social genocide

Киноны төрөл : Баримтат кино
Нэр : Нийгмийн геноцид / Memoria del Saqueo
Гарсан он: 2004 он Студи/Улс : Аргентин улс
Найруулагч: Fernando Pino Solanas (Фернандо "Пино" Соланас)
Хэл: Аргентин хэлнээс орос хэл рүү орчуулгатай
Үргэлжлэх хугацаа : 113 минут

Киноны тухай товчхон:

Аргентины алдарт кино найруулагч Пино Соланас “Нийгмийн геноцид” нэртэй энэхүү баримтат кинондоо АНУ ба Барууны улс орнуудад очиж “ардчиллын курс” дүүргэсэн неолибералч эрх баригчид нь Олон улсын Валютын Сангийн “бүтцийн өөрчлөлтүүд” нэртэй хорт явуулгыг нь хэрхэн үг дуугүй хүлээн авч Аргентиныг аж үйлдвэрлэлгүй, ажлын байруудгүй, ер нь үндэсний "эдийн засгийг нь алсан" тухай мөн энэхүү орчин үеийн колоничлолын хөтөлбөрийг нь хэрэгжүүлж дагасан улс орнууд, ард түмнүүд чухам юунд хүрч байгааг үзүүлж байна.

Хөгжиж байгаа улс орнууд гэж тэдний нэрлэсэн (яг үнэндээ бол иймэрхүү нэртэй олон янзын зориуд явуулгуудын үр дүнд мөнхийн ядуу буурай "хөгжиж байгаагаараа" үлдэх ёстой) улс орнуудад ОУВСангаас тулган хэрэгжүүлдэг энэ хөтөлбөрийг АНУ-ын Вашингтонд боловсруулсан тул “Вашингтоны консенсус” гэж бас нэрлэдэг... ОУВСан оршин тогтнох хугацаандаа 1 ч улс орныг амлаад байсан шигээ зах зээлийн хөгжингүй улс орон болгоогүй ажээ. Харин хөгжиж өндийсөн бүх улс орнууд чухамдаа энэ хөтөлбөрөөс нь зайлсхийж үндэстний эдийн засгаа өөрсдөө залж ирсэн улс орнууд байдаг.

Энэ баримтат киног үзсэн монгол хүн бүр манай улсад сүүлийн 20 гаруй жилийн турш өрнөж байгаа үйл явдлууд, гаднын олон янзын гоё нэртэй байгууллагуудын идэвхийлэн явуулсаар ирсэн нэрийг нь сонсоход "хачин" элдэв төсөл, хөтөлбөрүүд (энэ бүх алсын хорт үр дагавруудтай явуулгуудыг нийтэд нь неолиберал реформ гэдэг)-ийн үр дүнд Монголын нийгэмд урьд өмнө нь байгаагүй харин одоо бол хэвийн үзэгдэл болсон ажилгүйдэл, ядуурал, хүнийрхэл, нийгмийн ёс суртахууны задрал ялзралын яг ижилхэн хувилбаруудыг Аргентины энэ жишээн дээрээс олж харах болно.

Энэхүү баримтат кино нь өнөөгийн ардчилсан + чөлөөт + зах зээлийн + эдийн засаг гэгч хов хоосон догм номлол, неолибералчдын дэлхийн газар сайгүй тарьж байгаа ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ёс суртахууны задрал ялзралын цаад шалтгаан, үүнийг зориуд зүтгүүлээд байгаа хүчний далд сэдэл зорилго, мөн чанарыг гүнзгий задлан шинжилсэн, дэлхийн дахинд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн алдарт баримтат кино бүтээл болсон юм.

1948 оны 12-р сарын 9-нд баталсан НҮБ-ийн “Геноцидийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба үүний төлөө оноогдуулах шийтгэл” олон улсын Конвеци-д "геноцид" гэдгийг аль нэг улс үндэстний, угсаатан ястны эсвэл арьстны эсвэл шашинтан хэсэг бүлэг хүмүүсийг бүрэн буюу хэсэгчлэн устгахад чиглэсэн тухайн үндэстний оршин амьдрах амин чухал хэвшил, үндсүүдийг нь устгахад хүргэх зохион байгуулалттай, үе шаттай янз бүрийн гэмт үйл ажиллагаануудыг гэж ойлгоно гэж заажээ...

Монголын улсын, монголын ард түмний цаашид оршин тогтнох амьдрахын үндсийн үндэс бол юуны өмнө монгол хүмүүсийн хамтын нийгэм, төр улс, төрөлх хэл соёл бичиг, боловсрол урлаг, эрүүл мэндийн тогтолцоо, ажлын байр, амьдралд хүрэлцэх шударга цалин хөлс, дулаан тохилог байр сууц, өдөр тутмын аюулгүй уламжлалт хүнс хоол тэжээл, үнэн зөв бодит хэрэгцээт мэдээллүүд билээ. Гэвч энэ бүхнийг хэрхэн эвдэн бусниулах орчин нөхцөлийг зориуд бий болгоод байгааг олж мэдэх, ойлгож ухамсарлх үүнийг сөрөн сөрөн зогсох цаг аль хэдийнэ болжээ...

Монголын ард түмэн 70 жилийн өнгөрсөн хугацаанд урьд өмнө нь нэгэнт хүрчихсэн байсан олон олон ололт амжилтаасаа ухарч одоо бүр сэргээн босгох боломжгүйгээр бүрэн гээж алдах, энэ байдал нь цаашид Монгол улс тусгаар тогтносон бие даасан улс үндэстэн байх эсэх аюулд хэдийнэ хүргээд байна...

Энэ бүх дампуурал, сүйрлийг бидэнд харийн үзэл суртлын башир залиуд, арга мэхээр тулган хүлээлгэсэн байгаа!.. Одоо бид энэ бүхнийг нүдээ нээн гагцхүү олж харах, тэгээд ойлгох сэхээрч ухаарах, монгол хүн бүр өөрсдийнхөө төлөө, улс эх орныхоо төлөө, өнөөгийн бидний амьдрал ба хойч ирээдүйнхээ төлөө ямар нэг зүйл хийж эхлэх цаг ирээд байна...

7sariin1

 

Энэ бол 2004 оны 7-р сарын 1-ний үйл явдлын нэг зураг...Монголчуудыг өөд өөдөөс нь турхирч мөргөлдүүлж байгаа нэг л жишээ.....

Энэ хэргийн цаад учиг чухам хааш нь хөтөлж байна вэ, хаанаас жинхэнэ захиалагчдынх нь "чих цухуйж" байна вэ... Үүнийг ойлгохын тулд дараа нь ямар үйл явдлууд хөвөрсөн бэ гэдгийг эргэцүүлэн бодоход хангалттай...

Та бүхэнд энэ баримтат кинонд гарч байгаа бүхэн яг одоо манайд болж байгаа үйл явдлуудтай яг ижил агуулга, цаад мөн чанартай мэт санагдахгүй байна уу?