gandhi

Оригинал нэр: Gandhi
Нэр: Ганди (Махатма)
Гарсан он: 1982
Жанр: Түүхэн баримтат драм
Найруулагч: Ричард Аттенборо
Үргэлжлэх хугацаа: 3 цаг 11 минут
Дүрүүдэд: Бен Кингсли, Кэндис Берген, Эдвард Фокс, Джон Гилгуд, Тревор Хауард, Джон Миллз, Мартин Шин, Дэниэл Дэй-Льюис
Авсан шагналууд: Нийт 8 удаа энэ кино Оскарын шагнал, бусад олон кино наадмуудын өргөмжлөл ба шагналуудыг авсан юм.


Киноны тухай товчхон:

Энэ кино Махатма Гандийн амьдралын замыг харуулж байгаа хандлагаа тайлбарлаж байгаа уран бүтээгчдийнхээ өмнөх үгээр ийнхүү эхэлж байна:

“Нэг ч хүний амьдралыг ганцхан өгүүлэлд багтаах боломжгүй, ялангуяа өөрийн ард түмний эрх чөлөөний төлөө тэмцлийн түүхтэй нягт холбогдсон Гандийн амьдралын замыг бүүр ч боломжгүй. Ганди болон Энэтхэг орон олон зүйл дээр талархалтай байдаг тэр агуу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүрч гарсан бүх золиосууд болон үйл хэргүүд, үйл явдал болгоныг хангалттай хэмжээнд ярьж өгөх боломжгүй юм. Бидний хийж чадах бүх зүйл бол Гандийн амьдралын замыг өгүүлэхдээ түүний энэ сэтгэлд үнэнч байж үзэгч нэг бүрийн сэтгэл зүрхэнд хүргэх явдал юм”

Энэ кинонд Энэхтэгийн үндэстний агуу их удирдагч, хүн төрөлхтний багш Махатма Гандийн 1893 онд Өмнөд Африкт очсоноос эхлэн дайны дараах үеийн Энэтхэг дэх амьдралын тухай өгүүлдэг. 1869 онд Ганди төрөхөд түүний эх орон Энэтхэг Британийн эзэнт улсын колони, хатан хаан Викторийн титмийн нэг гол сувд гэж тооцогддог болсон байлаа. Харин 1948 оны 1-р сарын 30-нд Ганди алагдахад түүний эх орон английн колоничлолоос чөлөөлөгдсөн байсан юм. Энэ бол түүний амьдрал хөдөлмөрийн, урт удаан уйгагүй тэмцлийн үр дүн байсан билээ.

Ганди хаана ч хэзээ ч зөвхөн хүчирхийлэлгүй тэмцлийг – ямар ч хүчирхийлэл болон эзэрхийлэлд хүчирхийлэлгүй хариулт өгч байхыг уриалж номлож байсан юм. Эхэндээ түүний энэ уриа номлол нь олон хүмүүсийн хувьд инээдтэй, бүтэшгүй санагдаж байсан хэдий ч үүнээс хойш хагас зуун жилийн дараа энэхүү энгийн тэгээд бас агуу их хүн өөрийн эх орныг английн колоничлогчдын 300 жилийн харгис мөлжлөгөөс бүрэн чөлөөлж чадсаныг дэлхий дахин мэдэж авсан юм. Энэ хүн ганцаараа дэлхий дахиныг өөрчилж чадсан бөгөөд жирийн олон хүмүүст, гаднын нөлөө эрхшээлд орсон ард түмнүүдэд эрх чөлөөний тэмцлийн замыг нь зааж өгсөн юм.

“Хүчирхийлэл дандаа эсрэг хүчирхийллийг л үүсгэдэг гэж би олон удаа хэлж ярьж байсан. Гэсэн хэдий ч энэтхэгийн энгийн номхон иргэдийн цуглаан жагсаалуудыг зодож хөөн тарааж тэр байтугай буудан хороож байгааг хараад зүрхэнд минь галзуу хилэнгийн гал бадарч байсаан. Тэнд нь очоод английн тэр нохдуудын гавлыг найр хайргүй бяц гишгэхийг хүсэж байсаан! Ямар чөтгөрөө хийж тэд Энэтхэгт доншуулчилж ирсэн юм бэ? Өө мэдээж хэрэг шүү дээ, тэд нарын нөгөө "хоцрогдсон, соёлжиж иргэншээгүй улс орнуудад туслах" гэдэг башир арга нь шүү дээ. Тэд энгийн номхон тариачид руу буудаж байхдаа ч яагаад ч юм зэрлэг бүдүүлгүүд биш харин өндөр соёлжиж иргэншсэн барууны хүмүүс гэж өөрсдийгөө нэрлэж байдаг нь сонирхолтой, тийм биш гэж үү? Тэгээд би ингэж их уурлаж бухимдсаныхаа дараа гэгээрлээс хичнээн хол байгаагаа ойлгодог” гэж Ганди бичиж байжээ.

"Энэтхэг хүмүүс аль эрт цуст бослогууд гаргах байсан, тэгээд дараа нь хүн төрөлхтөн үүнийг “эрх чөлөөний дайн”, ээлжит нэг октябрийн хувьсгал гэж нэрлэх байсан... Гэвч Махатма Ганди бол бүх хүн төрөлхтөн биш юм. Тэр бол хүний дээр хүн. Тэрээр цус асгаралтыг зогсоож чадсан. Ганди бол энэтхэг-арийн угсаатны омог бардам хүү, тэрээр өөрийн эх орон, ард түмнийг хайрлах сэтгэл болон мэргэн ухаанаар боломжгүй гэж байсан зүйлийг бүтээсэн юм. Ингээд англичууд бууж өгөхөөс өөр аргагүй болсон юм. Гандигийн ард түүний ард түмний 5000 жил хуримтлуулсан мэргэн ухааны өв байсан ба үүнийг цэрэг гутлаар гишгэчиж хаяж англи зэвсгээр дийлэх боломжгүй байсан билээ" гэж уг киног бүтээсэн хүмүүс ярьж байна.

Энэ бол хамгийн чухал тэр зүйлийн тухай өгүүлдэг, хамгийн чин сэтгэлийн мөн хамгийн хүчтэй кинонуудын нэг билээ. Энэ кинонд мөн хүчирхийлэлгүй тэмцлийг яаж явуулах тухай өгүүлдэг. Хүчирхийлэлгүй уйгагүй тэмцэл бол үнэхээр агуу их хүч билээ.

Орос хэлээр:

 

Англи хэл дээр:

 

Альберт Эйнштейн Гандийн тухай “Бодож эргэцүүлж чаддаг хүмүүст Гандийн үзүүлсэн ёс суртахууны нөлөө нь харгис бүдүүлэг хүчирхийлэл ноёрхсон өнөө үед боломжтой санагдаж байгаагаасаа ч хамаагүй их хүчтэй юм. Ирээдүй хойч үеийнхэнд замуудыг нь зааж өгч байгаа ийм агуу хүнийг бидэнд бэлэглэсэн хувь заяандаа талархаж байна... Магадгүй хойч үеийнхэн ердийн бие цогцос, цустай ийм хүн энэ нүгэлт дэлхий дээр алхаж явсан гэдэгт итгэхгүй ч байж магадгүй” гэж хэлсэн байдаг.

Жич: Энэ киног монгол хэл дээр орчуулж дуу оруулах ажилд хамтран ажиллахыг уриалж байна. "Холбоо барих" линкээр орж е-майл бичиж болно. Эсвэл сэтгэгдэл дотор.... :-)

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.