the take

БУЛААН ЭЗЛЭЛТ : АЛДСАН БҮХНЭЭ ГАРТАА ОРУУЛЖ АВ, АРЧЛАН ХАМГААЛ,
ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ СЭРГЭЭН ЯВУУЛ

Оригинал нэр: The Take
Нэр: Булаан эзлэлт
Гарсан он: 2004
Төрөл: Баримтат кино

Бүтээсэн студи, улс: АНУ
Найруулагч: Эви Левис
Кино тавил: Наоми Кляйн
Үргэлжлэх хугацаа: 84 мнут

 
Киноны тухай товчхон:

Манайхны олон хүмүүс Аргентиныг алдарт хөлбөмбөгчдөөр нь (Марио Кемпес, Диего Марадона, Лайонел Месси гэх мэт) мэдэхээс цаашгүй байдаг. Одоо тэгвэл хөлбөмбөгийн стадионуудын цаадах жинхэнэ Аргентин улсад тавтай морилно уу.

Аргентины нийслэл Буэнос-Айрес. 2001 он. ОУВСан, ДБанкнаас хэрэгжүүлсэн неолиберал бүтцийн өөрчлөлтүүд нь энэ улсын эдийн засгийг гүн гүнзгий хямралд түлхэн оруулж аж үйлдвэрлэлийг нь сүйрүүлж олон сая хүмүүсийг ажлын байргүй болгож ядуурал гуйланчлалд оруулсан билээ. Үүнийг эсэргүүцсэн олон аргентинчууд гудамжиндаа гарч цуглан эрх баригчдадаа төдийгүй харийн зах зээлийн суртал “номлогчдод" хандан “Та нар бүгд зайлах ёстой” гэсэн уриа шаардлагуудыг цуурайтуулж байлаа. Тэр үед энэ улсад хэдхэн өдрийн дотор хэд хэдэн засгийн газрууд солигдож байв...

Аргентины жирийн хүмүүс эх оронд нь гаднаас тулган хэрэгжүүлсэн неолиберал бүтцийн өөрчлөлтүүдийн уршгаар хувьчлал(олон улс орнуудад үүнийг хулгайчлал гэж нэрлэдэг)-д хамрагдаж хаагдсан олон үйлдвэрүүдээ эргүүлэн булаан авч өмнөх хэдэн үеийнхнийхээ босгосон, өөрсдийн ажиллаж байсан үйлдвэрийг одоо бол капиталын эзэдгүйгээр, улстөрчидгүйгээр, хүнд сурталтнуудгүйгээр сэргээн босгож үйл ажиллагаагаа бие даан эрхэлж байгаа ажээ...

Эдийн засаг өсөж байгаа үед, цалин мөнгөтэй амьдрал болж байхад хэн ч капитализмын цаад мөн чанарын тухай, түүний хөнөөлт хор уршгууд, дутагдлуудын тухай эргэцүүлэн бодохыг хүсдэггүй, үүнийг ор тас мартахад тун хялбархан байдаг. Ялангуяа капитализмын уршиг Таныг хувьд чинь эсвэл танай гэр бүлийнхнийг нэг их дайраад байхгүй байгаа бол шүү дээ. Гэсэн ч та бүхэн өөрсдөө харьцуулаад дүгнээд үз л дээ, тэр үед аргентины нэг ажилчин сард 1200 долларын цалин авч байхад Хятадын нэг оёдолчин охин 1 цагт 6 центийн хөлсөөр ажиллаж, Гаитийн ажилгүйдлээс ядуурч туйлдсан хүмүүс шавартай гамбир хайрч идэж байсан юм. Тэр үед аргентиний дундаж ажилчин гэртээ өнгөт зурагттай, Макдональдс-д өдрийн ундаа ууж, амралтаараа далайн эрэгт амарч байсан юм.

Гэвч капитализм нь дотоод механизм, цаад мөн чанараараа аймшигтай үр дагавруудад хүргэдэг гүн гүнзгий хямралуудгүй байх боломжгүй тийм эдийн засгийн харилцаа, тогтолцоо юм. Үүнийг батлахын тулд нэг их хол явах хэрэггүй, зөвхөн өнгөрсөн 20-р зуунд болж байсан 6 том хямралыг л санахад хангалттай, тэр үед чухам юу болж байсан тухай мэдээллүүд маш их байдаг. Гэвч эдгээр капиталист хямралууд нь дотоод гүн гүнзгий зөрчлүүдээ шийдэхийн тулд тухай бүрдээ дэлхийн дайнууд гарахад хүргэж, эсвэл капитализмтай өрсөлдөж байсан системийг дотроос нь задлан нурааж постсоциалист улс орнуудын асар их байгалийн нөөц баялаг, ард түмнүүдийнх нь бүтээсэн хөрөнгө, хөдөлмөрийг цөлмөн завших замаар л "амиа" сунгаж байсан юм. ГЭВЧ ОДОО МАНАЙ ЭНЭ ГАРИГИЙН БҮХ БОДИТ БОЛОМЖУУД ШАВХАГДСАН ТУЛ ЭНЭ ХОМХОЙ СИСТЕМИЙН ӨНӨӨГИЙН ЭЭЛЖИТ ХЯМРАЛ ЭНЭ ТОГТОЛЦООГ ЭЦСИЙН ЦЭГ ДЭЭР НЬ АВЧРААД БАЙГАА ЮМ. Бид 2008 оноос дахин ил гарч ирсэн санхүүгийн капитализмын хямралыг нүдээрээ харж амьдралаараа мэдэрч байгаа. Тэгвэл энэ удаагийн хямрал нь энэхүү хомхой загвар тогтолцооны хувьд хамгийн сүүлчийнх нь гэж улам олон дэлхийн нэрт эрдэмтэд, судлаачид улстөрчид дуу нэгтэй баталж байна...

Улам их ашгийг Азийн ядуурсан улс орнууд, хүмүүсээс олохын төлөө гадаадын капитал – хөрөнгө оруулагч нар Аргентиныг орхин гарч явж одоход хойно нь үй олон балгас болсон үйлдвэрүүд, хэдэн зуун мянган ажилчид ажилгүй, амьдралын эх үүсвэргүй үлдсэн байсан юм. Ажлын байруудгүй болсноос энэ улсад ядуурал, гуйланчлал газар аван хавтгайрч архидалт, хар тамхинд донтох, янхандалт гэх мэт урьд өмнө нь байгаагүй нийгмийн үзэгдлүүд үүсэж улс нийгэм нь дотроосоо ялзарч задарч эхэлсэн байна. Ийм ядуурал гуйланчлал дунд хагас өлсгөлөнгийн байдалд гараа хамхин амь зуусаар байх уу аль эсвэл “Ажлын байруудаа эргүүлэн булаан авч үйлдвэрлэлээ сэргээж амьдарцгаая!” уриан доорх замыг сонгохоос өөр арга тэр хүмүүст үлдээгүй байна...

Энэ баримтат киноны зохиолыг “No Logo!”, “Сөхрүүлэх номлол” зэрэг алдартай номуудыг бичсэн Канадын нэрт сэтгүүлч Наоми Кляйн бичсэн юм. Нэгэн ТВ нэвтрүүлгийн үеэр хөтлөгч түүнээс “Та нар даяарчлалын эсрэг тэмцдэг. Тэгвэл өөрийнхөө хувилбарыг дэвшүүлээч” гэж асуусан байна. Наоми даяарчлал нь дэлхийн бүх жирийн хүмүүст ямар ч сайн сайхан зүйлийг авчраагүй гэдгийг тэнд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Магадгүй, уг баримтат кино нь түүний энэ хариултынх нь нэгэн хэсэг байж болох юм.

Аргентины хэдэн зуун үйлдвэрүүдийг ядуурч цөхөрсөн урьдын ажилчид нь булаан эзэлж авчээ. Гэвч тэд бусад орнуудын ажилчид шиг хамгаалалтын малгайнуудаараа газар балбаж эсвэл элдэв өлсгөлөнгүүд зарлаагүй юм. Харин үүний оронд одоо тэд бие даан үйлдвэрлэлээ сэргээн босгож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө борлуулж хувийн өмчлөгч эзэдгүй, том албан тушаалтангуудгүй, пиар маркетинг хэлтэсгүй өөрөө өөрсдөө асар том үйлдвэрүүдээ удирдан явуулж байна. Үүний хажуугаар өөрсдийн амьдралын эх үүсвэр болсон энэ үйлдвэрүүдийнхээ төлөө урьд өмнө хувьчилж авсан эзэдтэй нь, цагдаа нартай, шүүгчидтэй тэмцэж байгаа аж. Гэвч эдгээр ажилчид бас ганцаараа бус юм: аргентины нийгмийн дийлэнх олонх нь тэдний энэ тэмцлийг зүй ёсны шударга үйл хэрэг гэж хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа ажээ.

Энэ кино бол даяарчлалын эсрэг бусад кинонуудаас ялгаатай нь хүний нийгмийн ирээдүй чухам ямар байхыг тоймлон боловч харуулсан гайхалтай үнэн баримтат кино юм. Энэхүү хүний төлөө, нийгмийн баримжаатай ирээдүйн энэ нийгэм нь шууд ардчилал, хүмүүсийн өөрсдийн бие даасан удирдлагатай байх, төрийн ч бус капиталист ч бус харин НИЙГМИЙН, жинхэнэ ёсны ард түмний өмч хөрөнгийн нийгэм байх биз ээ.

Орчин үеийн даяарчлал үгүйрэн хоосруулсан энэ хотод тавтай морилно уу. Энэ бол Аргентин улс, гэвч ийм байдлыг одоо газар сайгүй олж харж болно. Хаагдаж хаягдсан үй олон үйлдвэрүүд, хага үсэрсэн төмөр бетонууд, зэвэрсэн суурь машинууд… Гэвч энэ нурсан балгас болсон үйлдвэрүүдээс нэгэн шинэ зүйл амь орон урган гарч ирж байна. Хүмүүс ажлын байрандаа эргэн ирж байна. Гэвч үнэн хэрэг дээрээ эдгээр хүмүүс ажлын байруудаа эргүүлэн булаан авч байгаа юм. Тэдний шинэ уриа бол “Одоо хангалттай, боллоо! Ажлын байруудаа булаан авцгаая! Эсэргүүцэн тэмцэцгээе! Үйлдвэрлэлээ явуулцгаая!".

Буэнос-Айрс хот. Хэрэв гаднаас дээрээс нь харвал энэ хот Европ, Хойд Америкийн хотууд шиг л харагдана. Анивчих рекламын салбарууд нь худалдан авагчдыг өөр рүүгээ урин залж банкуудын дээрх том гэрлэн рекламууд нь хүмүүсийг мөнгөө хадгалуулахыг урьж даллаж байдаг. Гэвч доошоо бууж хэрэв энэ банкуудын барилгад ойртон ирж харвал тэдгээрийг битүү хавтгай төмрүүдээр төмөрлөж хамгаалсан байгаа. Эргэн тойронд нь урьд өмнө нь ажилтай, амьдралтай байсан харин одоо ядуурч цөхөрсөн зарим хүмүүс хүүхдүүдээ дагуулан хог ухаж байгааг харж болно. Энэ бол өөр нэг л ядуу буурай орон биш юм, энэ бол баян байсныг нь ядуу болгож орхисон орон юм….

Одоогоос 50-иад жилийн өмнө Аргентин улс Барууны орнуудын нэг хэсэг болох оролдлогыг хийж байсан юм. Аргентинчууд яг л цэцэглэн хөгжиж байсан Канад эсвэл Австрали шиг орон болохыг мөрөөдөж ингэж ойлгож төсөөлж байлаа. Харин энэ алтан он жилүүдэд Аргентиныг удирдаж байсан цэргийн генерал Хаун Перон Европ ба Хойд Америкийн загвараар гэхдээ өөрийн үзэл баримтлал, арга замаар шинэ Аргентиныг бүтээн байгуулсан юм. Асар том төрийн өмчийн секторыг хувийн жижиг дунд бизнестэй хослуулан энэ улс орныг аж үйлдвэр, заводууд цэцэглэн хөгжсөн эдийн засагтай улс орон болгон хувиргасан байлаа. Үүний үр дүнд Аргентины дундаж ангийг Латин Америкийн хамгийн өндөр амьдралын түвшинтэй дундаж анги болгосон байсан юм.

Одоо тэгвэл эргээд 1990-ээд оны, ерөнхийлөгч Карлос Менемийн удирдаж байсан Аргентинд буцаж очицгооё. Тэрээр бас л Аргентиныг хувирган өөрчилсөн юм, гэвч энэ удаа ОУВСангийн неолиберал чөлөөт зах зээлийн номлол, дүрмүүдээр! Менем зөвхөн гадаадын том бизнест л ашигтай бодлогыг явуулж байсан юм. Төрийн бүх өмчийг гадаадын корпорациудад худалдаж нийгмийн бүх актив хөрөнгүүдийг хувийн өмчид худалдаж байлаа. Аргентины тэр үеийн неолиберал эрх баригчид үүнийгээ улс орныхоо хөгжлийн загвар гэж нэрлэж байсан ба үүнийг нь Вашигтон сайшааж тэднийг бүх талаар “хөхүүлэн” дэмжиж байсан билээ.........................

PPS: Өнөөгийн Монгол орны байдал

 

Сэтгэгдлүүд  

Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-22 04:57
2 минутын бичлэг. Энэ бол өнөөдрийн Монгол орны байдал
http://www.youtube.com/watch?v=tKxfssN8k4Q&list=FLfy_uexN1LfsfHmJjbMSWHg&index=8&feature=plpp_video

Энэ бичлэгийг боломжтой бол цахим хуудас дээрээ тавьж өгнө үүв Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-04-22 16:36
Quoting Гайхалтай:
2 минутын бичлэг. Энэ бол өнөөдрийн Монгол орны байдал
http://www.youtube.com/watch?v=tKxfssN8k4Q&list=FLfy_uexN1LfsfHmJjbMSWHg&index=8&feature=plpp_video

Энэ бичлэгийг боломжтой бол цахим хуудас дээрээ тавьж өгнө үү. :-) Баярлалаа

Таны хүсэлтээр болголоо!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-22 20:28
Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг