prisval 

Оригинал нэр: Prison Valley
Нэр : Шоронжсон хөндий
Гарсан он: 2013
Жанр: Баримтат кино
Найруулагч: David Dufrense & Philippe Brault / Дэвид Дюфренс ба Филлип Бро
Албан ёсны сайт нь: http://prisonvalley.arte.tv/?lang=en (you can watch it online on the website)
Шагнал: Энэ жилээс анх удаа World Press Photo уралдаант шалгаруулалтаар "Мультимедиа" номинацийг шалгаруулах болсон бөгөөд 2013 оны хамгийн шилдэг бүтээлээр энэ баримтат киног шалгаруулсан байна. Гэвч энэ мэт барууны үнэн нүүр царайг илчилсэн баримтат кинонуудыг Монгол мэтийн "ардчилсан" улс орнуудад үзүүлэхийг хориглосон байдаг !?!

Иймээс дэлхийн хүн амын дийлэнх хувь нь, түүний дотор "ардчилсан" монголчуудын үнэмлэхүй олонх нь АНУлс дахь амьдрал аж байдлыг Холливудын уран сайхны "үлгэрийн" кинонуудаар нь төсөөлж чухамдаа яг тийм ойлголт төсөөлөлтэй явцгаадаг ба иймээс барууныханд ашигтай "сонголт" хийсээр ирсэн билээ. Харин энэхүү хоосон мөрөөдлийн зэрэглээг үйлдвэрлэн гэнэн ухвар мөчид хүмүүст худалддаг Холливудын олон киностудиуд чухамдаа тэнд л - Баруунд л, түүний дотор ялангуяа Америкт л жинхэнэ эрх чөлөө, жинхэнэ ардчилал, хүний эрхийг жинхэнэ ёсоор дээдэлдэг мэт амттай боловч хов хоосон үлгэрийг хүмүүст ярьж үзүүлдэг ба кино бол цөлх олонхын толгойд ийм хоосон зэрэглээ-ойлголт төсөөлөл суулгаж өгөх зорилготой асар том суртал ухуулга-тархи угаалгын үйлдвэрлэл юм. Гэвч энэхүү хөшигний ард тэнд шал өөр амьдрал, бодит байдал нь нуугдаж байдаг...

Уг баримтат киног бүтээгчид нь киногоо "Архипелаг ГУЛАГ Good luck" гэж нэрлэж байна. Зөвлөлтийн ГУЛАГ- засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагериудад 1933-1939 оны хооронд, дэлхийн II дайныг А. Гитлерийн гараар өдөөх нь тов тодорхой болсон үед, иймээс дотоод гадаад нөхцөл байдал маш хүнд болсон байсан нөхцөлд, олон тооны эрүүгийн гэмт хэрэгтнүүд, гадаад дотоодын тагнуул туршуулууд, хорлон сүйтгэгч улстөрийн хувьд "тэнэг" найдваргүй этгээдүүд - нэг үгээр хэлбэл "тавдугаар цувааныхан" хамгийн ихээр хоригдож байсан тэр үед эдгээр лагеруудад нийтдээ 1,2 сая орчим хоригдолтой байсан бол АНУ-т 1930-аад онд "эрх чөлөөт" иргэдийнх нь 100 мянга тутмын 672 нь ял эдэлж хоригдож байсан түүхтэй. Харин өнөөдрийн энх тайван цагт, өөрийгөө "ардчилсан, эрх чөлөөний өлгий" гэж сурталддаг АНУ-д үүнээс ч олон хоригдол - нийтдээ 2,5 сая хүмүүс шорон гяндангуудад хоригдож заримдаа бол бүр өчүүхэн жижиг "хэргээр" ял эдэлж байдгийг та мэдэх үү?!..

2009 оны байдлаар 320 орчим сая хүн амтай АНУлсад 2,3 сая хүн шорон гяндангуудад хоригдож байсан нь манай гаригийн үнэмлэхүй шоронжсон лидер байсан ажээ. "Хамгийн ардчилсан хамгийн эрх чөлөөтэй" гэж сурталчилдаг АНУ-д ял эдлэн хоригдож байгаа иргэдийнх нь тоо одоо манай Гариг дээрх бүх улс орнуудад хоригдож байгаа нийт хоригдлдуудын 1/4 буюу 25% нь байгаа. Тэгвэл өнөөгийн 2014 оны байдлаар АНУ-т 2,5 сая хүн шорон гянданд хоригдож тэнд хувийн өмчийн хувийн аж үйлдвэрлэл дээр боолчлогдож байгаа ба өнөөдөр ер нь хорих ял авсан нийт хүмүүсийн тоо нь 7 сая болсоон гэж Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгчид, шүүх хууль эрх зүйн шинжээчид баталж байна. Харьцуулбал, өнөөдөр 1 тэрбум 500 сая хүн амтай БНХАУлсад нийтдээ 1,5 сая хүн шоронд хоригдож байгаа бол түүнээс даруй 4,7 дахин цөөхөн хүн амтай АНУлсад 2,5 сая хүмүүс хоригдон ял эдэлж хувийн эздэд боолчлогдож байгаа нь "хамгийн ардчилсан" энэ улсын үнэхээр аварга амжилт юм.

Яагаад Америкт ийм олон хоригдлуудтай байдаг гэвэл АНУлсын шорон гяндангуудыг хувийн том корпорациуд нь аль эрт хувьчлан авсан бөгөөд одоо эдгээр хувийн шоронгуудад нь хоригдлуудын хөдөлмөрийг мөлждөг капиталист аж үйлдвэрлэлүүд ид цэцэглэж байдаг ажээ. Тэнд Америкийн армийн бараг бүх хэрэгсэл, пластик картууд гэх мэт олон зүйлсийг нэртэй олон корпорациуд хоригдлуудаар үйлдвэрлүүлж байна. Шоронг хувийн өмчийн арилжааны хэлбэрт шилжүүлэх явдал бүр Рональд Рейганы үеэс эхэлсэн бөгөөд Билл Клинтоны үеэс хоригдлуудыг бараг үнэгүй, цагт 4-30-хан центээр ажиллуулж бизнес - мөнгө хийх үзэгдэл хавтгай болсон ажээ....

Үүнийг "ардчилсан монгол"-чууд бас л мэдэхгүй хэвтэж ингэж хэлсэн хэнд ч үнэмшихгүй, яг үнэндээ бол ингэж итгэхийг хүсэхгүй байгаа бол энэ баримтат киног сайн ойлгож үзээд дараа нь өөрсдөө дүгнэлтээ хийгээрэй... Та "хүний эрх, эрх чөлөө ба ардчиллын" тухай хов хоосон реклам, зальжин хуурамч уриа лозунгууд ба өнөөгийн бодит амьдрал аж байдлын хооронд хичнээн гүн гүнзгий дотоод зөрчил - асар том ангал байгааг эргэцүүлэн бодохоо бас мартав аа...

Энэ баримтат киноны тухай :

Тус баримтат киноны албан ёсны сайтан дээр нь "Энэ баримтат кино бол одоо гүн гүнзгий хямралд орсон байгаа АНУ дахь шоронгийн аж үйлдвэрлэлийн тухай баримтат кино юм. Америкийн баруун дунд хэсэгт 36 000 оршин суугчидтай бас 13 шоронтой Каньон Сити гэдэг жижигхээн хот байдаг. Энэ хотод байрладаг, хадан дундах америкийн шинэ Алькатрас - холбооны улсын "Supermax" гянданд тавтай морилно уу. Каньон Сити бол гадна талд нь амьдардаг оршин суугчид нь хүртэл мөн чанартаа шоронгийн энэ систем дотор нь амьдардаг шоронжсон хот юм" гэж бичсэн байгаа.

Youtube энэ баримтат киног хаасан байгаа!

Гэвч энэ баримтат киноны албан ёсны сайтан дээрээс англи болон бусад хэлээр үзэх боломж одоохондоо байгаа...

"Колорадо мужийн нэгэн сонинд "Каньон Сити бол жинхэнэ тамын хот, тэндхийн оршин суугчдынх нь 16% нь шоронд ажиллаж амьдардаг, хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглогдсон ирээдүйн шорон гэж ямар байхыг үзэхийг хүсэх юм бол тэр хот үлгэр жишээ болж чадна" гэж бичсэн байсан нь бидний анхаарлыг татсан ба тэнд очсон цагаас хойш энэ бүхэн бидний хар дарсан зүүдэнд маань орох болсоон" гэж энэ баримтат киног бүтээгчид киногоо эхэлж байна...

... Колорадо муж улсын Денвер хотын оршин суугч Кристи Доннар: "Энэ шоронгуудыг алс хол газар, хүний нүднээс цаана, олон нийтийн анхаарлаас хол барьж байгуулсан нь хүмүүсийг нийгмээс тусгаарлаж шийтгэдэг байсан тэрхүү уламжлалтай холбоотой... Энэ байдал нь бид бүхнийг боолчлолын эрин үе рүү буцаан оруулж байгаа. Ер нь үүний хажуугаар манай түүхэнд дөнгөнд орсон хүмүүсээс ашиг хонжоо унагадаг баялаг туршлага байдаг шүү дээ! Бид нар хяналт тавьж хүч хэрэглэх тун дуртай. Шүүхийн энэ системийнх нь хамгийн гол хэрэгсэл бол хүнийг шоронд хорих шийтгэл байгаа нь энэ бүхний хамгийн сайхан хөрс нь болж байгаа. Америкт ямар ч асуудлуудыг хамгийн том "саваа модоор балбаж" шийддэг уламжлалттай ба иймээс эрүүгийн салбарт үүнийх нь үүргийг шорон гяндан гүйцэтгэдэг. Бид лав 20 гаруй жилийн турш тэднийг хорьж түгжиж гэр бүлээс нь, найз нөхдөөс нь, хэвийн амьдралын орчноос салгаж цааш нь бүүр далд хийж байгаа. Энэ бол одоо хамгийн гол асуудал болчхоод байна. 2001 онд хийсэн нэг судалгаагаар одоо Америкт афроамерикчуудын шоронд орох магадлал цагаан арьстантай харьцуулбал 3 дахин, латинчуудын хувьд 6 дахин өндөр буюу өөрөөр хэлбэл маш өндөр байгаа ийм нөхцөлд чухамдаа энэ шорон гяндангуудад тэд нар ихэнх нь байдагт огтхон ч гайхах хэрэггүй юм..." гэж ярьж байна.

Колорадо мужийн хэмжээнд энэ асуудлыг сөхөж бичдэг цөөхөн (!) сэтгүүлчдийн нэг Элин Роуз: "Америкийн шийтгэлийн системийн хамгийн гол асуудал нь хоригдлуудын тоо хэмжээ дэндүү их болчхоод байгаа явдал юм. АНУ-д хүн амын бүүр 1% (3,2 сая хүн!) нь шоронд сууж байна шүү дээ. Одоогийн хоригдлуудын энэ тоо хүн амдаа эзлэх хувь нь бүр Хятадынхаас ч өндөр гээч..." хэмээн ярьж байна.

Түүний ярьж баталж байгаагаар бол Каньон Сити хотод ганцхан хууль дүрэм л бүрэн үйлчилдэг, тэр нь бүгд чив чимээгүй, таг дуугүй байцгаах хууль ба ялангуяа хоригдлуудтай ажилладаг хүмүүс сэтгүүлчидтэй харьцах эрхгүй, хэрэв ингэвэл тэд ажилгүй-иймээс зээлээ төлөх боломжгүй-иймээс гадаа гудамжинд-идэх хоолгүй хоцрох шийтгэлтэй ажээ!?... капиталист нийгэмд аливаа хүн шударга байх, үнэнч байх огт боломжгүй байдаг! ... учир нь ажилгүй -амьдралгүй болдог.

Шоронгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Аллен Рэксфорд: СуперМах бол холбооны улсын асар том гяндан шорон бөгөөд түүний хагас нь газар доогуур байрладаг гурвалжин барилга байгууламж юм. Тэнд 6 метрийн өндөр ханатай, хоригдлуудыг гадна орчинтой ямар нэг харьцаатай байлгахгүй бүх зүйлийг бодож хийсэн, хоригдлууд тэнд зүг чигээ ч мэддэггүй, иймээс тэд оргох төлөвлөгөө зохиох ч боломжгүй гэж ярьдаг" хэмээж байна....

Хувийн шоронгууд

Колорадо мужийн шоронгуудын хэвлэлийн төлөөлөгчтэй ярьж байх үеэр тэрбээр хувийн шоронгууд гэдэг үг унагасан нь сонирхол татсан байна. Иймд энэ баримтат кино бүтээгчид хувийн шоронгуудын талаар тэнд бүрэлдсэн нөхцөл байдлыг газар дээр нь очиж судалж бодит байдлыг видеокамертаа зурагласан ажээ...

Энэхүү баримтат киног бүтээж байсан хүмүүсийн тухай дуулаад тэдэнтэй уулзаж ярилцахаар алс холоос 800 км газар туулж ирсэн, нийгмийн зүтгэлтэн Фрэнк Смит ярихдаа: "Нийгмийн төлөө зүтгэлтнүүд бид нар үүнийг зөвхөн хувийн шоронгууд гэж биш ээ, харин "хувийн арилжааны шоронгууд" гэж нэрлэдэг, ингэх нь жирийн хүмүүст илүү ойлгомжтой, ийм шоронгийн системийн цаад мөн чанарыг харуулж байгаа юм. Ийм хувийн шоронгууд багахан хугацаагаар яллагдсан хоригдлуудыг хорьж байгаагийнхаа төлөө л гэхэд мужийн төсвөөс асар их мөнгө авдаг. Хүн хичнээн удаан шоронд суух тусам хувийн шоронгууд төдийчинээн их мөнгө төсвөөс авдаг гэсэн үг юм! Ийм учраас энэ хувийн шоронгууд хууль тогтоогчдод нөлөөлж ялихгүй зүйлээр ч хамаагүй аль болох олон хүмүүсийг, аль болох удаан хугацаагаар шоронд суулгахыг сонирхдог" гэж өөрийн доторх шаналал зовиураа хүмүүстэй хуваалцаж байна.

Киног бүтээгчид хувийн шоронгуудаас ярилцлага, зураг авах зөвшөөрөл хүсэж удаа дараа хандаж байсан боловч тэдний зүгээс дандаа л "өөрсдөдөө тун ч их итгэлтэй" тэгээд бас "нэг хэвэнд хийж цутгасан төмөр" мэт хатуу хариултуудыг авч байсан байна:

...Харамсалтай байна, бид та бүхний хүсэлтийг хүлээн авч чадахгүй ээ...
...Харамсалтай байна, бид та нарт ийм зөвшөөрөл өгч чадахгүй ээ...

Олон жил АНУ-д төр - хувийн салбарууд нь гар гараасаа хөтлөлцөн өөрсдийн энэ бизнесийг амжилттай хийсээр байгаа ажээ. Фрэнк Смит: "Хувийн шоронгуудын лобби (эрх баригчдыг хахуульдан тэдэнтэй хуйвалдан олон нийтийн ард хударгаар хувийн бизнесийн ашиг сонирхлыг зүтгүүлж байгаагаа авилгал гэж нэрлэлгүй харин лобби гэж нэрлээд бүүр хуульчилж авсан байгаа!) манай төрд асар хүчтэй нөлөөтэй. Хувийн шоронгуудын хамгийн том лоббич болох "АНУлсын засан хүмүүжүүлэх корпораци" гэхэд л ийм зорилгоо зүтгүүлэхийн тулд нэг жилд 3 сая гаруй доллар, мөн мужууд болон хотуудын түвшинд ч ийм хэмжээний мөнгө жил бүр зарцуулж байна.

Хувийн шоронгууд бол тэдний капиталист мөрөөдлийнх нь жинхэнэ биелэл юм. Капитализм эцэстээ ямар ч аргаар хамаагүй мөнгө хийх ашиг хонжооныхоо сонирхолд улс нийгмийн бүх зүйлийг захируулдаг: хүмүүсийн хөдөлмөрийг хайр найргүй шулж мөлжиж бас улстөрчдийг далдуур худалдан авч мөн жирийн хүмүүсийг байнга айлган сүрдүүлж хүлцэнгүй барьж байдаг. Хувийн энэ шоронгууд бол мөн чанартаа цэрэгжүүлсэн хүчирхийллийн асар том машин болохынхоо хувьд энэ бүгдийн хамгийн тод нэг жишээ юм " хэмээн ярьж байна...

Төр - хувийн салбарынх нь иймэрхүү далд хэлцлүүдийн цаад мөн чанар нь их энгийн ажээ: хувийн том бизнес нь өөрсдийн мөнгөөрөө асар том том шоронгууд барьж байгуулж байгаа ба харин түүний бизнесийн түнш - төрийн салбар нь эдгээр хувийн шоронгууд руу нь байнга "амьд бараа - хоригдлуудыг" тасралтгүй илгээж тэд хамтран бизнес - мөнгө хийцгээж байгаа ажээ.

Фрэнк Смит өөр нэг мужид болсон нэг хэргийн талаар ярихдаа: "Тэр үед хоёр түшмэл 2,5 сая долларын хахууль авсан болох нь илчлэгдсэн юм. Тэр хоёр жижиг сажиг зөрчлүүд гаргасан жаахан хүүхдүүдийг ч хүртэл ийм арилжааны хувийн шоронгууд руу илгээж байх явдлыг төрийн түвшинд хангаж өгдөг байсан. Ийм төр-хувийн хэвшлийн хамтарсан бизнесчид хүүхдүүдийг хүртэл шоронд хорьж байгаагийнхаа төлөө холбооны улсын болон мужийн төсвөөс асар их мөнгө байнга авч байдаг. Ийм учраас л үл ялиг жижиг сажиг зөрчлүүд гаргасан, ердөө л "буланд зогсоочхож" болох байсан хүүхдүүдийг хүртэл арилжааны хувийн шоронгууд руу хэдэн сараар заримдаа бол бүр хэдэн жилээр илгээж байсан нь илэрсэн юм. Тэр үед энэ талаар АНУлсад том шуугиан дэгдсээн, гэвч тэр дор нь түүнийг дарж унтрааж удалгүй бүх зүйл урьдын адил нам жим, таг чиг болсон доо" гэж ярьж байна........................................................................

"Ардчилсан" + "эрх чөлөөжсөн" + "зэх зээлжсэн" монголчууд аа! Цааш нь ойлгож үзээрэй, тэгвэл дараа нь Танд эргэцүүлэн бодох юм бас үлдэнэ гэж найдаж байна...

Одоо АНУ-ын Колорадо муж улсад, Денверт нилээд олон монголчууд маань байдаг, тэд ч энэ бүхнийг гэрчлэх биз ээ... аль эсвэл бас л мэдэхгүй "ажилдаа л зүтгэсээр" байгаа юу ...

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин, твиттерт тавих бол монгол хэл дээрх энэ эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.