Сэтгүүл зүйг гав гинжнээс салгах нь романтик мөрөөдөл үү?

Тоймч Г.ОТГОНЖАРГАЛ

Сонгууль болдгоороо болж, ялах нь ялж, унах нь унана, сэтгүүлчид ээ. Энэ бол та биднээс хол хөндий зүйл. Тэдний ялалт тэдний л өмч. Тэдний уналт тэдний л хохирол. Ийм харь холын мэт хөндлөнгийн дүгнэлт хийх нь Монгол Улсын иргэн хүний хувьд хачирхалтай санагдаж мэдэх ч бодит үнэн нь ердөө л энэ. Учир нь, бид бол сэтгүүлчид. Өнгөрсөн 14 хоногийн улс төрийн идэв­хийг түр хазаарлаад “Сэтгүүл зүйг гав гинжнээс салгах нь романтик мөрөөдөл үү” гэсэн сэдэвт анхаарлаа хандуулцгаая.

УИХ-ын ээлжит чуулганаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх учиртай. Та бид тэр өдрүүдэд сонор сэрэмжтэй, бас идэвхтэй байх ёстой. Улстөрчдөд өчүүхэн ч гэсэн сиймхий гаргаж болохгүй. Тэд үүнийг хүсэж байгаа болохоор тэр. Сэтгүүл зүйг гав гинжнээс нь салгаж үл болох тухай тэдний хүсэл та биднийг өнгөрсөн хугацаанд боолчилж ирсэн нь нууц биш.Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлгэ тэмдэг төдийхнөөр батлуулахгүйн төлөө хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Ингэж итгэлтэйгээр бодох зуураа УИХ доторх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эздийн тоог гаргаад хартал зүрх зүсэгдэх шиг мэдрэмж төрөх нь бий.

УИХ дахь эздийн тоо 15-д хүрч байна. Магадгүй би зарим нэгнийг нь мартаж тоолсон байж ч мэднэ. Үүнээс ч их байхыг үгүйсгэх аргагүй. Энэ 15-д гишүүний тус бүрийнх нь ард багадаа нэг өдөр тутмын сонин, нэг сайт бий. Хувьдаа хоёр өдөр тутмын сонинтой, телевизтэй, сайттай гишүүн ч бий. Бүр томоор нь харвал хоёр телевизтэй нь ч байгаа. Энэ бол гайхалтай хүч. Жинхэнэ утгаараа эзлэн түрэмгийлэл. Тэд зөвхөн сэтгүүлч та биднийг төдийгүй монголчуудын уураг тархийг бүхэлд нь эзлэн түрэмгийлж, тархи угаах эрхийг хууль ёсоор авчихаад байна. Ийм хүмүүс, ийм эзэд Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг жинхэнэ утгаар нь баталж чадах уу. Тэдний зүрх зориг, итгэл үнэмшил хүрэх үү. Тэд өөрсдийнхөө эрх ашгийг ялан дийлж чадах болов уу.

Би хувьдаа эргэлзэж байна. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр хаагдсан байгаа. Маргааш санал хураалт болно. Энэ хоёр өдөр эзэд “Эрх мэдлийнхээ хөшүүргийг хаалгачихгүйн тулд битгий улстөрж” гэж үүрэгдсэн байгаа нь дамжиггүй. Харин маргааш санал хураалт болно. Нөгөөдөр хэвлэлүүд эздийнхээ даалгаврыг гүйцэтгэж ирнэ. Улстөрчдийн хувьчилж авсан намын төлөө “Улстөрчдөд худалдагдсан” гэж хараалган барин сэтгүүлчид даалгавар биелүүлнэ. Өнгөрсөн өдрүүдийг хар л даа. Ардын нам, Ардчилсан нам гэсэн хоёр эрх ашигт хуваагдаж, хэр хэмжээний захиалга биелүүлэв. Орон нутгийн сонгуульд онцгой ач холбогдол өгөх ёстой аман даалгаврыг ямар үнэнчээр хийж гүйцэтгэв? Бид бүгдээрээ л харж байгаа. Ард олон ч харж байгаа. Гол нь сэтгүүлчид бид ичихээ байчихаж. Үзэгчид ч тоохоо больж. “Өө, энэ түүний телевиз юм гэсэндээ аргагүй ээ” гэсэн үг элбэг унагах үзэгч захаас аван таарч байна. “Өө, яах вэ. Хий гэснийг нь хийгээд, хэл гэснийг нь хэлээд л явж байна шүү дээ” гэх сэтгүүлч ч дутахгүй олон дайралдах болж. Энэ бол үнэн нөхцөл байдал. Нуугаад, хаагаад, нууцлаад байх юм алга. Сэтгүүл зүй яг үнэндээ ийм л байна.

Яг ийм үед Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх учраас та бид ямааны мах халуун дээрээ гэдгийн адилаар санаа бодлоо нэгтгэх хэрэгтэй мэт санагдана. “Редакцийн хараат бус байдлыг хангахын тулд эзэн нэг сэтгүүлч бүртэй хараат бус байдлын гэрээ байгуулна. Энэ нь Хөдөлмөрийн гэрээнээс тустай байх ёстой” гэсэн заалтаа яаж тайлбарлаж байгаа юм. Тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэн “Би УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Чи миний төлөө ажиллах ёстой” гэсэн үг үү. Эс бол “Чи миний өрсөлдөгчийн хар пиарыг хий” гэдэг үүрэг даалгавар өгвөл хуулиар хариуцлага хүлээх үү. Наад зах нь дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сэтгүүлчид бид ингэж асуух хэрэгтэй байна. За тэгээд тухайн эзний үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нь хэнд байх ёстой юм бэ. Үүнийг ч бас асуух ёстой. Хараат бус байдлын гэрээгээ зөрчиж, өөрийнхөө эрх ашигт үйлчлүүлэх гэснийхээ төлөө эзэн хүлээх ёстой юу. Эсвэл ажил олгогчийн хүсэл сонирхлоор ажлаагүйнхээ төлөө сэтгүүлч хохирох уу. Ийм үндэслэлээр ажлаас халагдлаа гэхэд гэнэт халагдсаны мөнгө авах боломжтой юу. Энэ бол та бидний өөрсдийнхөө төлөө асуух асуулт. Өнөөдрийг хүртэл сэтгүүлчид бусдаас асуулт асууж, түүндээ хариулт эрж явдаг хэрнээ дээрх асуултыг хэзээ ч тавьж байгаагүй юм. Үүргээ сайтар мэддэг хэрнээ эрхээ мартаж орхидог сэтгүүлчдийн алдаа нь өөрөө та биднийг тодорхой бус хууль эрх зүйн орчинд ажиллаж, амьдрахад хүргэж буй. Тиймээс бид дээрх асуултаас эхлээд илүү ихийг өөрсдийнхөө төлөө, сэтгүүл зүйн салбарын ирээдүйн төлөө асуух хэрэгтэй байна.

Дараагийн асуулт. Дараагийн эргэлзээ. Эздийн эсрэг сэтгүүлчдийн нэгдэл байж болох уу. Байлаа гэхэд хуулиар хэрхэн зохицуулах юм. Одоогийн байдлаар редакци бүр дээр үйлдвэрчний эвлэлийн салбар хороо байгуулах хэрэгтэй гэсэн санал яригдаж байгаа. Үүнийг хуульчлаагүй тохиолдолд бүтнэ гэдэг бэрх. Дээр нь Хэвлэлийн зөвлөл байгуулах замаар сэтгүүлчдийг өмгөөлөх, бас шийтгэх асуудлыг ажил хэрэг болгох тухай санаачилга бий. Тэгвэл би хувьдаа гэхэд хардаж байна. Тэр Хэвлэлийн зөвлөл хэний эрх ашгийг хамгаалах вэ гэдэгт. Өнөөдөр Монголд сэтгүүл зүйн чиглэлээр чамгүй олон холбоод бий. Тэнд хэн байдаг вэ гэхээр эзэд л байдаг. Жирийн нэг сэтгүүлчид тэр холбоодын Удирдах зөвлөлд орж, шийдвэр гаргах эрхтэй болно гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Эс бол удирдлагын ойрын сэтгүүлч орох боломжтой. Асуудлыг арай нааштайгаар харвал шүү дээ. Ийм нөхцөлд хуулиас наагуур Хэвлэлийн зөвлөлөөр тухайн сэтгүүлчтэй холбоотой маргааныг авч хэлэлцэнэ гэдэг үнэнээс арай л хол мэт.

Эндээс улбаалаад сэтгүүлчдийн нийгмийн хийгээд эрүүл мэндийн асуудлыг тусад нь сэдэв болгож бичих хэрэгцээ зайлшгүй бий гэдгийг анхааруулмаар байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүйтэйгээ зэрэгцээд сэтгэл хангалуун амьдрах боломжгүйдээ гутрах манай салбарынхан дэндүү олон. Энэ хэрээр гэр бүл салалт ч асар их. Эзэд хийгээд удирдлагуудад энэ талаар тусгай үүрэг өгч, “Салбарынхаа гэр бүл салалтыг бууруул” гэж захиргаадах нь хэтэрхий бүдүүлэг хэрэг гэдэг нь ойлгомжтой. Иймд дараагийн удаад энэ сэдвээр гарцыг нь хамтдаа эрэлхийлж, тодорхой хариулт олох замаар ярилцах нь илүү оновчтой биз. Ямартай ч Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед та бид сэтгүүл зүйг гав гинжнээс салгах нь романтик мөрөөдөл биш эсэхийг сайтар асууж, тодруулж, ул мухарт нь хүртэл тандаж мэдмээр байна. Яагаад гэхээр эзэд нь УИХ-ын гишүүн болоод, эрх мэдлээ зузаатгаад байхад эрхлэн гаргагчид нь бахь байдгаараа эрх чөлөө гэдгийг мартсан шигээ аясыг нь харж мөлхөөд байж болохгүй шүү дээ.

ЖИЧ: Эрүүгийн тухай хуулиар шийтгэдэг гэж тогтолцоог өөрчлөх магадлал Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд өндөр байгаа учраас тэр талаар хөндөхийг түр азнав.


 

Чөлөөт сэтгүүл зүй гэгч зүйл мөнгө хүүлдэг, мөнгөний ашиг хонжоог шүтдэг өнөөгийн энэ дэглэмийг элдэв башир үгээр халхавчлан тулгасан байгаа нийгмийн нөхцөлд байх боломжгүй, урьд нь ч байгаагүй, одоо ч байхгүй, цаашид ч байх боломжгүй юм. Учир нь ийм байсансан бол одоогийнх шиг ийм хоёр нүүртэй дэглэм ядуу зүдүү аж байдал газар сайгүй тогтохгүй байсан, ийм болохоор огт боломжгүй ээ !?

Харин "байж болно, байдаг" гэж муйхарлан зүтгэж байгаа этгээд нэг бол санагдаж байгаагаараа бурдаг усан тэнэг эсвэл хоёр нүүртэй зальт этгээд юм.

"Чөлөөт" хэвлэл мэдээлэл гэдгийн цаад мөн чанар бол хувь хэдхэн этгээдүүдийн улс нийгмийн эрх ашгаас урвасан, шударга үнэнийг нулимсан анархи эрх чөлөөтэй байдал, харийн суртлаар нийгмийн тархийг угааж боолчлох зэвсэг юм !!!

"Бурханы авралаар бидэнд одоо гурван үнэт зүйлс байгаа: нэгдүгээрт үгээ хэлэх эрх чөлөө, хоёрдугаарт, шүтэн бишрэх эрх чөлөө гэгч бий. Гэвч энэ хоёрын аль алинийг нь хэзээ ч хэрэглэхгүй байх эрүүл саруул ухаан бас бидэнд байгаа гэж найдаж байна"

Марк Твен

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх