгох замаар эмч нар, даатгалын компаниуд хоёр өөрсдийн ашиг орлогоо өсгөхөд оршдог байна. 

Майкл Мур 2004 онд канадын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийнх нь төлөө “Агуу канад хүн”-ээр сонгогдсон Томми Дугластай тулгарсан тохиолдлыг бас өгүүлдэг.

Америкийн одоогийн эрүүл мэндийн системийн талаарх хурц шүүмжлэл, маргааны үеэр иргэн хүнд иж бүрэн хүн эмнэлгийн тусламж үзүүлж байх үзэл санааг эсэргүүцэгчид өнгөрсөн зууны 50-аад оны үед ид хүчээ авч байсан коммунизмын эсрэг цэвэр үзэл суртлын ухуулгыг дахин сөхөж одоогийн энэ байдлыг зөвтгөх оролдлогыг хийж байдаг байна. АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган /урьд нь жүжигчин байсан/ яагаад нийгмийн чиг баримжаатай эрүүл мэндийн салбар байгуулбал коммунист улаантнуудын аймшиг үүснэ гэж “тайлбарлаж” зүтгүүлж байсныг бас энэ кинонд үзүүлдэг. Рональд Рейган “эрүүл мэндийн олон нийтийн систем /төрийн өмчийн/ нь коммунизмд хүргэж болно” гэж хэлсэн үгийн бичлэгийг Америкийн Хүн эмнэлгийн Холбоо 1960-аад онд маш их сурталчилж тарааж түгээж байсан ажээ. Майкл Мур үүнд нь хариулт болгож иймэрхүү төрлийн албууд - гал түймрийн алба, шуудангийн алба, боловсрол ба нийтийн номын сангууд байсаар байхад энэ нь одоо хүртэл АНУ-д коммунизм үүсэхэд хүргээгүй гэдгийг бас үзүүлдэг.

Энэ киног гарсны дараа Майкл Мурыг даатгалын компаниуд худлаа дэгс зүйл үзүүлсэн, америкчуудыг “хадны мангаа” гэж айлгаж байдаг социализмыг сурталчилсан гэж телевизээр буруутгасан юм. Харин үүний хариуд нь Майкл дахин 50 минутын баримтат киноны зураг авч даатгалын компаниудын болон эрх баригчдын дайралтуудад няцаалт өгч жирийн олон сая америкчуудыг үнэ төлбөргүй эмчилж байх тухай нэгэн хуулийн төслийг дэмжин хийж байгаа энэ ажлаа тайлбарласан байна. Энэ кинондоо амьдралын хамгийн өндөр түвшинтэй Норвегийн тухай үзүүлсэн юм.

Энэ асуудлын талаар юу бодож байна....?