МОНГОЛЧУУД ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР АВАРГАЛЖЭЭ

Турк улсын Анкара хотод энэ сарын эхээр зохион байгуулсан "Ой тогтоолт, цээж бодолт"-ын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, медалийнхаа тоогоор тэргүүн байр эзэлсэн байна. Тэд Монголын оюун ухааны академийн тамирчид юм. Тус тэмцээнд нийт 121 оюуны спортын тамирчид оролцжээ.

Тэд харааны ой тогтоолт, нэр зүс царай, хөзрийн дараалал, тооны марафон, хоёртын тоолол цээжлэх зэрэг ой тогтоолтын тав мөн олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох зэрэг цээж бодолтын тав, нийт арван төрлөөр 30 багц медалийн төлөө ур чадвараа өрсөлдсөн байна.

Монголын Оюун Ухааны академийн гурван тамирчин, дасгалжуулагчийн хамт эх орноо төлөөлөн оролцож дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл нийт 12 медаль хүртэж энэ удаагийн тэмцээнийг багаараа тэргүүлсэн бахдам амжилт үзүүлжээ. Багийн гишүүдийг гаргасан амжилттай нь танилцуулахад, Х.Хатанбаатар / МОУА-ийн захирал, дасгалжуулагч,/ Цээж бодолтын “Хүн хуанли” төрөлд хүрэл медаль хүртсэн, Б.Намуунтуул 17 настай /2013 оны Ой тогтоолтын улсын аварга/ тус тэмцээний ой тогтоолтын “Хөзрийн дараалал” төрөлд I байр, “Тооны марафон” төрөлд I байр, “Хоёртын тоолол” төрөлд I байр, “Нэр, царай” цээжлэх төрөлд II байр, “Харааны ой” төрөлд III байр тус тус эзэлжээ.

Ц.Бат-Эрдэнэ 15 настай /2013 оны Ой тогтоолтын дунд насны ангиллын улсын дэд аварга/ ой тогтоолтын “Харааны ой” төрөлд I байр, “Тооны марафон” төрөлд II байр, “Хоёртын тоолол” төрөлд II байр, “Нэр, царай” цээжлэх төрөлд IV байрт тус тус шалгарсан байна. Г.Тэмүүлэн 12 настай /2013 оны Ой тогтоолтын бага насны ангиллын дэд аварга/. Тэрбээр ой тогтоолтын “Харааны ой” төрөлд II байр, “Тооны марафон” төрөлд III байр, “Хоёртын тоолол” төрөлд III байр, “Нэр, царай” цээжлэх төрөлд VIII байрт тус тус шалгарсан амжилт үзүүлжээ.

Энэхүү тэмцээний хувьд гадны тамирчид насны ангилал хамаарахгүй тул 12 настай Г.Тэмүүлэн насанд хүрэгчидтэй өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн байна.

Х.Хатанбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан: “2013.09.02 - Өнөөдөр бид нутаг буцаж байна. Бидэнд тусалсан Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг болон гэргий П.Бямбасүрэн эгч, Элчингийн зөвлөх Д.Билэгдорж, Атташе Т.Оч найздаа болон Истанбул дахь Өргөмжит Консулын ажилтан Э.Энх-Од найз, яамны ажилтан Д.Нямдаваа та бүхэндээ тамирчдынхаа өмнөөс баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлье! Бидний амжилтанд та бүхний хувь нэмэр их байлаа” хэмээн бичсэн байна.

Дашрамд дуулгахад, Энэ сарын 28-нд эхлэх Хонконгийн Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд тус академийн 10 тамирчин ур чадвар, оюун ухаанаа сорин оролцох юм.

Д.Өлзий

Жич: Улс Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж оюун ухааныг дээдэлдэг уламжлалтай монголчуудын оюуны чадавхийг батлан харуулсан эдгээр залуустаа чин сэтгэлийн баяр хүргэж тэднээрээ бахархаж байгаагаа уламжилж байна. Үүнийг Монголын боловсролын уламжлалт арга зүйн барууны боловсролын арга зүйгээс өндөр стандарттай, өөр зорилготой байсныг (1990-ээд онд Америкт ер нь Баруунд очсон манай хүүхэд залуусын мэдлэг чадвар, боловсролын түвшин илт давуу байсныг санагтун. Харин тэдний эдлэж хэрэглэж байсан бүхэн дан ганцхан боловсролоор нь нөхцөлдөж байсан хэрэг огт биш ээ, энэ орнууд лав 500 жил колоничлооор амьдарч байгаа...), хэдийгээр өнөөдөр уламжлалт сургалтын арга зүй бараг үгүй болсон байгаа ч чухамдаа тэр үеийн боловсролын өндөр стандартын өнөөгийн үлдэгдлийн давуу талыг нэг талаас батлан харуулсан баримт гэж үзэх нь үнэн байдалд нийцэх биз ээ.

Харин өнөөгийн гаднаас бидэнд тулгасан байгаа Болонь-ийн систем, Кембриджийн системүүд бол бидний хойч үеийг оюун ухааны мөнхийн боолчлолд оруулах гэсэн алсын далд зорилготой башир явуулга юм. Иймээс одоо жилээс жилд манайд боловсрол мэдлэгийн чанар, нэр хүнд, үнэлгээ буурсаар байгаа. Мөн хүүхэд залуусаа харийн үзэл суртал, барууны боловсрол гэгчээр чанаж байгаа. Хэрэв цаашид тусгаар улс үндэстэн байхыг хүсч байгаа бол энэ харийн башир явуулгыг нэн даруй таслан зогсоох цаг хэдийнэ болсоон. Тун удахгүй буцаан сэргээхэд маш хэцүү болох тэр цэг үрүүгээ ойртсоор байгаа...

Неоколоничлол - хулхи ардчилал, чөлөөт зах зээл, даяарчлал мэтийн шинэ башир аргуудынх нь урхинд орж колоничлолын нүхэнд унасан аливаа улсын юуны өмнө мэдээлийн орон зайг нь далдуур эзлэн хяналтандаа авч дараа нь шинжлэх ухаан, боловсролын системийг нь элдэвийн хулхи нэртэй төслүүдээр бут ниргэдэг нь харийнхны хэдэн зуун жил бусад ард түмнүүд дээр туршсан стратеги арга мэх нь гэдгийг ойлгож ухаарах, сэрэх цаг хэдийнэ болсоон!

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх