gasland

Оригинал нэр: Gasland 
Нэр: Занарын хийн нутаг
Жанр: Баримтат кино
Бүтээсэн: АНУ
Найруулагч: Джош Фокс
Гарсан он: 2010
Албан ёсны сайт нь: http://www.gaslandthemovie.com/whats-fracking

ЗАНАРЫН ХИЙТЭЙ НУТАГ ОРОН
Анхаар! Аюулын харанга дэлдэж байна!!!


2013 оны 2-р сарын 25-нд УИХурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Да.Ганболдын толгойлсон "Занарын холбоо" нэртэй олон нийтийн байгууллага (!!!) нэг гадаадын хөрөнгө оруулагч компанитай хамтран занарын түлшний талаар танилцуулга - лоббиг анх хийсэн юм. Үүнийг ТВ-ээр хараад манай "ард түмний элчүүд" энэ талаар ямар болхи төсөөлж "ойлгож" байгаа, тэгээд ямар хачин жигтэй байр суурьтай байгаа нь, тавьж байгаа асуултууд нь хүртэл ямар түвшинд байгааг, тэдний энэ талаарх ойлголт мэдлэг нь чухамдаа зөвхөн танин мэдэхүйн мэдээлэл авах хэмжээнд л байгааг хараад өөрийн эрхгүй харуусал, айдас төрснийг нуух юун...

Монгол улсын санхүү-эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийн үндсийг бүрэн устгасан гавьяатай! "эдийн засагч", неолиберал ардчилагч Да.Ганболд одоо америкчуудтай хамтран энэхүү аймшигт технологийг Монгол нутагт лоббидон зүтгүүлж байна!

Энэ баримтат киноны тухай товчхон:

"Занарын хийн нутаг" нэртэй энэхүү баримтат кинонд АНУ-ын зарим улс-мужуудад занарын хийг олборлож эхэлснээс үүдэн тэнд амьдардаг хүмүүсийн амьдрал ахуй, байгаль орчинд ямар ямар сүйрлийн гэж болох хорт үр дагаврууд учруулж байгаа тухай өгүүлдэг. Ямар ч аргаар хамаагүй мөнгө л хийх үзэл суртлыг "чөлөөт зах зээл, эрх чөлөө" гэж сурталддаг барууны корпорациуд эхэн үедээ занарын хийн олборлолтоо хүрээлэн байгаа байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, хүн мал амьтанд ямар ч аюулгүй гэж газар сайгүй хавтгай ухуулга сурталчилгааны өргөн кампанит ажил явуулж байгаад холбогдох "захиалгат" хуулиудаа батлуулж авсан боловч өнөөдөр бодит байдал чухам ямар байгааг энэхүү баримтат киноноос үзээрэй, эргэцүүлэн бодоорой!

Энэ кинонд хүн, мал амьтдын ундны усны гадаргын эх үүсвэрүүд болон гүний худгууд нь занарын хийн олборлолтын үед ашиглаж байгаа химийн түмэн янзын хортой бодисуудаар бохирдон хордож бүр гэрийнх нь цоргоноос гоожиж байгаа ундны ус нь метанаар хийжиж "шатдаг" ус болон хувирсан байгааг харуулдаг. Мөн тэндхийн орон нутгийн агаарт ямар хорт хийнүүд газрын заадлуудаас байнга ялгардаг болсныг, тэндхийн хүмүүсийн мал сүрэг, гэрийн тэжээмэл амьтад нь энэхүү хордсон агаар, хорт уснаас болж үхэж үрэгдэж байгааг, нутгийн оршин суугчид нь маш хүнд харшлууд, хоол боловсруулах дотоод эрхтнүүдийн хүнд өвчнүүдээр өвдөж үхэж үрэгдэж байгааг харуулдаг ба тэдний заримтай нь уулзаж энэ корпорациуд эхэндээ тэдэнд чухам юу гэж амлаж байсан, харин одоо тэднийг ямар байдалд оруулсан тухай ярихыг бичиж авсан байна.

Одоо олон муж улсуудын оршин суугчид, тэндхийн орон нутгийн ихэнх хүмүүс нь зөвхөн амьд үлдэхийн тулд бохирдож хордсон нутаг орноо орхин дүрвэж олон жилийн хүч хөдөлмөрөөрөө худалдан авсан, босгосон байшин орон сууцаа хаяж амьжиргааны бизнесээ сохор зоосоор ч хамаагүй худалдаж дүрвэн нүүж байгаа ажээ! Үнэхээр орчин үеийн "ардчилсан хөгжингүй нийгэм" гэж сурталддаг, тэр тусмаа "хүний эрх, ардчиллын эх орон" гэж рекламддаг АНУ-д жирийн хүмүүсийн аж амьдралд ийм аймшигт зүйлүүд яг одоо энэ цаг минутанд болж байгаа гэдэгт эхэндээ бол итгэмээргүй байдаг... Гэвч энэ баримтат киног нүдээрээ үзэж тархиараа ойлгосны дараа бол суртал ухуулга ба бодит байдал хоёр хоорондоо маш хол зөрүүтэй байдгийг дахин нэг удаа ухаарахаас өөр аргагүй болох биз ээ.

Хамгийн цочирдмоор нь, тэр орон нутгийн хөөрхий жирийн хүмүүсийг бүр эхнээсээ залилан мэхэлж нутаг нуга, амьдралын орчныг нь жинхэнэ утгаар нь "дэлбэлж" химийн хорт бодисуудаар хордуулж бохирдуулчхаад эцэст нь тэднийг энэхүү байгалийн аймшигт сүйрэлтэй нь, үүнээс үүдэн хуримтлагдсан бүх асуудлуудтай нь орхин явж тэнд ямар ч арга хэмжээ авахгүй, тэдэнд тусламж нөхөн төлбөр ч өгөхгүй, тэднийг хувь заяаных нь гаргуунд нь хаясан байгаа нь өнөөдрийн бодит байдал юм. Одоо тэндхийн хүмүүсийн олонх нь алс холоос, өөр газраас тээвэрлэн авчирсан ундны усаар л амь зогоож байгааг энэ баримтат кинонд харуулж байна. Учир нь тэндхийн гүний болон гадаргын усыг хүн байтугай мал амьтад ч унданд хэрэглэх нэгэнт боломжгүй болгож бохирлосон байгаа ажээ!!!

Энэ баримтат кино 2011 онд Оскарын шагналд нэр дэвшиж байсан ба одоогоор хэд хэдэн кинофестивалийн нэр хүндтэй шагналуудыг авсан байна. Зөвхөн АНУ-д гэхэд л энэ киног 30 гаруй сая хүн үзсэн ба одоо америкийн нийгэм занарын хийг цаашид олборлосоор байх уу, аль эсвэл хүн байгаль орчинд онц хохиролтой аюултай тул хаах уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн байгаа ажээ. Энэхүү тэмцэлд нэг талаас нь занарын түлш, хий олборлогч компаниудын мөнгөний ашиг хонжоо, АНУ байгалийн хийн гадаад нийлүүлэлтээс түр зуурын ч гэсэн хараат бус байгаа байдал ба дээрээс нь энэ хуйвалдаан хээл хахуульд автсан түшмэдүүдийн бүхэл бүтэн арми, харин нөгөө талаас нь өөрийн нутаг орондоо цэвэр ус ууж цэвэр агаараар амьсгалж амьдрахыг хүсэж байгаа сая сая жирийн хүмүүс энэхүү эвлэршгүй тэмцэлд сөрөн зогсоод байгаа ажээ!

"Занарын хийн нутаг" нэртэй энэ баримтат кинонд хүрээлэн байгаа байгаль орчны ус болон агаарт занарын хий /нягтарсан элсэн ширхгүүдээс эсвэл метан нүүрсний давхаргуудаас ялгардаг шатдаг хий/ олборлох гэсэн хүсэл нь аюул занал учруулж байгаа бус харин занарын болон бусад шатдаг хийг хайхад мөн дараа нь олборлоход заавал хэрэглэгддэг(!) газрын гүний пласт давхаргуудыг дэлбэлэн цуулж байж шатдаг хийг суллан гаргаж авдаг усан цохилтын технологи (fracking technology) нь аюул учруулж байгааг маш ойлгомжтойгоор тайлбарладаг.

Занарын хийг олборлохын тулд эхлээд багахан газарт нэг гүнзгий цооног өрөмддөг байна. Тэгээд асар их хэмжээний усыг химийн тусгай хорт нэгдлүүдтэй нийлүүлж хольсны дараа энэ нь нэг төрлийн хортой коктейль болон хувирдаг бөгөөд дараа нь ийм шингэнийг асар өндөр даралтаар өрөмдсөн цооногоор дамжуулан газрын гүний давхаргуудыг дүүргэн шахаж усан цохилт үүсгэхэд газрын гүний давхаргуудад асар өргөн том газарт хагарал, цуурлууд үүсэж энэ үед шатдаг хийнүүд сулран цооног руу ялгаран гарч ирдэг технологи юм.

Аж үйлдвэрлэлийн хэмжээнд занарын болон бусад хийн олборлолт явуулахад энэхүү технологи нь хөрөнгө оруулалтын хувьд хамгийн хямд ашигтайд тооцогддог ба өнөө үед чухамдаа энэ технологийг л хэрэглэдэг байна. Учир нь занарын хийн олборлолт нь өөрөө зардлаа нөхдөггүй үйлдвэрлэл бөгөөд зөвхөн химийн бусад үйлдвэрлэлүүдэд дагалдах бусад олборлосон түүхий эдүүдийг борлуулж тэдэнтэй нэг технологийн болон үнийн сүлжээнд орж байж л сая эдийн засгийн хувьд ашигтай байдаг байна. Ийм болохоор энэхүү "хортой" технологи нь зардал бага учир хамгийн өндөр ашиг хонжоо унагах боломжийг энэ компаниудад олгодог байна.

Бас энэ технологиор ажилласан хорт шингэнийг заавал буцаан соруулж газрын гадарга дээр гарган авах, хадгалах хэрэгтэй болдог! Энэ хорт шингэнийг цэвэрлэх боломж бараг байдаггүй(!) бөгөөд ихэнх тохиолдолд цацраг идэвхт шингэн болон хувирсан байдаг ажээ. АНУ-д энэхүү хорт шингэнийг одоогоор зөвхөн задгай цөөрмүүдэд хадгалж байгаа нь хэсэг хугацааны дараа заавал доош нэвчдэг ба одоо тэнд гүний усны судал бохирдох гол шалтгаануудын 70%-г эзэлж байгаа ажээ. Мөн өрөмдмөл цооногийн хүрээ хоолойн цооролт, хагаралтаар дамжин шууд гүний усны судлууд бохирдох явдал түгээмэл байдаг байна.

Занарын хийн олборлолтыг эдийн засгийн хувьд ашигтай байлгахын тулд өрөмдлөгийн талбайнууд нь том байх /300 гектар газарт 10-15 өрөмдлөгийн талбайнууд/; нэг өрөмдлөгийн талбайд 25(!) ширхэг цооног өрөмдөх хэрэгтэй байдаг байна. Газрын гүний давхаргуудыг дэлбэлэн хагаралт цуулбарууд үүсгэж шатдаг хийг суллан авахын тулд зөвхөн нэг өрөмдмөл цооногт гэхэд л 18 хүртэлх тооны усан цохилтууд /гүний бичил газар хөдлөл гэсэн үг/ үүсгэх шаардлагатай байдаг байна... Иймээс байгаль орчин, улс орны эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус сөрөг нөлөөнүүд нь энд тоочиж баршгүй ажээ... Занарын түлш, хийн олборлолт нь богинохоон хугацаанд ажлын байрууд нэмэгдэж ашиг тусаа өгөх боловч энэхүү ээлжит "занарын хөөс" нь тун удалгүй хагарсны дараа хойно нь сүйдсэн байгаль орчин, цөхөрсөн хүмүүс, эдийн засгийн бүүр ч хүнд нөхцөл үлддэг байна....

Энэ чухал баримтат киног бүтээгчид нь олон нийтэд үнэгүй хүргэхийг өөрсдөө зөвшөөрсөөр байхад харин Youtube тэнд орсон зарим нэгхэн кадр нь өөр бусад хүмүүсийн авторын эрхийг зөрчиж байна гэсэн зохиомол шалтгаар зарим улсуудад үзүүлэхийг хаасан байгаа. Мэдээллийн эрх чөлөө гэгчийнх нь үнэн нүүр царай нь ийм л байдаг!!! Монголд тархины угаалгыг бол хичнээнийг ч цацсан хамаагүй ээ, харин улс оронд хүмүүст хэрэгтэй үнэн зөв мэдээллийг бол болохгүй гэнэ ээ..??

Англи хэл дээр:


Орос хэл дээр:

Ийнхүү дэлхийн улс орнуудад, тэр дундаа хөгжингүй орнуудад занарын хийг усан цохилтын технологиор ашиглаж байгаа энэхүү бодит байдал нь энэхүү бизнес - мөнгө хийх арга бол үнэн хэрэг дээрээ гэмт үйл ажиллагаа гэдгийг нь хөдөлшгүй баталж байгаа юм! Ийм учраас энэхүү гай зовлонг биеэр амсан туулж байгаа тэр олон сая хүмүүс энэхүү гэмт хэргийн бизнесийг хожим хөөн гаргах гэж оролдсоноос улс эх орондоо эхнээсээ оруулж ирэхгүй байх нь илүү хялбар шүү гэдгийг дэлхийн олон нийтэд-жирийн хүмүүст дахин дахин сануулж байна.

Өөр нэг хэрэглэгчийн ачаалсан хувилбар

Гадаадын хөрөнгө оруулагчид нэртэй "ямар ч аргаар хамаагүй мөнгө хийгчид" өөрийнх нь улс оронд нь ийм хортой үр дагавруудтай технологийнх нь учруулж байгаа гай гамшгийг жирийн хүмүүс нь амсаж хориглохоор тэмцэж байхад чөлөөт хувийн хэвлэл нэрийн доор ард түмэнд бодит үнэн мэдээлэл хүрэх суваггүй шахам болгосон, ардчилсан сонгууль гэгчээр авилгачид нь засгийн эрхэнд гарсан улс орнуудад ийм аргаар ч хамаагүй бизнес - мөнгө л хийхээр улайрч байна.

Украйнд занарын хийн олборлолт байгалийн гамшигт хүргэжээ!!!

Тэд ашгийг нь - алтыг нь аваад явчихна, мөн тэдний гар хөл авилгач түшмэдүүд ч тийшээ дагаад явчихна гэж тооцоолж суугаа, харин "юм мэдэхгүй байх эрх чөлөөтэй болж авсан" жирийн монголчууд хоосон бас тэгээд хортой "авдар" дотор нь амьдрах болно гэсэн үг юм.

Энэ баримтат киног анхааралтай ойлгож үзээрэй! Тэгээд иймэрхүү хортой арга технологитой "гадаадын хөрөнгө оруулалт"-аар халхавчилсан гэмт хэргийг Монгол эх орондоо оруулж ирэхгүй байхын төлөө тэмцэцгээе.

Одоохондоо оройтоогүй байгаа дээрээ шүү! Дараа нь цусаар уйлаад ч нэмэргүй ээ!

still gasland hoverАнгли хэл дээр энэ баримтат кино интернэтэд байхгүй байгаа нь зохиогчийн эрх мэтээр тайлбарлаж болох боловч үнэндээ бол аль болох цөөн хүмүүс энэ асуудлыг мэдэх ёстой гэсэн үг юм! Ер нь мэдэхгүй харанхуй олонхоор сонголт хийлгэх, шийдвэр гаргуулах нь барууны ардчиллын цаад утга учир нь юм шүү!!?

gasland2

Ардчиллын цайз гэгддэг АНУ-ын эрх баригчид хүн амынх нь 1-хэн хувийг эзэлдэг асар баян "мөнгө хийгчдийнхээ илүү их ашиг хонжооны төлөө" сая сая иргэдийнхээ амь нас, аж амьдрал руу нулимж мөнгөний ашиг хонжооны төлөө тэдний нутаг орныг, уудаг усыг нь, эрүүл мэндийг нь булаан авсаар байгаа ажээ.

Бодит байдал, чин үнэн ийм байхад гаднын хөрөнгө оруулагчид алс холын Азийн Монгол улс, монголын ард түмний амин чухал эрх ашгуудыг тооцох уу даа? Бид юунд нь найдах хэрэг вэ?...

Ер нь занарын хийн олборлолтоос учирдаг энэ бүх хор уршиг нь олох мөнгөн ашгаас олон дахин илүү гэдгийг хараат бус эрдэмтэн судлаачид судалж тогтоосон байдаг. Занарын хийн олборлолт явуулсан орон нутагт хүн мал, амьтад амьдрах нь удаан хугацаагаар огт боломжгүй болдог байна.

Аливаа нэг бараг ач холбогдолгүй, хөнгөн хийсвэр сенсаацуудыг шүүрэн авч дэлхий дахинд цацдаг Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд /манай "хувийн"+"чөлөөт" ОНМХэрэгслүүд тэндээс ихэнх "мэдээлэл"-үүдээ авч цацдаг цагаан хоолой нь болон хувирсан байгаа/ энэ удаа бас л ээлжит удаагаа, энэ тохиолдолд бол крекинг ба ундны усны талаарх АНУ-ын Конгрессын сонсголуудыг дээрээс нэг команд өгсөн мэт бүгд таг чиг өнгөрүүлж олон нийтэд энэ чухал мэдээг хүргэж сурталчилаагүй юм. Энэ бол хоёр нүүртэй хэвлэл мэдээллүүд чин үнэнийг мөн бодит байдлыг бус харин өөрсдөдөө ашигтай юуг ч болов өдөр шөнөгүй ухуулан сурталчилдгийг бас дахин баталж байгаа юм. Энэхүү чухал сонсгол, хуралдаан дээр нэг ч сэтгүүлч ирээгүй байна!

Одоогоор Нью-Йорк муж (АНУ) болон Англид усан цохилтын технологийг хэрэглэхийг хориглож мароторий тавьсан байгаа ба ХБНГУлс, Францад ийм технологи хэрэглэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болсон байгаа. Мөн Чехэд, Румынд мароторий тогтоож эхлээд байгаа.....

Гэвч цаагуур чинь "Барууны" ардчилал, хүний эрх - ямар ч аргаар хамаагүй мөнгө хийх үзэл суртлыг тугаа болгосон, "гадаадын хөрөнгө оруулалт" гэсэн маани мэгзэм заалгаж авсан, долларын ашиг зүүдэлсэн нохой зальтангууд нилээд байна даа.

Харин тэгвэл манайхны ТВ-ээс өөр юм үзэхээ больсон, ном уншихаа - эргэцүүлэн бодохоо бараг больсон хүмүүс энэ тухай нүдэн балай чихэн дүлий суусаар л байна... Тэгвэл манайд Занарын холбоо байгуулж 23 компани хайгуул хийх зөвшөөрлөө хүлээж нэг нь үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа аж. Бид ингэж суусаар байвал нэг л өдөр хүн, мал нь амны ч усгүй үлдэх вий...

Занарын хий, сланцевый газ, shale gas гээд интернэтээс хайгаарай, тэгээд бас манай эдийн засагч + улстөрч гэсэн баг өмссөн үнэгэн зальтай хүмүүс чухам юу юу гэж бурж ихэрхэж байгааг нь уншаарай. Харамсалтай нь, мэдэхгүйгээ мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, харанхуй олонхын сонгосон ийм л хүмүүс ардчилсан сонгууль гэгчээр бидний толгой дээр гарчхаад улс Эх орныг маань 20 гаруй жил аж үйлдвэргүй = эдийн засаггүй болгох (ядуурал, мөхөл) + одоо бол эдийн засгийн алуурчдын арга мэх - асар их гадаад өрийн гүн хар ангал руу "жолоодсоор" байна даа...

gasland3
Зураг дээр: Ундны усны цоргоноос гоожиж байгаа ус нь химийн элдэв бодисуудаар хордож бас шатдаг хийтэй холилдсон, хүмүүс болон мал амьтдын өвчлөлт, үхэл мөхлийн шалтгаан болж байгаа нь. /Ус нь шатаж байгаа нь/

Байгалийн нөөц баялгийг байгаль орчинд ээлтэй аргаар шударга зарчимд үндэслэн хамтран ашиглаж болох боловч иймэрхүү хүнлэг бус, бусдын нутгийг хайр найргүй цөлмөх мөн хордуулан бохирлох аргаар бол яавч хийлгэж болохгүй нь эрүүл ухаантай хэн бүхэнд ойлгомжтой биз ээ.

Твиттер, фейсбүүк-ээрээ тараагаарай...

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин, твиттерт тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.