marionet2

Манай улсыг байнгын төвийг сахих статустай болгох нь хэнд ашигтай вэ?

Дэлхий дахинд бүрэн ноёрхлоо тогтоож улс үндэстнүүдийг колоничлохын төлөө олон тооны дайн самууныг зориудаар байнга өдөөн дэгдээж ирсэн Барууны олигарх бүлэглэлүүдийн увайгүй башир үйлдлүүдийг нь хөдөлшгүй баримт нотолгоотойгоор Викиликс сайтаараа дамжуулан хүн төрөлхтөнд илчилсэн Жулиан Ассанжийн хэлсэн нэгэн алдарт үг бий. "Хэрэв дайн самуунуудыг худал хуурамч шалтгаар үүсгэж болдог юм бол энх тайвныг үнэн шударгаас эхлүүлэн тогтоож чадна." ("If wars can be started by lies, peace can be started by truth")

Барууны олигарх бүлэглэлүүд дайн болон терроризмын аюул занал гэгч өөрсдийн зохиосон мэдээллийн зэвсгээр өөрийн орны иргэдийг төдийгүй дэлхийн ард түмнүүдийг байнгын айдаст хүйдэст автуулж тэднээр энэ байдлаа хүлээн зөвшөөрүүлж байгаад өөрсдөө үүсгэн санхүүжүүлж бий болгосон тероризмын эсрэг тэмцэл гэгч ажиллагаандаа бусад улс орнуудыг энхийг сахиулах нэрийдлээр татан оролцуулж байга билээ. Тэд ингэж мэдээллийн тероризмыг өөрсдийн зорилгодоо ашиглан өөрсдийг нь мухар сохроор аялдан дагалдах бүх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд ийм заль мэхэндээ улайрч гаршсан дайнч гүрнүүдийн "дайны бус аргаар" эзлэн авч бүрэн эрхшээл гартаа оруулсан улс орнуудын нэг нь "ардчилсан" Монгол улс юм.

Гэтэл тэдний энэхүү галт зэвсгийн хүчээр бус харин түүхийг нь гүтгэх замаар сэтгэлзүйд нь нөлөөлж буулган авдаг мэдээллийн хүйтэн дайнд ялагдаж сүйдлүүлсэн 21-р зууны ардчилж ядуурч дампуурсан Монгол орон энэ түрэмгийллээс үтэр түргэн чөлөөлөгдөхийг хичээхийн оронд харин "даарин дээрээ давс нэмүүлье ээ" гээд гараа өргөж хэлээ гарган байнгын төвийг сахих статустай болох "шаардлагатай" болоод байгаагийн учир юу сан билээ?

Монгол улс 20-р зууны турш энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталж ирсэн. Манайх шиг жижиг улс орон бусад улсуудыг эзлэн авч колоничлох зорилго хэзээ ч тавихгүй нь, үүний тулд зэвсгийн болон мэдээллийн хэрэглсийн хүчээр далайлгаж бусдад заналхийлж дайн дажин эхлүүлэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Харин тэгвэл байнгын төвийг сахих статустай болсон тохиолдолд дайсан ба манайхтай ижил төстэй улс орнуудадтай ав адилхан тэнцүү харилцах үүрэг(!) хүлээдэг олон улсын жишиг жаяг бий.

Таныг хууран мэхэлж ил далд дээрэмдэн луйвардаж улс Эх орныг тань элдэв худал амлалтаар самарч самруулж ард түмнийг маань ажилгүй амьдралгүй болгож ядууруулж эцэст нь өрөнд унагаж бидэнд дайсагнаж байгааа тал ба бидэнтэй яг адилхан харийнхны тулгасан ийм байгаа зовлон зүдгүүрээсээ салахаар тэмцэж байгаа тал хоёртой ав адилхан тэнцүү харилцах, тэдний хэнийхэн ч талд орохгүй, хэнд нь ч туслахгүй байх ҮҮРЭГ албан ёсоор ХҮЛЭЭНЭ гэдэг нь юу гэсэн үг юм бол оо?!

Энэ бол шудрага ёсноос ухарч, улс Эх орноо харийн түрэмгийллээс чөлөөлөх боломжоос татгалзаж улс орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж байх үүрэгтэй өөрийн байр сууринаасаа түдгэлзэнэ гэсэн үг юм. Энэ бол хоосон үг ярихаас өөр албан ёсоор юу ч хийж чадахгүй болно/болгоно гэсэн үг ээ! Худал амлалтаар бусдыг хүчирхийлж байгаа, бүх юм нь хуйвалдаан хээл хахууль, далд шантаж худал хуурмаг гүтгэлгийн "чөлөөт" мэдээлэл, зусар бялдуучлал дээр тогтож байгаа хорлонтой энэ дэглэм өөрөө ичгүүртэй ялагдлаар төгсөхөд тун ойртоод байгаа энэ цаг үед шүү!

Өнөөгийн энэ харийн дэндүү дээрэнгүй, уран нарийн зальт аргатай булаан эзлэгчдийн эсрэг зөвхөн өөрсдийн улс үндэсний аюулгүй байдал, амин чухал эрх ашгаа хамгаалан хориглолтын горимд шилжсэн байгаа цөөн улс орнуудын аль нь ч өнөөгийн нөхцөлд төвийг сахих аваас өөрөө өөрийнхөө эрх ашгаас урваж дайсанд найр тавин өгч байгаатай агаар нэг явдал болох юм.

Хүйтэн дайны худал хуурмаг мэдээлэл - өнгөрсөн XX зууны түүхийг гүжирдсэн хүйтэн дайны зэвсэгт нь гэнэн итгэж жадлуулан ялагдсан тал болох хуучин социалист системийн орнууд ялсан талдаа өөрсдийн улс орны удирдлага, нэгдмэл байдал, бүтээн байгуулалт, эдийн засгийн суурь бүтэц, үйлдвэрлэл, аж ахуй, эмх цэгц, ёс суртахуун, ер нь хамаг өөдтэй бүхнээ хорлон сүйтгүүлж бүрэн эрхшээлд нь орсон байгаа билээ.

Харийнхан ийм шат дараатай чивэлт бодлого төлөвлөгөөгөө Монгол улсад хэрхэн явуулж ирснийг мөн "атгасан барьцаа яван чангаруулж" байгааг сүүлийн хэдхэн жилд пуужингийн хурдаар өсөх болсон гадаад өр зээл, улстөр-эдийн засгийн бүрэн дампуурал, бүх шатны ялзрал завхрал, ёс суртахууны доройтол, хүн ардын маань ядуурал бидэнд бэлхнээ харуулж байна.

Хүйтэн дайнд ялагчид нь ялагдагчиддаа тулган хэрэгжүүлж байгаа далд колоничлолын бодлого тогтолцоогоор нь хөөрхий ялагдсан бид "хөгжил дэвшлийн манлайд хүрэх" ямар ч шанс логик байхгүй нь өнөөгийн гашуун үнэн юм.

Неолибералч үзэл суртал, хууран мэхлэгч чөлөөт зах зээлийн онол гэгч дээр суурилсан эдийн засаг, банк санхүүгийн систем, гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж нэртэй өрөөр сөхрүүлэн бүрэн эрхшээлдээ оруулах арга ажиллагаа нь Монголын бүх шим шүүс, бүх ашгийг гадагш нь өөр лүүгээ урсган сорсоор байна.

Ийм нөхцөл байдал үүсчихээд улс орон дампуурал сүйрлийн ирмэг дээр ирчихээд байхад манай улсыг байнгын төвийг сахих статустай болгох юм бол “улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бататгана" гэж ярьж ухуулж ятгаж сурталчилж зүтгүүлж байгааг нь харахад энэ бүхэн чухам хэний эрх ашигт чиглэгдээд байгаа нь тодорхой байгаа билээ.

Өнөөгийн энэ сүйрэл мухардалд хүргэсэн, гаднаас тулгасан гадаад "бодлого" гэгч нь 1992 оны ардчилсан Үндсэн хуулиас эхтэй. Мөн одоогоос хорин нэгэн жилийн тэртээ 1994 онд батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэх чухал баримт бичгүүдэд тусгагдсан тунхаглал фактууд нь хөөрхий манай улсыг "ЗХУлсын дагуул орон"-оос "Барууны далд колони орон" болон шилжих зам мөрийг албан ёсны бодлого болгон тунхаглаж тамд унах "замыг нь нэгмөсөн шулуутгасан" юм. Монголын ардчилагчид-неолибералчид барууны эздийнхээ заасан замаар социалист үзэл суртлаас хурдхан ангижрах нөр их хүсэлдээ сохроод түүнээс олон дахин аюултай, жинхэнэ сорон мөлжигч үзэл сурталд найр тавьж үүцээ дэлгэсэн хэрэг байжээ.

Ийнхүү Монгол улс "ардчилал, хүний эрх, эрх чөлөө, олон ургальч үзэл" мэт хоосон уриа лозунг магнайдаа залж харийн неолибералч шашинд дагаар орсон цагаасаа эхлэн уг үзэл суртлаар халхавчилсан гадны колоничлолын бодлогын золиос болсоор байгааг эрх баригчид "сохор дүлий" юм шиг таг мэдэхгүй царайлж байгааг, тэр ч байтугай байдлыг улам дордуулж улс орныг ёроолгүй өрийн ангал уруу түлхэж байгаа өнөөгийн эрх баригч ардчилагчдын хачин жигтэй хөдлөшгүй байр суурь, бодлого үйл ажиллагааг чухам юугаар тайлбарлавал зохилтой вэ?

Ч.Солонго /bolor.info/

 

 

 Энэ талаар санал бодлоо хуваалцая

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх